Пирах нэртэй ер бусын овгийнхныг өнөө үед манай гариг дээр оршиж буй хамгийн амирлангуй, аз жаргалтай хүмүүс гэж нэрлэж болно. Бидний амьдралаас тэс өөр амьдралын хэв маягтай эдгээр хүмүүсийн талаар Та уншсаныхаа дараа дээрх тодотголд санал нэгдэх нь гарцаагүй. Пирах нэртэй ер бусын индиан овог Бразилийн Маиси голын эрэг дагуух бүс нутгаар амьдардаг. Дахин давтагдашгүй, онцгой содон ахуй энд ноёрхдог. Америкийн зохиолч Дэниел Эверетт пирахуудын дунд 30 жил амьдарч асар ихийг туурвисан хүн. Энэ олон жилийг өнөөгийн нийгмээс тэс өөр ертөнцөд өнгөрүүлэх явцдаа тэрбээр орчин үеийн хүн төрөлхтний үнэ цэнэ чухам юу болоход эргэлзсэн талаараа онцолсон байдаг.
МАНАЙ ГАРИГИЙН УНТДАГГҮЙ ХҮМҮҮС
Хүмүүс унтаж амрахдаа бие биедээ сайхан зүүд зүүдэлж, тавтай нойрсохыг ерөөдөг. Харин пирахуудын хувьд “Тавтай нойрсоорой” гэдэг нь “Зүүрмэглэх тухай санах ч хэрэггүй, энд тэндгүй дүүрэн могой” гэсэнтэй адил сонсогдох гэнэ. Пирахууд унтахыг маш хортой зүйл хэмээн дүгнэдэг аж. Нэгдүгээрт, нойр хүнийг сул, үлбэгэр болгодог. Хоёрдугаарт, нойрсох үедээ хүн үхдэг агаад босч ирэхдээ өөр хүн болдог гэж үздэг аж. Асуудлын гол нь шинэ хүндээ бус харин байнга, урт хугацаагаар унтдаг хүн өөрийгөө алддаг гэсэн ойлголтод оршдог байна. Гуравдугаарт, үнэхээр могой энд тэндгүй оршдог. Зөвхөн могой ч бус төрөл бүрийн аймшигт хорт амьтад дүүрэн байдаг бөгөөд навч, модны ойролцоо нуугдаж байгаад боломж гармагц хүний хүзүү рүү дайрч цусыг нь сороход бэлэн байдаг аж. Тиймээс пирахууд шөнийн цагаар ч унтдаггүй. Харин үе үе далдуу модны мөчрөөр барьсан урцныхаа ханыг түшиж 20- 30 минут л дугхийдэг. Бусад цагийг хоорондоо элдвийг ярин хөгжилдөх, ямар нэг зүйл урлах, бүжиглэх, хүүхэд, нохойтой тоглох зэргээр өнгөрүүлдэг байна. Пирахууд өөрсдийгөө өмнө нь огт өөр хүн байж байгаад, нойрны улмаас улам өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байдаг. “Бидий өмнөх хүмүүс биднээс хавьгүй жижиг биетэй, секс хийж чаддаггүй тэр атугай эмэгтэй хүний хөхний сүүгээр хооллодог байсан. Харин тэр хүмүүс хаашаа ч юм алга болчихсон, оронд нь бид амьдрах болсон. Хэрвээ бид удаан хугацаагаар унтахгүй байж чадвал алга болохгүй байж чадна”. Хүүхэд наснаас нас биед хүрэх явцаа пирахууд нойртой холбон ийн тайлбаладаг. Өөрөөр хэлбэл, жижигхэн хүн байгаад унтсаны улмаас өсч томрон өөр хүн болсон гэсэн утгатай. Пирахууд 6-7 жил тутамд нэрээ сольдог агаад тухай бүрийн бие, байдалд нь тохирсон нэр өгдөг. Нэрийнх нь утгаар хүүхэд, өсвөр настан, хархүү, залуу, хижээл настан аль нь болохыг ангилж болно.
