-Азийн хүндтэй шагналд нэр дэвшсэнээ хэдийд мэдсэн бэ?
-Юуны түрүүнд “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Азийн охидын шагналын эзэн болсондоо их баяртай байгаа. Шагналд нэр дэвшиж байгаагаа өнгөрсөн зургадугаар сард мэдсэн. Тэр үед “Гүнж” төвд Азийн охидын эрхийн шагналд нэр дэвшүүлэх хүнийхээ хүсэлтийг илгээнэ үү гэсэн санал ирсэн. Тэгээд л миний нэрийг төвөөс өгч би хүсэлтээ илгээсэн юм. Азийн орнуудаас эцсийн шалгаруулалтад Пакистан, Вьетнам, Энэтхэг, Таивань, Монгол Улс тунасан. Түүнээс гурвыг нь шалгаруулаад Таиваньд очих зардлыг нь даасан.
-Хүнд хэцүү бэрхшээлийг даван туулсан хүнд энэ шагналыг олгодог хэмээн тодорхойлсон. Магадгүй танд ямар нэгэн түүх бий болов уу?
-Би 16 настайдаа жирэмсэн болсон л доо. Надад нийгмээс дарамт ирнэ гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас нуугдмал байдалтай амьдарсан. Дээрээс нь охиныхоо аавтай таарч тохирохгүй байсан юм. Хэд хэдэн удаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байснаа нуухгүй. Энэ асуудлаасаа болоод “Гүнж” төвд анх хандсан. Тухайн үед өөрөө хүүхэд байж хүүхэдтэй боллоо гээд багш, эмч гээд хүрээлэн байгаа орчноос ч дарамт ирж байсан. Тэгээд түүнийг даван туулахын тулд их хичээсэн. Заримдаа охиноо өөрийнхөө дүү гэж хүнд танилцуулдаг байлаа. Ер нь би ээж гэж хэлэх зориг хүрдэггүй байсан. Одоо бол охин минь миний бүхий л зүйл болсон. Ингэж өөрийгөө, охиноо хүлээн зөвшөөрөхөд “Гүнж” төвийнхөн маань их тусалсан. Дээрээс нь өөрийнхөө ямар эрхтэй талаар бүрэн ойлголттой болсон.
-Залуу эхчүүдийн клубийн зохицуулагчаар ажиллаад удаж байна уу?
-Манай клуб 2012 онд байгуулагдсан. Анх клубтээ гишүүнээр элсч орсон. Харин одоо зохицуулагчийн үүрэг гүйцэтгээд охиддоо туслаад явж байна даа. Клуб маань залуу эхчүүдийг чадваржуулах, эрхээ мэдэхэд нь туслах, өөртөө итгэлтэйгээр дуу хоолойгоо илэрхийлүүлэхийн төлөө ажилладаг. Одоо үндсэн 56 ээжтэй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манайх мөн фэйсбүүк групп үүсгэн ажилладаг. Долоо хоногт залуу ээжүүд маань уулзалт хийж нэг нэгэнтэйгээ танилцаж, зовлон жаргалаа хуваалцаж цагийг өнгөрөөдөг. Ер нь залуу ээж нар манай клубт орохыг хүсвэл дуртай хүлээн авах болно. Гишүүд маань залуугаараа ээж болсон учраас өөрсдийгөө нууж амьдардаг. Тиймээс тэднийг олж төвийнхөө үйл ажиллагааг танилцуулан клубтээ элсүүлэх нь бидний зорилго юм. Учир нь бид охидыг залуугаараа ээж болсныг буруутгадаг нийгэмд амьдарч байна. Хамгийн муухай нь хүмүүс тэр хүнийг ямар замаар хүүхэдтэй болсныг нь мэдэхгүй байж ихэвчлэн сөргөөр боддог. Охид ээж болсон бол явдалтай, муу үлгэр дууриал үзүүлдэг гэж боддог хүн олон таардаг. Ер нь манай төвд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, өөрөө хүсээд хүүхэдтэй болсон зэрэг олон шалтгаантай охид ханддаг.
