Хурдан морь унаач хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг, тэдний эрхийг хамгаалсан хууль, эрхзүйн орчин сул байгаа тухай ХЭҮК-ын гишүүн Л.Оюунчимэг мэдээлэл хийлээ.
Монгол Улсад хэрэгжиж буй бүх хуулиуд дундаас хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалсан шинжтэй ганцхан заалт нэг л хуульд байдаг. Энэ нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Хурдан морь унаач хүүхэд нь 7-гоос дээш настай байх бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэсэн заалт л байдаг аж. Унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах хувцсыг рольк, унадаг дугуйны хамгаалалтын малгай, поло спортын малгай төдийхнөөр аргацаадаг байна.
Хүүхдийн төлөө үндэсний газар, Үндэсний морин спорт, уяачдын холбоо хамтран нэгэн уриалга гаргажээ. Энэхүү уриалгад, Уяач хурдан морио өөрийн хүүхдээр унуулаагүй тохиолдолд унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авч, итгэмжлэх бичиг авах, гэрээ байгуулах ёстой. Мөн хүүхдийн хөдөлмөрийн хөлсийг нь тооцож өгөх, унасан морь нь түрүүлэх юм уу, айрагдсан тохиолдолд бай шагналаас нь урамшуулал олгох хэрэгтэй гэсэн заалт байдаг.
Гэхдээ эдгээр заалтууд нь уриалгад л орсон тул заавал дагаж мөрдөх шаардлаггүй байдаг аж. Харин ХЭҮК нь 2008 онд “Хурдан морь унаач хүүхэд есөөс дээш настай байх, Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу хүүхдийг ослын даатгалд даатгуулах хэрэгтэй гэсэн заалтыг хэрэгжүүлдэг болох нь зөв” гэсэн зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж байжээ. Гэвч уг зөвлөмжийг хүлээж аваагүй байна. ХТҮГ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу унаач хүүхдийн эрхийг хамгаалахад анхаарах тухай шаардлага хүргүүлж, энэ чиглэлийн ажлыг сайжруулахад хамтран ажиллах болжээ. 2014 онд Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд өгөх хүүхдийн хөгжлийн тухай илтгэлд унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг тусгайлан оруулахаар төлөвлөөд байгаа юм байна. Түүнчлэн УИХ-д унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалх хууль, эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлага тавих болжээ.
ХЭҮК-ын гишүүн Л.Оюунчимэг “ Монгол Улс НҮБ-ын “Хүүхдийн эрхийн конвенци”-д 1990 онд нэгдэн орсон. Ингэснээр эх орондоо өсч, хүмүүжиж буй хүүхэд эрүүл аюулгүй орчинд эсэн мэнд өсөх, хөгжих эрхийг хангах асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Он гарснаас хойш нийт зургаан удаа хурдан морины уралдаан болсон бөгөөд 10 хүүхэд гэмтсэн. Тэдний ихэнх нь тархины доргилт, хүзүү хугарсан, нүдний зөөлөн эд гэмтсэн гэх мэт хүний мэдрэлийн системтэй холбоотой гэмтэл авчээ. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Уяачийн гуйлтыг хүлээн авч хүүхдээ өгч явуулсан эцэг эх л хохирч үлддэг.
Бид хурдан морь уралдуулахад ардын уламжлалт зан заншил ярихаасаа өмнө хүүхдийн эрүүл мэнд хэрхэн хохирч байна, яаж хамгаалах вэ гэдгийг ярих цаг болжээ. Үндэсний морин спортын уяачдын холбоо /ҮМСУХ/-ны дүрэмд “Хүүхэд сайн дураараа морь унана, асран хамгаалагч нь зөвшөөрсөн ч хүүхэд өөрөө морь унахаас татгалзах эрхтэй. Хурдан морины комиссын өгсөн үүргийг дагж мөрдөх хэрэгтэй, унаж яваа морь чинь тангардаг бол бусад хүүхдүүдэд сануулж явах үүрэгтэй” гэх мэт заалт орсон. Энэ заалтуудад 18 нас хүрээгүй хүүхдэд үүрэг ногдуулсан байна. Долоон настай хүүхэд үүрэг хүлээж чадахгүй шүү дээ. Тиймээс бид хурдан морь унаач хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж байгаа гэдэгт оруулахаар судалгаа хийж байгаа. Удахгүй судалгааны нэгдсэн дүн гарна” гэлээ.
Ч.Ариунболд
МОНЦАМЭ