Дуучин эгч дүүс болох Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар “Ижий эх орон” тоглолтоо олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тоглох гэж байна.
Энэ нь тэдний гурав дахь бие даасан тоглолт юм. Тоглолтод бүх цэргийн жааз хөгжмийн бүрэлдэхүүн, МУГЖ Г.Батбаяр, “Гурван бүдүүн” хамтлаг, залуу дуучин Алтанхүү, морин хуурч МУСТА М.Алтанбат нарын уран бүтээлчид оролцох аж.
Анх “Учиртай гурван толгой” дуурийг хамтран тавьж, олны талархлыг хүлээж байсан эгч дүүс маань уран бүтээлээ мэргэжлийн өндөр түвшинд олон нийтэд хүргэдгээрээ онцлогтой. Энэ удаагийнхаа тоглолтыг ертөнцийн сайхан ээж нар, эмэгтэйчүүддээ зориулж тоглох гэж байгаадаа сэтгэл тун өндөртэй байгаагаа хэлж байлаа.
Дашрамд хэлэхэд эгч, дүү Хишгээ нар сар шинийн өмнө Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.
Г.Хишигсүрэн
/Нийгмийн толь/