Хурим найрын улирал эхэлж буйтай холбоотой сүйт бүсгүйчүүддээ зориулан санаа өгөх үүднээс алдартнуудын хурим дээрээ өмсөж олныг шуугиулж байсан түүхэн бичигдэм хуримын даашинзуудыг толилуулж байна.
Хурим гэхээр зөвхөн цагаан өнгийн гоёлын даашинз л төсөөлөгддөг. Энэ ойлголтыг эвдэж, олныг багагүй шуугиулаад авсан алдартнуудын хувцаслалттай танилцацгаая.
Элизабет Тейлор
18 насандаа анхны нөхөртэйгөө хуримаа хийхдээ Хелен Рөүзийн зохион бүтээсэн торгомсог материалтай урт даашинзаар гоёжээ.
Хоёр дахь хурим дээрээ даашинзын оронд пиджак өмсөж олныг шуугиулсан. Гурав дахь хурим дээрээ толгойгоо алчуураар ороосон нь бас л загварын торгон мэдрэмж байв. Сүүлийн хурим дээрээ шар өнгийн даашинз өмсөж бас л хуримын хувцаслалтын дүрэм зөрчжээ.
Грейс Кели
Түүний хуримын даашинзыг түүхэн дэх хамгийн гоёмсог, загварлаг даашинз хэмээн нэрийдэхэд нэг их буруудахгүй. Торон материалтай дэрвэгэр даашинз өнөөг хүртэл моодноос гараагүй.
Брижит Бардо
Брижитийн хуримын зургууд бүх сонины тэргүүн нүүрэн дээр гарч байв. Тэрбээр Жак Чэриэртэй хуримлахдаа энгийн атлаа гоёмсог даавуун даашинз өмссөн нь олны нүдийг хужирласан юм.
Лиза Миннели
1967 онд хуримласан Лиза Миннели даашинзын оронд торон цамц, урт юбка өмссөн нь түүнийг загварын тал дээр урсгал дагаж сэлдэг хүн биш гэдгийг харуулсан хэрэг болсон юм.
Одри Хепбөрн
Одригийн хуримын маргааш хүн бүрийн ярианы гол сэдэв түүний ягаан өнгийн минимал даашинз болов. 1969 онд Италийн сэтгэл зүйч Андреа Дотитой хуримлахдаа Одри ягаан өнгийн богино даашинзаар гоёж, толгойдоо алчуур ороосон байлаа. 1970 он гэхэд хуримлаж буй бүсгүй бүр янз бүрийн шохойн өнгөтэй богино даашинзаар ижилсэх болжээ.
Мариа Кери
Дуучны 4 жилийн настай гэрлэлтдээ зориулж өмссөн урт хормойтой даашинз нь түүхэнд бичигдэхийн аргагүй үзэсгэлэнтэй ба загварлаг. Тэрбээр нөхрөөсөө салсныхаа дараа 25,000 ам.долларын үнэтэй хуримын даашинзаа худалдах, эсвэл музейд хандивлахыг хүсээгүй бололтой, нэгэн дууны клипнийхээ үеэр галдан шатаасан юм.
Селин Дион
26 жилийн өмнө хуримлахдаа өмссөн дуучны даашинз өнөө хэр нь алдартай дизайнеруудын гол сэдэв хэвээрээ. Алдартнуудын хуримын түүхэн дэхь хамгийн үзэсгэлэнтэй даашинз ч гэж нэрлэгддэг уг даашинз 2000 сваровски шигтгээтэй толгойн гоёлын хамт тун гайхалтай харагддаг.
Кейт Мосс
Сүүн шаргал өнгөтэй даашинзаа жинхэнэ байгалийн хирс чулуугаар чимэглэсэн загвар өмсөгч Кейт Мосс хуримынхаа өдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Миранда Керр
Гэрлэх санал авснаасаа хойш хуримын даашинзынхаа тухай мөрөөдөж, өдрийн бодол шөнийн зүүд болсон гэгдэх загвар өмсөгч Миранда Керр энгийн атлаа сэтгэгдэл төрүүлэхүйц даашинзаар гоёсон.
Меган Маркл
Эрхэмсэг, энгийн даруу атлаа дэгжин даашинзаар гоёсон Меган Марклын хуримын тухай амтай болгон шагшин магтсан гэхэд хилсдэхгүй.
Эх сурвалж: ЗӨВ.МН