Улстөрчдийн хөвгүүд улстөрч болох болж гэнэ. Ийм нэг яриа олны дунд ам дамжин цуурайтах болов. Энэ тухай мэдээллийг түүвэрлэвэл МАН-ын даргын хүүхэд МАН-ын гишүүн. Ардчилсан намын даргын хүүхэд аавынхаа туслах гэх мэтээр хөвөрнө. Тэгвэл саяхнаас Ерөнхийлөгчийн хөвгүүдийн тухай шинэ мэдээлэл дээрх тогтсон жишгийг эвдэж, улстөрчдийн хөвгүүдийн дадал зуршилд хувьсгал хийх болжээ.
Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Э.Эрдэнэ АНУ-д эмчийн мэргэжил эзэмшиж, докторын зэрэг хамгаалсан. Эх орондоо ирээд Цэргийн нэгдсэн эмнэлэгт мэргэжлээрээ ажиллаж байгаад Өмнөд Судан руу энхийг сахиулахаар мордсон. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж ааваасаа “Энхийн төлөө” медалийг гардана билээ. Үүгээрээ тэрбээр “Ерөнхийлөгчийн хүү” гэх шинэ дүр төрхийг бүрдүүлж, манайдаа л байгаагүй жишгийг тогтоов.
Түүнчлэн түүний тухай “Хамгаалагчгүй явдаг”, “Верна аксент” унадаг” гэх мэт мэдээлэл хэвлэлд гарч байсан. Үүгээрээ тэрбээр таатай хээгүй, хийгүй, энгийн гэх мэт олон дүгнэлтийн эзэн болж чадлаа. Өөрөөр хэлбэл нэг ч гэсэн залуу “Ерөнхийлөгчийн хүү гэдэг бол хамгаалагчтай, хаммер жийптэй байдаг. Хилийн чинадад ажиллаж амьдардаг. Эх орондоо ирлээ гэхэд дарга л болдог” гэсэн ерөнхий ойлголтыг эвдэж чадсан нь сайшаалтай хэрэг. Харин ирээдүй цаг дээр аавынхаа үзүүлсэн улс төрийн амжилтыг бататгах их ухааныг тархи, зүрхэндээ зурсан эсэх нь та бидэнд тодорхой болох биз. Ерөнхийлөгчийн хүү гэж. Ийм л байвал зохилтой ажээ.
Г.Отгонжаргал