ТЭД МАРГААШГҮЙ
Тэд “маргааш”, “өнөөдөр” гэж юу болохыг мэддэггүй төдийгүй “өнгөрсөн”, “ирээдүй” гэх ойлголтыг ч бараг мэддэггүй. Цаг хугацааны дуусашгүй эргүүлгээс тэд зөвхөн улирлын чанартай бороо орох болон цаг агаарын өөрчлөлтийг л мэдрэхээс бус цаг тооны хуанли, дөрвөн улирал гэх зүйл хорвоо дэлхийд ээлжилдэг гэж огт мэддэггүй. Тиймдээ ч тэд хэзээ ч ирээдүйг төлөвлөдөггүй. Эверетт анх 1976 онд Амазон мөрнөөс эхтэй Маиси голын бүс нутаг дахь парихуудын орчинд хөл тавьсан агаад энэ үеийг хүртэл тэдний тухай дэлхий дахин байтугай шинжлэх ухаанд ч мэдээлэл үгүй байж. Хэл шинжлэлийн мэргэжилтэн, угсаатны зүй судлаач эл эрдэмтнийг алмайруулсан анхны гойд зүйл нь пирахуудын хоол хүнсээ нөөцөлдөггүй байдал байв. Хүй нэгдлийн үеийн амьдралын хэв маягийг баримтлагч эдгээр хүмүүс маргааш гэж өдөр байдаг, юу болохыг бодож, төсөөлөлгүй амьдардаг нь хачирхалтай. Дараагийн хооллолтдоо зориулан ямар нэг хүнс хадгалж, хатаан даршилж болдог тухай төсөөлөл ч тэдэнд үгүй. Ер нь түр зуур унтаад босч ирсний дараа тэс өөр танихгүй хүн болоод хувирчих магадлалтай “тэр үл таних” хүний төлөө ямар нэг зүйл бэлтгэж ч яах юм? Пирах эмэгтэйчүүд бяцхан цэцэрлэгт хүрээлэнд хэдхэн төрлийн ногоо, залаат ургамал тариалан хүнсэндээ хэрэглэдэг агаад энэ нь пирахуудын цор ганц хөдөө аж ахуй юм. Пирахууд идэх зүйлгүй болсон үедээ ч санаа зовниж, ямар нэг зүйлийн эрэлд гардаггүй. Тэд “Ер нь яагаад заавал өдөр бүр, заримдаа өдөрт бүр хэд хэдэн удаа хооллох ёстой юм” гэсэн бодолтой. Эвереттийг тогтмол цагтаа хооллох үед хөрш пират нь “Та дахиад л идэж байна уу, үхэхгүй биз?” хэмээн гайхширангуй асуух. Пирахууд өдөрт хоёроос илүүгүй хооллодог агаад тосгонд хоол элбэг тохиох өдөр ч цадтал идэхийг эрхэмлэдэггүй.
ТЭД ТОО МЭДДЭГГҮЙ
Пирахуудыг зорьсон нэг ч төлөөлөгч тэдний хэлийг сурч чадаагүй бөгөөд нэг ч пирах цагаан арьст, эелдэг хүмүүсээс гарах жигтэй авиаг сурч чадалгүй өдий хүрчээ. Тиймээс АНУ-ын Евангелист сүмийнхэн пирахууд уруу залуухан, хэл шинжлэлийн мэргэжилтэнг илгээх нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргаж байжээ. Залуухан мэргэжилтэн Эверетт ч ер бусын хэлээр ярилцагч индиануудтай хэл амаа ойлголцоно гэдэг нь бүтэшгүй даваа байх гэсэн бэлтгэлтэй зорьжээ. Гэвч Эверетт эндүүрч. Гучин жилийн дараа тэрбээр, “Пирахуудын хэл хэцүү бус харин ер бусын өвөрмөц юм. Дэлхийн хаана ч ийм хэл байхгүй” гэдгийг л сайн ойлгожээ. Пирах хэлэнд ердөө долоон гийгүүлэгч авиа, гурван эгшиг үсэг байдаг аж. Тиймдээ ч толь бичиг зохион үг нөөцлөх шаардлага байхгүй. Төлөөний нэрийг пирахууд бараг мэдэхгүй. Хэрвээ тэд яриандаа “би”, “чи”, “бид” гэсэн үгийн ялгааг тодорхойлох шаардлагатай бол цор ганц хөрш тупи-индианууд /пирахуудын өнөө хүртэл харьцаатай байгаа цор ганц хөрш/-ын төлөөний нэрийг чадварлаг ашигладаг. Түүнээс гадна тэдний хэлэнд үйл үг, нэр үг онцгойлон ялгардаггүй бөгөөд бидний хэвшил болсон хэлүүдийн дүрмүүд энд байдаггүй. Тухайлбал, пирахууд “нэг” гэсэн ойлголтыг ойлгохгүй. Тоо, тооцооны хэлбэрийг тэд огт мэдэхгүй бөгөөд “хэдхэн” ба “олон” гэсэн хоёр баримжаагаар бүхнийг шийдвэрлэдэг. Хоёр, гурав, дөрвөн пирахыг хэдхэн, тавыг ийшээ тийшээ харин зургаагаас дээшхийг олон хэмээн нэрлэдэг. Харин нэг пирахыг зүгээр л пирах гэнэ. Нийт пирах хүний тоо 300 агаад энэ нь тэдний хувьд маш олон. Харин долоон тэрбум хүний тухай тэдэнд ойлгуулах гэж хичээсний ч хэрэггүй. Тэдний хувьд долоон тэрбум гэдэг мөн л маш олон гэсэн үг. “Хүн төрөлхтөн долоон тэрбум хүрсэн” гэж Эверетт пирахуудад сонирхуулахад, “Та нар ч олон юм бид ч мөн олон” гэжээ.
