Mиксер, продюсер Стипен Жорж буюу Стевог дэлхийн алдартай дуучид болох Р.Келли, Уитни Хьюстон, Backstreetboys, Бритни Спирс, Сэлион Дион, Принц нартай хамтарч ажиллаж байсан, эдгээр дуучдын болон маш олон уран бүтээлчдийн дэлхийд хит болсон дуунуудын бичлэг, микс, мастеруудыг хийж байсан гэдгээр нь хөгжим сонирхогчид андахгүй.
Майкл Жорданы гол дүрд нь тоглосон “Space Jam”киноны дуу болох Р.Келлигийн дуулсан “I believe I can fly” дуугаар Стево “Грэмми” шагнал авч байжээ. Энэ хүний авьяас, хөдөлмөр, ур чадвар шингэсэн “Giddyup” дууг Sweetymotion хамтлаг дуулж, цагаан сарын өмнөхөн үзэгч сонсогчдын сонорыг мялаах гэж байна. Учир нь тус хамтлагийн 15 жилийн ойн тоглолт гуравдугаар сарын 8-нд Тусгаар тогтнолын ордонд болох юм. Энэ дууны талаар хамтлагийн гишүүн Болороотой холбогдоход,
-Хүн болгон дотроо нэг магадгүй тэрнээс олон нууц дүрийг хадгалж байдаг. Өөр зан араншин, өөр дүр гэж хэлж болох юм. Урлагийн бид нарт тэдгээр нууц дүр царай, зан араншин дүрүүдээ уран бүтээлээрээ дамжуулан амилуулах боломж олддог гэж боддог. Энэ клип дээр бидний хөгжилтэй, шооч, бас хип хоп дүр төрх гарч ирж үзэгчидтэй танилцана гэж найдаж байна гэлээ.
“Giddyup” дуу Sweetymotion хамтлагт зориулсан Стевогийн анхны ажил биш. “Emotion” цомгийн хит болсон “Санахын аялгуу” мөн Стевогийн уран бүтээл гэнэ. Энэхүү Грэммигийн шагналтан цаашид ч Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, магадгүй түүний гараас дэлхийд хит болсон дуунууд төрөхийг үгүйсгэх аргагүй юм.