Маамуутай болохоосоо өмнө чи Ням гариг болгон ууланд авирдаг, шинэ гарсан киног алгасахгүй үздэг байсан л байх. Гэхдээ гэртээ суудаг боллоо гээд чиний өмнөх хобби хязгаарлагдаагүй, харин ч цаг заваа ашиглан шинэ хоббитой болох олон өөр боломжууд нээгдэж байгаа.
“Нялх хүүхдийн хажуугаар юун шинэ хобби вэ?” гээд шууд татгалзахаасаа өмнө заавал нэг уншаарай. Хүүхдээ анх төрсөн цагаас эхлэн дуртай зүйлдээ өдөрт 10 минут ч болов гаргаад сурчихвал өөрийгөө орхигдуулсаар ирсэн юм шиг мэдрэмж ирээдүйд огт төрөхгүй. Ядаж Гоолингоо өдрөөрөө ч болов шинэ хоббигоо хөгжүүлэхэд л хангалттай. Жишээ нь:
1. Оёх, нэхэх, гар урлал хийх
Бяцхан охиндоо зөөлөн даавуугаар хялбархан аргаар гар цүнх урласан ч болох юм. Эхний ээлжинд оймс нэхэх, цайны суурь хийх зэрэг жижигхэн хялбархан зүйлээс эхлэхэд л гарын ур чинь яваандаа бага багаар сайжирсаар байх болно. Юм нэхэхэд “донтсон” эмэгтэйчүүд хүртэл байдаг юм шүү.
2. Амттан болон хоол шинээр хийж сурах
Үнэгчлэн унтах үрсээ зүүд нойрны орноор аялж байх зуур бяслагтай бялуу, өндгөөр хийж болох өглөөний цайны жорнуудыг туршиж үзээрэй.
3. Queenie Liao шиг зурагчин болох
wengenninwonderland.com-ын эзэн, 3 хүүхдийн ээж Queenie Liao-г мэдэх үү? Тэр өдөр бүр бага хүүхдийнхээ унтах цагийг тэсэн ядан хүлээж байгаад, гүн нойрондоо умбах хооронд нь хүүгийнхээ зүүдний адал явдлыг унтаж байгаа байрлалаар нь зохиомжилж зургийг нь авдаг. Чи ч бас яг түүн шиг, элдэвтэй бяцхан үрийнхээ зүүдийг таадаг зурагчин болох боломжтой. Үгүй бол хүүхдийнхээ идэж буй, инээж буй, анх алхаж буй гэх мэт чухал цаг мөч бүхнийг хальсанд буулгаж зургийн цомог бэлдээрэй. Үүнийг үргэлжид хамтдаа байдаг ээжээс илүү сайн хийх хүн бий гэж үү. Харин цомгоо хүүхдээ 18 нас хүрэхэд төрсөн өдрийн бэлэг болгож өгөхөө мартуузай.
4. Блог хөтлөх
Дэлхий дээрх алдартай блогуудын 60 хувийг эмэгтэйчүүд хөтөлдөг бөгөөд тэдний 50 хувь нь гэртээ суудаг ээж нарынх байдаг юм шүү. Өөрийн сайн хийдэг зүйлс, ээж хүний зүгээс өгөх зөвлөгөө, хүүхэд болон өөртөө өнөөдөр тохиолдсон хөгжилтэй зүйл, загвар гоо сайхан гэх мэт хамгийн сонирхолтой зүйлсээрээ блог хөтөлж болно. Жирэмсний үеийн зөв хувцаслалтаас ч эхэлсэн болно шүү дээ. Жишээ нь: http://www.jollymom.com/
5. Хүүхдийнхээ түүхийг бичих
Анхны эхо зургаас нь эхлээд анхны алхам, анхны үг, анхны шүд гээд бүгдийг нь бичээд боломжтой бол зургаар баталгаажуулаарай. Орой бүр хөтлөх учраас том хэмжээтэй, чанартай дэвтэр сонгосон нь дээр.
6. Шинэ хэл сурах
Нэг найз бүсгүй минь жирэмсний амралт авсан цагаас эхлээд ажилдаа буцаад орох хүртлээ бие даан Итали хэл судалсан юм. Хичээж сурж байгаа эхнэрээ урамшуулмаар санагдсан уу гэмээр нөхөр нь хүүгээ ой хүрсэн өдөр эхнэртээ гэр бүлээрээ Итали руу 7 хоног аялах болсон тухай мэдээг дуулгаж байлаа. Чи ч гэсэн хүссэн хэлээ яг одооноос эхлэн сайжруулах, сурах боломжтой. Зүгээр л цааргалангуй хандлагаа үгүй хийчих.
7. Кино марафон
Үзье гэсэн ч амжаагүй, амжих байсан ч тухайн үедээ залхуураад орхисон, хүмүүсийн дунд маш их яригддаг, бүр өмнө нь олон удаа үзчихсэн ч бай хамаагүй кинонуудыг цуглуулаад үзээрэй. Ажил хийдэг байхдаа чи “Арай их завтайсан бол…” гээд дандаа л санаа алддаг байсан шүү дээ. Ээжийн ажил үүргийг бага гэж чамласан юм биш л дээ, гэхдээ ямар ч байсан үрээ унтсан хойно өдөрт 1 гоё кино үзэх боломж гарч л таараа.
8. Саван хийх
Жаахан сонин бас ажиллагаатай сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ саван хийх нь маш хөгжилтэй, бас дараа нь хэрэглэхэд урамтай байдаг. Бас ямар нэг тэмдэглэлт өдөр болоход бүх хүнд таалагдах хайрцаг дүүрэн бэлэг үргэлж гарын дор байх болно. Тайвшруулах үйлчилгээтэй, өөрийнхөө дуртай цэцгийн үнэрийг шингээсэн, хүүхдүүдийн сонирхлыг татах тоглоомон хэлбэртэй гээд төрөл төрлийн саванг хийж, бүр туршлагажаад ирэхээрээ түүнийгээ худалдаалаарай.
9. Pinterest-ийг утгаар нь ашигла
“Pinterest-дэх” гэдэг бүхэл бүтэн хобби бий болсон гэвэл итгэх үү? Pinterest-ийн самбаруудаа тогтмол бөгөөд зорилготойгоор хөгжүүлж, түүнээс сурч авсан зүйлээ хэрэгжүүлээрэй. Pinterest.com-д идэвхтэй байвал эрүүл хооллолт, хувцас загвар, гар урлал гээд бараг бүх төрлийн хоббины холимогийг хэрэгжүүлж байгаагаас өөрцгүй.