УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын дөрвөн жилийн хугацаанд дөрвөн банкаар дамжуулан ихээхэн хэмжээний мөнгө байршуулан угаасан байж болзошгүй хэргийн талаар олон мэдээлэл гараад буй.
Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан уг хэргийн талаар зарим нэг нам, хувь хүний зүгээс мэдээлэл хийж мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй байгаа тул Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүх мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүйгээр тайлбар хийлээ.
Уг хэргийг сөхвөл:
2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч Энхтайван гүүрэн дээр хэсэг бүлэг хүмүүст зодуулан машинаа дээрэмдүүлсэн хэмээн цагдаагийн байгууллагад хандсан байна.
Хэргийн мөрдөн байцаалтын явцад тэрээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр БСШУ-ын сайдаар ажиллаж байхдаа иргэн Ч-ийн Налайх дүүрэгт барьсан барилгын зөвшөөрлийг хүлээн авахын тулд 230 сая төгрөгийг өгөхийг хүнээр дамжуулан шаардаж, өгөхгүй байсан тул ийнхүү өөрт нь халдлаа гэсэн өргөдөл гаргасан байна.
Хэргийн мөрөөр шалгахад мэдээлэл үнэн байсан бөгөөд зуучлуулсан, хэргийг үйлдсэн хүмүүс мөн холбогдох баримтуудыг цуглуулсан байна.
Улмаар энэ хэргийн мөрөөр шалгах явцад түүний эхнэрийн дансанд дөрвөн банкны 21 дансаар ихээхэн хэмжээний гүйлгээнүүд хийгдсэн байсан бөгөөд энэхүү хэргийг шалгах эхлэл болжээ.
Одоогийн байдлаар мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд О.Эрдэнэсолонгын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарах хүсэлт гаргасан байгаа аж. Нотлох баримтуудыг бүрдүүлсэн байгаа учраас хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа талаар тэрээр хэлсэн юм.
Уг хэргийг сонгуультай холбогдуулан улстөржүүлэхгүй байхыг Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүх анхааруулж, ямар ч тохиолдолд мөрдөн байцаах үйл ажиллагаа тасралтгүй явагддаг болохыг онцолж байлаа.