Ганц бие байхын жаргал
Ажлын газрын маань хүүхнүүд орой болохоор гэр лүүгээ яарч хайртай ханийхаа хоолыг нь хийж өгөх гэж яарах нь миний гайхшралыг төрүүлдэг юм. Ганцаараа байх шиг жаргал хаана байнаа. Би ажлаа тараад кафед суун юм бодонгоо аяга кофе уугаад гэртээ харьж, зөөлөн буйдан дээрээ тухлан дуртай номоо унших нь үнэхээр тааламжтай.
Үгүй ер нь шөнөжин хажууд нь хурхирсан нөхөртөө өглөөний цайг нь бэлдэх гэж нойрмоглохгүй. Өөрийнхөө хүссэн цагт босч шүршүүрт орчихоод нүүр амаа тухтайхан янзлаад гэрээс гарахад амар шүү дээ. Би ганц биеийн жаргал, ганцаар амьдрахын эрх чөлөөг бусдад тунхагладаг тийм л нэгэн сайхан бүсгүй…
Би өөртөө итгэлтэй. Надад эрчүүдийн харцыг булаах нарийнхан бэлхүүс, хөгжилтэй хүрэн нүд, хатуу чанга хөх, өтгөн хар үс гээд бүгд бий.
Гэр бүлтэй хүнд хайраа өгөхийн зовлон
Миний ганц биеийн жаргал нэг л өдөр үгүй болсон юм. Би гадагшаа томилолтоор явж байгаад онгоцонд зэргэлдээ суудалд суусан нэгэн залуутай танилцсан билээ. Гадаад байдал зан харилцаа гээд бүх зүйл нь надад үнэхээр таалагдсан. Түүнтэй дотносож томилолтын хэдхэн хоногт эхнэр нөхөр шиг л сайхан байлаа. Энэ л үед ганцаараа амьдрах нь хамгийн утгагүй зүйл юм байна гэдгийг мэдэрсэн. Гэвч монголд ирсэнээс хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Би зүгээр л нэг нууц амраг болон хувирсан. Түүнийг Билгээ гээд нэрлэчихье. Билгээд миний үйл хөдлөл, олны дунд биеэ авч яваа байдал, хоол хийж байгаа үе, амралтын газар, зочид буудал, орондоо дотроо тэр бүү хэл тоосоо соруулж байгаа минь хүртэл таалагддаг гэсэн. Гэхдээ л тэр “Хоносон хоол”/өөрийнх нь хэлсэнээр/ шиг эхнэрээсээ салж чадахгүй байгаа. Гэхдээ Билгээ цаг тутамд над руу залгаж, хайртайгаа сануулдаг.
Гэртээ амарч байхдаа хүртэл тамхинд гараад ирье гэж хэлээд дэлгүүрийн утсаар ярьдаг байв. Уулзах бүртээ цэцгийн баглаа бэлэглэж, маш их санаснаа нуудаггүй, бас ч үгүй намайг халамж хайраар дутаадаггүй. Ингэж өдөр хоног өнгөрч би түүнийг хүлээж нэг л өдөр эхнэрээсээ салаад ирнэ гэдэгт итгэлтэй байсан. Гэвч цаг хугацаа явсаар бүх баярыг би ганцаараа тэмдэглэдэг болж, айлд зочлохоос ч татгалзаж, ханхайсан гэртээ ганцаар үлддэг болсон. Урьдын өөрийгөө анхаарч гоё сайхан явах ч ховордсон юм.
Эргэн тойрны хүмүүс нь “улаан гэрэл” асчихсан гэж сануулна.
Насаараа ганцаараа явсаар хөгширлөө гэж ээж надад анхааруулдаг боллоо
Дахиад хоёр жил өнгөрвөл хэн ч тоохоо болино гэж аав бас сануулна
Гэвч би энэ үед ганцхан Билгээд л хайртай гэж дотроо итгэлтэй хариулна
Ганцхан чамтайгаа л насан туршдаа хамтдаа баймаар байна гэж уулзсан үедээ учирлана
Унтаж хэвтэхдээ ч түүний чихэнд шивэгнэнэ
Харин Билгээ миний уруулыг янагхан үнсээд чимээгүй болдог
Үнэндээ тэр юу хэлэх вэ дээ…
Шинэ болзоо
Аз болоход би дүүгийнхээ хуриман дээр аятайхан, үеийн нэгэн залуутай танилцаж, дарс шимцгээн, сарны гэрэлд зугаалан, гар утасныхаа дугаарыг хүртэл солилцсон юм. Хэд хэдэн удаа уулзалдсаны дараагаас би “хорвоо дээр Билгээгээс өөр хүн байхгүй” юм шиг бодож явахаа болихоор шийдсэн.
