“Тааруухан загвартай даашинз өмсөөд яв. Хүмүүс чиний өмссөн даашинзыг л ажиглах болно. Харин сайхан хувцасла. Тэгвэл хүмүүс сайхан хувцасласан тэр эмэгтэйг л ажиглах болно” гэж хэлсэн XX зууны хамгийн анхны алдартай бизнес эмэгтэй, шилдэг загвар зохион бүтээгч Коко Шанелийн амжилтын түүхээс хамтдаа сонирхоё.
XX зууны эхээр эмэгтэйчүүд бизнест хөл тавина гэдэг боломжгүй зүйл байсан бөгөөд тэр үед эрчүүд бүх зүйлийг гартаа атгаж, харин эмэгтэйчүүд зөвхөн хүүхдээ хараад гэртээ суун, гэр доторх бүхий л ажлыг зохицуулах ёстой байв. Бүсгүйчүүдийн гоёл газар шүргэм урт даашинз байсан бөгөөд олон эмэгтэйчүүд өөрсдийн нийгэмд эзлэх байр суурь болон өмсөж буй хувцсандаа сэтгэл хангалуун бус байдаг байв. Тэдгээр бүсгүйчүүдийн нэг нь яахын аргагүй Франц гаралтай Габриель Коко Шанел байсан юм. Тэрээр эгэл жирийн айлд төрсөн бөгөөд багадаа хайрт аав, ээжээсээ хагацаж өнчирсөн. Оёдолчноор ажиллаж байгаад шөнийн клубт дуучнаар ажиллахаар болж тэнд ажиллаж байхдаа “Коко” нэрийг авчээ.
27 насандаа буюу 1910 онд бизнесийн ямар ч мэдлэггүйгээр төрөлжсөн малгайны дэлгүүрийг Парис хотод тэрээр нээсэн. Анхны үйлчлүүлэгчид нь түүний чинээлэг, баян найзууд байсан бөгөөд Кокогийн хийсэн энгийн хирнээ гоёмсог малгай тэдэнд таалагдаж тэд худалдан авцгааж байв. Мөнгөгүй хирнээ өөрийгөө дор үнэлэлгүй үргэлж амжилттай яваа хүмүүстэйгээ найзлахыг Коко ямагт боддог байжээ. Найзууд нь түүнд малгайтайгаа адил энгийн аятайхан загварын хувцас хийхийг санал болгож, тэгээд Коко тэдний хүсэлтээр даашинзны цоо шинэ богино загвар гаргаж, амьсгалахад амар нэлэмгэр цамц, хүрмийг хийв. Парисын баян чинээлэг бүсгүйчүүдэд Кокогийн шинэ загварууд таалагдаж дэлгүүр нь ч хүртэл ашигтай ажиллах болов.
Ингэж тухайн үеийн улиг болсон бариу цамц, газар шүргэсэн урт даашинзны загварыг халж бүсгүйчүүдийн хүсэлд яв цав тохирхууц загварын хувцсыг хийж байсан нь түүний Парисаас эхтэй дэлгүүр нь салбарлаж Францын 2 хотууд болох Довиль, Биарриц хотуудад тарахад хүрсэн юм. 1916 он гэхэд нийтдээ 300 орчим хүн түүний салбар дэлгүүрүүдэд ажиллаж байжээ. Кокогийн бизнес зөвхөн хувцас зохион бүтээх ажлаар хязгаарлагдаагүй бөгөөд хямд төсөр материалыг ашиглаж хийсэн тэр нь яг л жинхэнэ юм шиг харагдах эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн зүйлийг бас хийж эхэлсэн юм.
Мөн тэрээр гоо сайхны бизнест хүчээ сорихоор шийдэж 1920-оод оны эхээр Францын хамгийн том сүрчигний үйлдвэрийн эзэн Пьер Вертаймер гэгч залуутай уулзан хамтран ажиллахаар болж тухайн үеийн цэцгийн үнэртэй сүрчигнээс өөр үнэртэй сүрчгийг үйлдвэрлэхээр зорьж, зорисондоо ч хүрсэн юм. Удалгүй шинэ төрлийн сүрчиг гарч, сүрчгээ Кокогийн нэрээр нэрлэж, шилэн дээр нь түүний дуртай дугаарыг бичихээр тэр хоёр тохиров. Ийнхүү алдарт Шанел 5 сүрчиг худалдаанд гарсан юм.
“Сүрчиг түрхээгүй эмэгтэй хүн хол явахгүй” гэж түүний хэлсэн үг өөрийнх бүтээсэн сүрчигний амьд реклам болж өгсөн бөгөөд зарагдаж буй сүрчигнийхээ борлуулалт бүрээс 2%-ийг авч байхаар хамтрагчтайгаа тохиролцсон нь түүнийг өглөө эрт ажилдаа явах гэж орноосоо ч босох шаардлагагүй болгосон юм. Тэрээр зөвхөн сүрчигнийхээ борлуулалтаас жилд 1 сая орчим доллар олж байв. Тэрээр нилээд хэдэн жил Францаас гадуур, ажиллалгүй амьдарсан бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хирээр Кокогийн загвар мартагдаж, Кристиан Диор нэртэй залуу загварын ертөнцөд хүч түрэн гарч ирэв. Хэдийгээр Кокогийн нас нилээд явсан ч тэрээр урьдын адил загварын сэтгүүл уншиж, шинээр гарч ирсэн загваруудыг ихээхэн ажигладаг байв. Коко гараа хумхиад гэртээ зүгээр суухыг хүсээгүй учраас дахин загварын ертөнцөд орж ирэхээр шийдэв. Тэр үед хүмүүс түүнийг шоолж 70 настай хөгшин авгай одоо юу л хийж чадав гэж дээ гэсэн байдлаар хандаж байсан ч Коко тэдний үгийг үл тоож, уйгагүй ажиллан шинэ шинэ загварыг гарган ирж байв. 1950-иад оны сүүлээр тэрээр дэлхий дахинд хамгийн шилдэгт тооцогдох загвар зохион бүтээгчдийн нэг болсон юм. “Ажи л хөдөлмөр надад үргэлж эм болдог” гэж тэрээр хэлсэн байдаг. Ажил хөдөлмөр түүнд эм болоод зогсохгүй урт удаан амьдралыг хайрлажээ. Тэрээр 1971 онд 87 насандаа өөд болох хүртлээ дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн хувцсыг зохион бүтээсээр байсан юм. Өнөө үед дэлхийн аль ч хотын том дэлгүүрт ороход хүн бүрийн мэдэх Шанел 5 үнэртэй ус байхаас гадна ажил хэрэгч хослолууд, Шанелийн үеийн энгийн загвараар хийсэн гоёмсог даашинз одоо ч хүртэл бий…
Эх сурвалж:Biznetwork.mn