Үр хөндөлт нь хүсээгүй, төлөвлөөгүй жирэмслэлтийг эхийн хүсэлтээр жирэмсний 10 дахь долоо хоногийг хүртэлх хугацаанд орчин үеийн вакум буюу соруулах аргаар төгсгөх үйл явцыг хэлнэ. Хэдийгээр умайг цэвэрлэх хөнгөн чанарын мэс ажилбар боловч эмэгтэй хүний биед бага ч болов хохирол учруулах эрсдэлтэй алхам юм. Үр хөндөлт нь жирэмслэлтээс хамгаалах арга биш бөгөөд хэрвээ та амархан жирэмсэлдэг бол жирэмснээс хамгаалах найдвартай нэгэн аргыг сонгох нь зүйтэй.
Жирэмсний хугацаанд илрэх эрсдэлтэй шинж тэмдэгүүдийн үр дүнд /эхийн хувьд эрсдэлтэй өвчин, тээж буй хүүхэд нь эрхтэн дутуу, гажиг эсвэл амьгүйтсэн тохиолдолд/ 10 долоо хоногоос том болсон ургийг үр хөндөх аргаар авч болдог.
Үр хөндөлтийг яаж хийдэг вэ?
Үр хөндөлтийг хийх явцад хагас мэдээ алдуулалт, бүтэн мэдээ алдуулалтын аргуудыг хэрэглэж болно. Юуны түрүүнд жирэмсний долоо хоногийг хэт авиан дурангаар тодорхойлж эмэгтэйчүүдийн үзлэгийг мэргэжлийн эмч хийнэ. Дараа нь үтрээ, савны амсар хэсгийг халдваргүйжүүлж цэвэрлээд үтрээгээр савны амсарт тулган хуванцар багаж байрлуулан савны амсар хэсэгт мэдээ алдуулах тариаг хийнэ. Тусгай багажны тусламжтайгаар савны амсарыг нээж доторхийг нь соруулж авна. Ингэж соруулж цэвэрлэх ажиллагаа нь нэг удаагийн багаж хэрэгслээр, амархан хийж болох ажилбар юм.
Савны дотор хэсгийг сайтар соруулж цэвэрлэсний дараа хуванцар багажийг гаргаж, өвчтөнг 10 минут амраана.
Үр хөндөлт хийлгэх нь ямар эрсдэлтэй вэ?
Жирэмсний 10 дахь долоо хоног дотор хийж буй үр хөндөлтийн ажилбарт эрсдэл гарах эсэх нь үр хөндөлтийг хийж буй мэргэжлийн эмчийн туршлагаас шууд хамаарна.
-Үр хөндүүлсний дараа хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг бол дотор муухайрах, огиулах үзэгдэл байдаг. Зарим тохиолдолд ухаан алдаж унах нь ч бий. Гэвч үр хөндүүлсэн хүмүүсийн 1 хувьд л ийм шинж тэмдэг анзаарагддаг бөгөөд амь насанд аюултай бус, түр зуурын үзэгдэл юм.
– Үр хөндөлт жирэмсний 10 долоо хоног дотроо хийгдэхэд эрсдэл багатай ч, түүнээс томорсон бол үр хөндөлтийн үед цус их алдах магадлалтай.
– Маш цөөхөн тохиолдолд, ихэвчлэн хүүхэд томорсог хойно хийсэн үр хөндөлтийн явцад эхийн сав цоорох магадлалтай байдаг.
– Дөнгөж жирэмслээд үр хөндүүлэхэд хэдэн цагийн дараа маш цөөхөн тохиолдолд саванд цус хуримтлагдаж үлддэг. /500-д 1 тохиолддог/. Ийм үед савыг дахин цэвэрлэж эмчлэх шаардлагатай.
– Үр хөндүүлсний дараа эмчийн бичиж өгсөн антибиотикийг тогтмол уух ёстой. Хэрвээ үр хөндөлтийн дараа үрэвсэл үүссэн бол 6-7 хоногийн дараанаас өвдөлт, цус алдалт гэх мэтийн шинжээр илэрнэ.
– Цөөхөн тохиолдолд, ялангуяа хүүхэд томорсон хойно үр хөндөлт хийлгэхэд саванд юм үлддэг. Ийм үед эхний 2 долоо хоногийн туршид сарын тэмдгийн үеийнхээс арай их цус гадагшилна. Цус нөжтэй, бараан өнгөтэй байна. Зарим хүний хувьд цус гарах бүрт өвдөлт өгнө, маш өндөр хэмд халуурна. Зарим үед бүхэл зүйл ч гарч мэднэ. Дотор үлдсэн хэсгийг цэвэрлэж гаргах ажилбар хийнэ.
– Үр хөндөлтөөс нэлээд хугацааны дараа цөөхөн тохиолдолд савны амсарт наалданги үүснэ. (саван дотор биш!). Үүний шинж тэмдэг нь 4-6 долоо хоног өнгөрөхөд өвдөлт намдахгүй байх, сарын тэмдэг ирэхгүй байх, эм уугаад ч сарын тэмдэг үзэгдэхгүй байх юм.
Танд сануулж зөвлөхөд :
Үр хөндүүлснээс хэсэг хугацааны дараа /ихэвчлэн энэ хугацаа 7 хоног байдаг/ таныг эмч тань давтан үзлэгт дуудна. Уг үзлэг нь үр хөндүүлсний дараа ерөндөг тавиулсан бол түүний байршлыг шалгах үүднээс маш чухал юм. Энэ үзлэгийг үл ойшоож болохгүй. Хэрвээ үр хөндүүлсний дараа цус алдалт, доошоо бүхэл зүйл гарах, их өвдөлт, халууралт явагдсан бол заавал 7 хоногийг хүлээлгүй яаралтай эмчдээ хандах хэрэгтэй.