Ингээд ар араасаа хөвөрсөн гайхалтай болзоонууд үргэлжлэв. Болзоонд явах аятайхан санагдаж, тэр тусмаа эргэн тойрноо үргэлж ажигладаггүй, цаг руугаа үе үе хяламхийдэггүй, гэнэт эхнэр нь залгахад “хиймэл” хоолойгоор худлаа ярихгүй тийм залуутай уулзах урамтай сайхан байлаа.
Харин Билгээ урьдын адил уулзахдаа цэцэгтэй ирж, цагаан утаснаас ярьж, ямархуу байгааг минь нь асуусаар л… Гэхдээ мэдээж энэ байдал удаан үргэлжлээгүй.
Баяртай гэж хэлж чадсан түүнд баяр хүргэе
Нэг удаа намайг гэрийн ойролцоо кафед шинэхэн хайртайгаа дотно яриа өрнүүлэн сууж байтал Билгээ ороод ирсэн юм. Тэр үед Билгээ намайг “өдөр шөнөгүй ярихыг нь тэвчээртэй хүлээдэг өнөөх нь өөрт нь хайртай, үнэнч бүсгүй” биш болсныг мэдэрсэн байхаа. Тэр гайхаж цочирдсондоо буцаад гараад явсан.
Маргааш нь Билгээтэй уулзахаар болзлоо. Билгээ тансаг ресторанд томоос том цэцгийн баглаатай намайг угтлаа. Дарс шимэн, амттай хоол идэнгээ ярилцаж суусан Билгээ “Хайрт минь, чи бид хоёр салсан нь дээр юм шиг байна. Энэ явдал дэндүү их удлаа. Дээр нь би чиний гэр бүлтэй болох алтан цагийг чинь үрж байна” гэж хэлсэн юм.
Бурхан минь, ашгүй дээ. Энэ үгийг өөрөөр нь хэлүүлдэг нь сайн юм боллоо гэж бодлоо. “Мэдээж, аль эрт ингэсэн нь дээр байсан юм” гэж хэлээд босохдоо би баглаа сарнайгаа ширээн дээр нь орхиод гарсан юм.
Тэр явдлаас хойш хоёр жил өнгөрчээ. Одоо би ганцаардлын тойргоос гарсан аз жаргалтай эмэгтэй болсон. Надад нөхөр бас хөөрхөн хүү байгаа. Харин нөхөрөө ганцаардлын тойргийн түр зуурын зочин болгохгүйн тулд би “ХОНОСОН ХООЛ” шиг болохгүйн тулд хичээж байгаа.
Сэтгэл зүйчийн зөвлөгөө
Эхнэртэй эрийг хайрлана гэдэг нь ямар ч найдлагагүй хэрэг. Яагаад гэвэл, ихэнх тохиолдолд хоёр эмэгтэйд санаархагч, хүчтэй хүйсийн төлөөлөгчид ямар ч асуудлыг шийдэж чаддаггүй. Нэг бол хий хоосон санаархана, эсвэл зүгээр л хоёр эмэгтэйгээр хайрлуулж, янаглахыг хүсдэг. Тэдэнд яг л юуг ч өөрчлөхгүй яг энэ янзаараа байх муугүй санагддаг аж.
Амьдрах баталгаа байна уу?
Хэрвээ хайртай залуу чинь өөрийн эхнэрээсээ уйдаж залхаад салахаар шийдсэн бол цаашдын амьдралаа баталгаатай гэж бодож байна уу? Хэрвээ эмэгтэй та хүн чанартай бол, айл гэрийг бусниулсандаа өөрийгөө зэмлэхгүй байж чадах уу? Сайн бодож үзээрэй.
Энэ хайр чинь үнэхээр жинхэнэ хайр бол, та амьдралынхаа замд таарах бүх гай барцад, зовлон бэрхшээлийг давж, хамтын амьдралын аз жаргалд хүрч магадгүй л юм. Гэхдээ ямар ч байсан нэг сайн эргэцүүлээрэй!