-Нийгмийн сөрөг мэдээллээс болоод хэт дотогшоо болчихсон гишүүд таардаг байх. Тэдэнтэй ажилладаг сэтгэл зүйч бий юу?
-Амьдралдаа алдаад ээж болсон, хүсээгүй жирэмсэлсэн охид манай төвд ханддаг. Хүүхдээ төрүүлье гэж бодоогүй байхад нь том болчихсон учраас яах аргагүй төрүүлэх шаардлага гардаг. Тиймээс тэдгээр охидын сэтгэл зүйг нь засч бага багаар эмчлэх зайлшгүй хэрэгтэй болдог юм. Тэдэнтэй “Гүнж” төвийн сэтгэл зүйч эгч нар ярилцаж зөвлөгөө өгдөг. Эмчилгээнд яваад өмнөхөөсөө илүү сэтгэл хангалуун амьдарч байгаа ээж олон бий.
-Гэхдээ “Гүнж” төвийн үйл ажиллагаа олон нийтэд ил байдаггүй юм шиг санагдсан. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Мэдээллээ тодорхой хүмүүсээс нууцлах зайлшгүй хэрэгтэй болдог. Бидний амьдарч байгаа нийгэмд охидыг ээж болсон гэхээр буруутгадаг нь худлаа биш. Нэг жишээ дурдахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард залуу ээжүүдтэй УИХ-ын эмэгтэй гишүүд уулзахаар болсон юм. Биднийг уулзалт хийх тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байсан. Тэгсэн дөнгөж уулзаад дууссаны дараа “УИХ-ын гишүүд охидыг залуугаараа завхайрахыг зөв гэж дэмжлээ” гэсэн гарчигтай мэдээлэл гарсан. Бид тэр үед анх удаа зориг гаргаж ил гарсан боловч нийгэмд буруугаар мэдээлэл тархсан учраас санаа зовсон. Дээрээс нь бидний зураг тодоос тод гарчихсан болохоор өөрсдийгөө нууцалж залуугаараа ээж болсондоо эмзэглэж байсан охидод амаргүй байсан. Түүнээс болоод зарим ээжийн хувийн амьдралд дарамт ирсэн. Тийм учраас залуу ээжүүдийн тухай мэдээлэл харьцангуй нууц байдаг юм.
-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид танайд ханддаг гэсэн. Түүнээс болоод гаднаас сүрдүүлэг ирдэг үү?
-Өмнө нь манай төвд бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хандаж байсан юм. Тэгсэн түүнээс болоод сүрдүүлгүүд их ирсэн л дээ. Тиймээс бид гишүүддээ ямар байгууллагад хандсанаа мэдэгдүүлэхгүйгээр арга хэмжээ авч болохыг нь хэлж өгдөг болсон. Мөн манай төв цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг.
-Та сурдаг уу?
-Би МУИС-ийн харьяа Улаанбаатар их сургуульд түүх судлаач хятад хэлний мэргэжлээр суралцдаг. Манай улсын түүх ихэвчлэн хятад хэлээр байдаг. Тиймээс хятад хэл судалж эх түүхээ илүү их судалмаар байна.
-Олон улсын хуралд оролцоод олон найзтай болсон байх?
-Тэгсэн. Манай төв аравдугаар сарыг охидын эрхийг хамгаалах сар болгон зарлаж, кампанит аян зохион байгуулж байна. Энэ аяныг Таиванийн “The Garden of Hope Foundation” ивээн тэтгэж байгаа. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Энэтхэг, Вьетнамын байгууллагатай хамтран ажиллах бололцоотой болсон. Тэр дундаас саяын хуралд оролцсон Энэтхэгийн байгууллагаас хамтран ажиллах санал ирээд байна. Дээрээс нь залуу ээжүүдээ шинээр элсүүлж эхэлсэн гээд хийх ажил их байна. Санаа зөв бол заяа зөв гэдэг шиг ирээдүйгээ сайхнаар төлөвлөж байгаа.