Зарим бүсгүйчүүд оо энгэсэг төдийлөн их хэрэглэдэггүй хирнээ нэг л өнгөлөг харагддаг. Гэтэл нөгөө хэсэг нь сайн чанарын будаг шунх өдөр алгасахгүй шахам хэрэглэдэг хирнээ нэг л ядрангуй, зохимж муутай харагдах нь бий. Хамаг учир будганд бус будахад байгаа юм. Будалт нь арьс арчилгаатай зайлшгүй холбоотой. Танд сануулахад:
– Нүүрний арьс барзгар, батгархуу бол ямар ч пудр тохирохгүй.
Цаанаас нь асуудалтай арьс цухуйж байгаа учраас тэр. Тиймээс арьс өө сэвгүй биш юм гэхэд өвчлөөгүй, эрүүл байх шаардлагатай.
– Нүд сэтгэлийн толь:
Бүсгүйчүүд нүдэндээ их ач холбогдол өгдөг. Хэрэв та нүдээ том харагдуулахыг хүсвэл бараан өнгийн харандаагаар дээд зовхио будаж, бүдэг өнгөөр нь доод зовхинд контур тавь.
– Тень нүдийг цоглог болгодог:
Цайвар шаргалдуу, гэгээлэг ягаандуу нүдний тень нь нүдийг цоглог, эрүүл харагдуулдаг. Ажил хэрэгч эмэгтэйд тохирно. Харин үдэш оройн арга хэмжээнд бараандуу өнгийн тень хэрэглээрэй.
– Хацрын энгэсгийг хэтрүүлж болохгүй:
Хацрын энгэсгийг нүүрнийхээ үндсэн өнгөтэй уялдуулж хөнгөн, нимгэн түрхээрэй. Батгатай нүүрэнд энгэсэг зузаан тавьбал өөг улам тодруулдаг тул бүү хэрэглээрэй.
– Өтгөн дэрэвгэр сормуус:
Өтгөн харагдуулахын тулд сормуусаа давхар будсаны дараа тусгай сойзоор самна. Доод сормуусыг будахгүй байвал зүгээр. Учир нь энэ нь хэт хиймэл харагдуулдаг байна.
– Уруулын будгийн өнгө чухал:
Арьсныхаа өнгө, нүүрнийхээ хэлбэрт тохируулан будгаа сонгох хэрэгтэй. Хурц улаан гэхээс илүү улаан хүрэн, шүрэн улаан гэх мэт зөөлөн өнгийг сонго. Хүрээлэгч харандаагаар контур гаргаж болно. Бор шаргал, хүрэн ягаан, боронзтой, гялтганасан зэрэг өнгө нь үдэш оройн цагт тохиромжтой.
– Хөмсөг нүүрний чимэг:
Та хөмсгөө зулгаадаг бол энэ зуршлаа орхи. Хөмсөг бол нүүрийг чимэглэдэг гол зүйл. Өтгөн, зөв хэлбэртэй. Гоё хөмсөг ямар ч дүр төрхөнд үзэмж нэмдэг. Хар харандаагаар хөмсгөө тодруулж, ширүүн дүр төрхтэй болохоос зайлсхий. Хөмсөг тань жаахан хэлбэр муутай бол засч болно. Будах шаардлагатай бол бор хүрэн харандаагаар бага зэрэг тодруул.