Илүүдэл жингээсээ болж Шинэ Зеландад амьдрах эрхээ хасуулсан тохиолдол саяхан гарсан. Өмнөд Африкийн нэгэн тогооч тус улсад зургаан жил амьдарсны эцэст визний хугацаагаа сунгуулахаар болжээ.
Бичиг баримтын хувьд ямар ч зөрчилгүй тэрбээр Шинэ Зеландын Цагаачлалын албанд хандаж, шаардлагатай бүх зүйлийг нь бүрдүүлж өгсөн байна. Гэвч өмнө нь хэзээ ч дурсаж байгаагүй биеийн жингийнхээ тухай энэ удаад тэдэнд мэдэгдэж орхижээ. Харамсалтай нь “Би 130 килограмм жинтэй” гэснийх нь төлөө түүний визний хугацааг сунгахаас татгалзсан аж.
Үүнийхээ шалтгааныг “Цагаач иргэд Шинэ Зеландын эрүүл мэндийн салбарт тавигддаг стандартыг мөрдөх ёстой. Илүүдэл жинтэй байна гэдэг нь чихрийн шижин, зүрхний өвчин тусах магадлал өндөртэй гэсэн үг” хэмээн Цагаачлалын албаны ажилчин тайлбарлажээ.
Ингээд Өмнөд Африкийн иргэн Шинэ Зеландад амьдрах эрхээ хасуулав. Гэхдээ тэдний хувьд тарган байх нь гэмт хэрэг байдаг бол Хойд Солонгост үүнийх нь төлөө шагнадаг гэж байгаа. Өлсгөлөнд нэрвэгдсэн энэ улсад тарган мэт харагддаг дугариг царайтай хүмүүсийг хөхүүлэн сайшааж, хамгийн царайлгуудынхаа тоонд оруулдаг юм билээ. Ингээд бодоод үзэхээр улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой байх нь.
Харин манай улсад яадаг билээ. Бид бол тэгж европчууд шиг тийм бүдүүлэг зан гаргахгүй. Иргэдийгээ өндөр, нам, өргөн нарийнаар нь ялгаварлаж гадуурхахгүй. Угаасаа улс орны хөгжил, эдийн засаг, эрүүл мэндийн байдалдаа санаа зовох шаардлагагүй сүрхий улсууд болохоороо тарган хүн хараад харин ч бүр баярлана. “Харав уу, бид ийм л сайхан мяраатай улсууд шүү дээ” гэж хөөрцгөөж мэднэ. Улмаар өөрсдийгөө “Ардчилсан улс гэж манайх шиг л газар байдаг юм” хэмээн сайрхцгааж магадгүй юм. Тэгээд яваандаа Шинэ Зеландчуудад хичээл заана гэж томорцгоож мэднэ. Тэгээд ч бүх хүнийг Чингис гэж хардаг юм чинь “Дахиад нэг Чингис…” гэж баярлацгааж магадгүй. Угаасаа манайхны хувьд тарган, туранхай гэх мэтээр шалгуур тавьдаггүй. Харин “Чингис ба бусад” гэж л хүмүүсийг ангилдаг шүү дээ. Тэгэхээр Шинэ Зеландууд биднээс арай л дутуу сэтгэж байгаа гэсэн үг юм болов уу.
Т.Элиса