Монголын ард түмэн олон зууныг өртөөлсөн үндэсний соёлын гайхамшигт өв сан бүрдүүлсний дотор ном судрыг эрдмийн дээд эрдэнэ хэмээн сүслэн бүтээж, үнэт эдээр баринтаглан өргөө гэрийнхээ хойморт залж, үр удмаараа гэгээрч боловсрон, дээдлэн хадгалж ирсэн эрхэм уламжлалтай билээ.
Монголын нууц товчоо бол Монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг юм.
Иймээс бичиг соёлын түүхэн дурсгал болох Монголын нууц товчоогоор Бичиг соёл төвийн уран бүтээлчид сүүлийн хоёр жилийн хугацаанд Тамгат, Их Монгол, Түүхэн цаг, Хүлэг баатарууд, Шүтээн, Тэнгэрийн Хас нэрт монголын нууц товчоог бүхэлд нь багтаасан зургаан бүтээл туурвиснаа энэ сарын 18-нд түмэн олондоо дэлгэхээр зэхэж байна.
Монголын уран зургийн галерейд тавигдах бүтээл тус бүр өөрийн онцлогтой 5-6мм зайнд, монгол бичгийн хичээнгүй тигээр 140*360см хэмжээтэй 4 бүтээл, 140*480см хэмжээтэй бөгөөд өмнө нь монголын нууц товчооны ийм хэмжээний бүтээлийн үзэсгэлэн гарч байгаагүй юм байна.