Г.Ням-Очир
Заримдаа хаана амьдарч байгаагаа мэдэхээ байдгийг эс тооцвол могой жилийн хавар дажгүй өрнөж байна. Ер нь л уйдах зав алга гэж хэлж болно доо. ”Монгол бренд” гээч юм хайж хэдэн өдөр хөл хөсөөн боллоо. Ёстой ”Береежнэв даргыг ирэхэд нь ч буудаад, явахад нь ч буудаад оноогүйд гайхдаг” эмээ шиг юу ч олсонгүй л тарцгаалаа. Энэ хаврын монголын төдийгүй дэлхийн оюуны бренд болж байгаа зүйл бол Эзэн Чингис хааны хааны булш онгоныг олж тогтоосон Алберт Лин-ий мэдэгдэл баймаар… хэдхэн жилийн өмнө японууд Бурхан Халдунд байгаа энэ булш бунханы тухай ярьж, ирээдүйд дэлхийн аялал жуулчлалын бренд ”Чингис хааны онгон” болох тул Хэнтий, УБ, Хар хоринд олон улсын онгоцны буудал бариад, өдөрт нь багтаагаад, монголоор аялах хөтөлбөр зохиоход, аравын нилээн хэдэн зэрэгт тоонд багтах мөнгө олох боломжыг санал болгож байсан. Тэд мартаагүй.
Одоо ч Хөшигтийн хөндийд барьж буй онгоцны буудал зөвхөн эхлэл нь. Америкууд олж тогтоолоо. Ухлаа… музей болголоо.Үзлээ… Хэнтийгээс хөөрлөө. УБ-т буулаа. Женко Баттулгын Майдарыг үзлээ. Хар Хоринд буулаа… ингээд л яваад өгнө. Энэ бол жинхэнэ бренд. Муугүй төсөл. Түүний дараахи ач холбогдлоороо Майдарын төсөл ч эзлэх прогноз байна. Яах аргагүй сайн төсөл. Нэг ийм сийрэгхэн толгой байгаа нь яамай. Майдар бол супер. Юун Оюутолгой. Оюутолгойгоос дундажаар тав дахин их мөнгө олох боломж шүү. Ийм чухал зүйлийн тухай Ерөнхийлөгч нь ч, Соёлын сайд нь ч, ШУ-ны сайд нь ч ганхийсэнгүй. Сонин юм шүү. Бид ийм тэнэг, япончууд тийм ухаантай юм болов уу? гэвэл боогоод үхчих байх л даа. Цагийн хүрд л буруу тийшээгээ эргээд байгаа байх. Бурууг нь тйиш нь тохъё. Ер нь Монголд хамаагүй бөгөөд Монголын газар нутаг дээр байгаа бренд болж таарч байх шиг байна.
Х Богд гэж гоё ”бренд” байна. Түүнийг Монголд монгол хүн болж төрсөн тухай барим тавим ярих боллоо. Үнэхээр төрөөд, өөрсдөө тодруулаад авбал төрийн нуруу бас ихээхэн түвширнэ. Гари Брайсан-ы ”Шинжлэх ухааны товч түүх” бол мухар сүсэгт хэт автаж байгаа бидэнд үнэнээсээ гэгээрэх боломж. Энэ номыг уншсанаар ”Дэлхий яст мэлхийний нуруун дээр тогтдог. Надаас хойш Монголд нар мандах нь хамаагүй” гэж боддог академичидтай ном хаялцаад нам авч болох боломжыг 35 үсэгт тайлагдсан монгол хүн бүхэнд олгов. Үнэн тасархай бренд. Яваандаа номын box office-т нилээн удаан дээгүүр давхина. Үнэ нь ч боломжийн…
Дэлхийн Төвд судлалын их хурал 7 сард Монголд болно. Үүнд зориулж Монголын Төвд судлалын холбоог СТӨ-ий 3 давхарт байгууллаа. БНХАУ-ын элчин сайдын яамны нөхдүүд орж ирээд, ”Манай цагаач, дүрвэгч нэг л төвдөд энэ хуралд орох виз өгсөн байвал, өөрийн улсаас оролцох 58 хүнээ оруулахгүй, танай улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авна” гэж айлгах нь тэр. Уучлаарай. Энэ бол ямар нэгэн улс төрийн зорилгогүй. Цэвэр шинжлэх ухааны ажил. Монголчууд бид нилээн хэдэн зуун жил төвд хэл дээр зохиол бүтээлээ бичсэн юм. Төвд хэл бол дорно дахины шинжлэх ухааны хэл. Яг өрнө дахинд латин хэл ямар үүрэгтэй байдаг шиг… гэж хэлээд ч ойлгох нь юу л бол. Кембриджийн их сургууль, ШУА, МУИС хамтарч хийж байгаа энэ удаагийн 100 орны 400 орчим төвд, монголыг судалдаг эрдэмтэд, мянга орчим сонирхогчид цуглах энэ их хурал ямар нэгэн саад барчадгүй амжилттай болох болтугай гэж ерөөе. Энэ хуралтай холбоотой хурлын ивээн тэтгэх, санхүүжүүлэх ажилд урд хөрштэй ямар нэгэн холбоотой компаниуд ихээхэн болгоомжтой хандаж байгаагаас үзвэл энэ яах аргагүй ”бренд”. Нэрнийхээ өмнө mr. dr. prof, president гэж бичихийн оронд ”хурга”, ”ишиг”, ”гөлөг” гэх мэт цол хэргэм тавибал зохилтой. Тийм л биш бол энэ үнэхээр бренд.
Одоо зүгээр хятадын хуучны эдлэл цуглуулагч сонирхогчдын хар захын үнэ ханшны мэдээнээс толилуулъя. Өнгөрсөн жил төвд үсэгтэй ямар ч хамаагүй цаас, бичмэл болон модон барын судрын нэг хуудас 3-5 юаны хэлбэлзэлтэй байлаа. Энэ шалтгаанаар бидний өвөг дээдсийн хураасан зөөсөн ном судар маш ихээр машин машинаараа гарч эхэлсэн бол одоо энэ үнэ саяхнаас 10 юан болжээ. Энэ бол дундажаар нэг судар 1 сая гаруй төгрөг болно гэсэн үг. Энэ байдлаар зүгээр хэдэн цуглуулагч монголчуудын хяналт, шалгалт сул задгай байгаа судар номыг ганц хоёрхон жилийн дотор хилийн цаана нүүлгээд аваачна гэсэн үг. Энэ бол бренд биш. Энэ бол эмгэнэл. Үндэсний аюулгүй байдал. Эзэн Богд Чингис хааныхаа шарилыг олсон тухай юу ч сонирхохгүй байгаа хүмүүс… юу ч сонирхохгүй байсаар байгаад ой санамжаа зөөлгөчихвөл… ЯАХ ВЭ?
За нэг ийм уйдах завгүй ”бренд”-үүд дунд л хөвөөд байж дээ.