Жүжигчин О.Бат-Өлзийг тайз, дэлгэцийн олон сайхан дүрээр нъ узэгчид андахгүй биз ээ. Тэрбээр өөрөө кино урлаг хэмгээх “тогоонд буцалж” явдаг хүний хувьд ямар ч киног амтархан үздэг гэсэн. Цаг зав л гарвал Монгол, гадаад гэлтгүй бүх төрлийн киног үздэг. Тэр тусмаа Монголынхоо хуучны кинонуудад “нугасгүй” гэсэн шүү.
-Таныг дэлгэцийн шинэ бүтээл бүрийг алдалгүй үздэг, кино театруудын байнгын үйлчлүүлэгч гэж сонссон?
-Би кинонд маш их дуртай. Цаг зав гарч л байвал гэртээ ч гэсэн кино үзээд л байж байдаг. Харин ажлын шаардлагаар кино театр руу байнга явах боломж тиймэрхүү. Хааяа л зорьж очиж үздэг.
-Та ямар төрлийн кинонд илүү дуртай вэ?
-Би ер нь бүх төрлийн кинонд дуртай. Телевизийнхээ сувгийг сольж байгаад аль таалагдсанаа л үздэг. Гэхдээ Монголынхоо хуучны кинонуудад бүр их “хайртай”. Үзээд л баймаар. Хүнд ихийг сургана шүү.
-Дуртай киноноосоо аль нэгийг нь онцолбол?
-“Ардын элч”. Үнэхээр сайхан кино гэдгийг ганц би биш, олон хүн хэлэх байх.
-Үнэхээр сайхан кино шүү. Сэтгэлд тань хоногшин үлдсэн кадр, үг хэллэг нь юу байв?
-Энэ кино бүхэлдээ л гайхамшиг. Тэр тусмаа Бадарч Сүхбаатарт бичиг хүргэж өгөхөөр хөтөлгөө морьтойгоо цагаантнуудад хөөгддөг хэсэг. Давхиж байхдаа гаргуун гэгч нь сэлгэж унаад л. Тэр хэсгээс монгол хүний эр зориг, авхаалж самбаа, эрч хүчийг мэдэрч болно.
Миний хүүхэд нас Улаанбаатар хотод өнгөрсөн. Морь малаас хөндий өссөн. Гэхдээ энэ киног үзсэнээр моринд “дурлаж”, хөдөөгүүр аялах дуртай болсон шүү.
-Кино урлагийн алтан үеийнхний бүтээсэн олон сайхан кино байдаг. Тэдгээрээс суралцах зүйл олон байгаа байх?
-Тийм шүү. Тэр үед одоогийнх шиг мундаг хүчин чадалтай техник хэрэгсэл ч байдаггүй байсан ч тэд гайхалтай бүтээл олныг туурвисан. Зураг авалт, найруулга, зохиол, жүжигчдийн тоглолт гээд бүгд ярих зүйлгүй мундаг.
-Одоо цагт кино продакншууд борооны дараах мөөг шиг олширч, энэ хэрээр чанартай чанаргүй олон кино гарах болж. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Уг нь олшрох тусмаа өрсөлдөөн бий болж, кино урлаг хөгжинө л дөө. Гэхдээ сүүлийн үед бизнесийн салбар руу хэтэрхий хэлтийж байна. Түүндээ хөтлөгдөн зарим кино нь хэтэрхий баян цатгаланг үзүүлээд байх шиг санагдаад байгаа юм. Яагаад гэвэл тансаг байр, “тасархай” машин, мисс хүүхэн гаргаж амьдралыг хэтэрхий сайхнаар үзүүлээд байна. Гэтэл амьдрал дээр тийм биш шүү дээ. Уг нь кино урлаг амьдралд ойр байх ёстой шүү дээ. Үүнийг умартаад байх шиг байхгүй юу. Гэхдээ би хийж бүтээе гэсэн залуусыг няцаах гэсэн юм шиг. Зарим кинонд ажиглагдаад байгаа зүйлийг л онцоллоо. Түүнээс биш, сайхан киног ч олныг бүтээж байгаа шүү дээ.
М.УЯНГА
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН