Холливудын дур булаам эрчүү- дийн нэг Ричард Гир, супер модель Синди Кроуфорд нар тухайн үедээ хамгийн сайхан хосуудын нэг гэгддэг байсан. Тэд 1995 онд хоёр тийш болсон бөгөөд тухайн үед тэдний салалтын эргэн тойронд тоймгүй олон мэдээ цацагддаг байв. Гэвч хоёр алдартны хэн нь ч салалтын талаар ямар нэг тайлбар, дүгнэлт хийлгүй өдий хүрсэн. Гэтэл тэр явдлаас хойш 18 жил өнгөрсөн энэ үед 47 настай загвар өмсөгч Синди салалтын шалтгаанаа олноо дэлгэсэн нь хүмүүсийн анхаарлыг татжээ. Ричард Гир, Синди Кроуфорд нар 1987 онд нэрт зурагчин Херб Ритцийн гэрт танилцсан гэдэг. Тэрбээр саяхан Опра Уинфригийн шоу нэвтрүүлэгт уригдан оролцох үедээ энэ тухайгаа эргэн дурссан байна. “Би тэр үед 21 настай байсан. Ритцийн гэрт үдийн зоогонд уригдсанаар олон алдартантай танилцсан. Тэр дундаа Ричардтай. Миний хувьд бүх зүйл шинэ содон байсан. Бид танилцсан даруйдаа л болздог болсон.
Гиртэй амьдарч эхлэх үеэс л би илүү их алдаршсан гэж болно. Бид танилцсанаасаа хойш дөрвөн жилийн дараа гэрлэн, дөрвөн жил хамт амьдраад гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед биднийг “зууны шилдэг хос” хэмээн өргөмжилдөг байв. Бид анхандаа дурлалд хэт автсан байсан болохоор тэс өөр хүмүүс гэдгээ удаан хугацааны туршид анзаараагүй. Гэхдээ бидний 17 насны зөрүү салалтын шалтгаан болсон. Дөнгөж 20 гаруйхан настай миний хувьд Ричардын хэлсэн зааснаар явахад бэлэн байсан. Тэр ч намайг өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг байв. Гэвч нас ахих тусам би түүний дор “намирах”-ыг хүсэхээ больж, ядаж л мөр зэрэгцэн алхахыг хүсдэг болсон. Гэтэл Гир ийм байдлыг хүлээж авахад бэлэн биш байсан” гэжээ. Тэрбээр Гирээс салснаар амьдралаа буруудсан гэж боддоггүй аж. Харин ч болох ёстой зүйл болоод өнгөрсөн гэж дүгнэдэг гэнэ. “Ричард маш ухаалаг эр хүн. Би түүнтэй хамт байхдаа олон зүйл сурсан. Бидний гэрлэлт миний амьдралын томоохон удиртгал болсон” гэж Синди онцолжээ. Синди 1998 онд рестораны эзэн Рэнди Гербертэй гэрлэж хүү, охинтой болсон билээ. Харин Ричард Гир 2002 онд загвар өмсөгч Кэри Лоуэллтэй гэрлэж, 2004 онд 55 насандаа эцэг болсон.