ПИРАХУУД ЭЕЛДЭГ ЗАНГҮЙ
“Сайн байна уу”, “Ажил хэр байна даа”, “Баяртай”, “Уучлаарай”, “Зүгээр дээ” зэрэг олон эелдэг үгийг хүн төрөлхтөн хэрэглэдэг. Харин пирахууд ийм үгсийг огт мэддэггүй агаад бие биедээ сайнаар хандаж буйгаа илэрхийлэхэд ашигладаг гэдгийг ч ойлгохгүй. Мэндлэх, талархах, уучлах зэрэг сэтгэлийн эелдэг илэрхийлэл пирахуудын хувьд төсөөлшгүй зүйл.
ӨНГӨНИЙ ЯЛГАВАРГҮЙ ХҮМҮҮС
Орчлонгийн хамгийн гоёмсог өнгүүдийг цогцлоосон ертөнцөд амьдарч буй эл хүмүүс өнгө ялгаж сураагүй нь бас нэг гайхал. Энэ ертөнцийн түмэн өнгийг тэд зөвхөн “хар”, “цагаан” гэсэн хоёр үгээр л илэрхийлдэг. Тиймдээ ч хувцасны дээрх элдэв бохир толбоо огт хайхардаггүй бөгөөд хувцсаа хиртэй муухай боллоо гэж боддоггүй.
БАС ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ
Тэд ичих, буруудах, гомдох гэж юу болохыг мөн л мэдэхгүй. Тухайлбал, Хааиохаа /пирах нэр/ хүнсэнд хэрэглэх гэж байсан загасыг усанд тавьчихвал түүнийг буруутгахгүй. Загас байхгүй боллоо, хоолгүй гэсэн үг. Одоо яахав дээ. Энд Хааиохаагийн буруу гэх юу ч байхгүй. Хэрэв бяцхан Киихиоа Окиохкиааг түлхчихвэл муу хэрэг болно. Учир нь Окиохкиаа хөлөө гэмтээсэн, түүнийг нь эмчлэх шаардлага гарах учаас тэр. Энэ бол пирахуудын үзлээр санаатай хийсэн муу хэрэг бус ердөө л болох ёстой зүйл болдгоороо болсон хэрэг. “Пирахуудын дунд ноёрхдог нэгдмэл үзэл, зөвшилцөл диваажинг санагдуулам гайхалтай санагдсан” гэж Эверетт онцолсон байдаг. Пирахуудын хувьд гэр бүлийн харилцаа үүсгэх нь чөлөөтэй бөгөөд гэр бүлийн хос хоёул 100 хувь зөвшилцөх хүртлээ олон удаа өөр өөр хүнтэй нийлж, салдаг. Өөрөөр хэлбэл, өөртөө бүрэн тохирох хүнээ олохын тулд чөлөөтэй сонголт хийдэг. Хэрвээ нөхөр ан муу хийж, эхнэрээ тэжээж чадахгүй байвал, эхнэр нь өөр нөхрийн эрэлд гарна. Хэрэв эхнэр загас барьж, ногоо тарьж чадахгүйгээс гадна залуухан, хөөрхөн биш байвал нөхөр нь түүнийг хаяж, өөр нэгнийг сонгох бүрэн эрхтэй. Хүн бүр хүссэнээ хийх эрхтэй бөгөөд бусдад буруу тохох, бусдаас санаа зовох бодол пирахуудын толгойд төрдөггүй. Хүнд ийм мэдрэмж байдгийг ч ойлгохгүй болов уу. Хэрвээ нярай хүүхэд эхийн хөхөө хөхөхгүй байвал хэн ч түүнийг албадан хөхүүлэх юм уу хооллохгүй. Тэр хоол идэхийг хүсэхгүй байгаа тул өгөх хэрэггүй л гэнэ.
БУРХАНГҮЙЧҮҮД
Дэниел Эверетт өмнө нь христийн шашинтан байжээ. Харин өдгөө шашингүй үзэлтэн болж. Хүний нийгмээс эрс тасарсан ахуйтай эл бяцхан / пирах эрийн дундаж өндөр 150 см, 40 кг/хүмүүсийн дунд 30 жилийг өнгөрүүлсэн түүний хувьд бараг унтдаггүй, хаашаа ч яардаггүй, хүний ертөнцөд байдаг зовлон гуниг, сүсэг бишрэлийг мэддэггүй, хагас өлсгөлөн байдалтай, үргэлж инээмсэглэж байдаг эл байдал шашин гэдэг хүнийг аз жаргалтай, сайн зүйлд хүргэдэггүй юм байна гэсэн ойлголтыг мэдрүүлжээ. “Пирахууд бол энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс юм. Олон жилийн туршид би тэдний өөрсдийн нийгэмдээ сургах бус тэднээс суралцах ёстой юм гэдгийг ойлгосон” хэмээн Эверетт онцолсон байна.