![](http://sonin.mn/uploads/news/201312/12/527-1386816693131129-uyanga.jpg)
УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан Р.Амаржаргалаас дутахгүй дуулианыг УИХ-ын гишүүн Г.Уянга улс төрийн хүрээнд дэгдээж эхэллээ.
Тэрээр өчигдөр өөрийн facebook.com дэхь хуудастаа :
“Монгол Үндэсний Ардчилсан Нам сонгууль болохоор гарч ирдэг намуудын нэг байх ёсгүй. Хэдхэн хүн сайд дарга болоод, түүндээ ханасан аятай, үйл ажиллагаа явуулахгүй, үнэт зүйлээ байнга санахгүй байгаа нь харамсалтай.
Надад энэ нам хамаагүй байсан бол дуугүй байсан нь хамаагүй дээр сонголт байхсан. Би Цолмон дарга, бусад хүмүүс шиг нүүр буруулсангүй. Амьд байх, үнэт зүйлээ санаж, үйл ажиллагаа явуулдаг байхыг сануулж байгаагаа буруу гэж үзэхгүй байна.” хэмээн бичсэн юм.
Мөн орой нь нэгэн телевизээр ярилцлага өгөх үеэрээ үүнээс ч хатуу үгийг “Шударга ёс” эвсэл, МҮАН-ынхандаа “шидэв”.
Сэтгүүлчдийн асуултанд хариулах үедээ тэрээр:
“МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл огт ажиллахгүй байна. Нэгэнт хамтарсан Засгийн газарт орсон гээд байгаа юм шиг зарим бодлогоосоо ухарч эхэлсэн. Тодруулбал алтны тухай хууль зэрэгт өөрсдийнхөө УИХ-ын 2012 оны сонгуульд амлаж байсан байр сууринаас өөр байр суурь илэрхийлж байна. Ийм байдлаар явсанаас “Шударга ёс” эвсэл эртхэн тарсан нь дээр. Ер нь ч шинэ бүтэц бий болгож, ажиллахаар улс төрийн хүрээнд яригдаж байгаа нь нууц биш” хэмээсэн юм.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар “Шударга ёс” эвслийн Г.Уянга, АН-ын Ж.Батзандан, бие даагч С.Ганбаатар нар нэгдэн УИХ дахь албан бус бүлэг, тэр ч бүү хэл шинэ нам ч байгуулж магадгүй аж.
П.Мандах Сонин мн