Улс үндэсний баялаг нь юу вэ? Газар нутаг, хүн ам, өв соёл, байгалийн баялаг гээд олон зүйлийг нэрлэж болох. Гэвч энэ бүгдийг бий болгогч хүн хэмээх амьтан бол хамгийн том үндэсний баялаг гэж би бодно. Монгол улсын хүн амын 10 гаруй хувийг сургуулийн өмнөх насны хүүхэд эзэлдэг. Энэ хүүхдүүд бүгдээрээ цэцэрлэгт хамрагдах эрхтэй.
Гэтэл нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 200 гаруй цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Гэвч өдөр өдрөөр өсөн нэмэгдэж байгаа хүн амын тоотой харьцуулахад хаанаа ч хүрдэггүй. Жил бүрийн намар хичээл сургууль эхлэх үеэр дүүрэг харъяанийхаа цэцэрлэгт хүүхдээ багтаачих хүсэлтэй эцэг эхчүүд хэдэн өдөр оочерлох нь ердийн үзэгдэл болжээ. Ингэж зогсоод ч болов хүүхдээ цэцэрлэгт өгвөл нэг жилдээ л санаа амарна. Анги дүүргэлтийн стандарт нь 25 хүртэл хүүхэд байдаг. Гэвч энэ нь зөвхөн цаасан дээр хараар бичигдсэн тоо. Үнэн хэрэгтээ нэг анги 40-50 хүүхэдтэй. Хүүхдээ улсын цэцэрлэгт өгч чадаагүй эцэг эхчүүдийн сонголт нь хувийн хэмээх тодотголтой төрийн өмчийн бус цэцэрлэгүүд юм. Өөр сонголтгүй болсон эцэг эхчүүд тэнгэрт хадсан үнэтэй ч хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Хувийн цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь нэг талдаа төрийн нуруун дээрх ачаанаас үүрэлцэж байгаа хэдий ч нөгөө талаараа эдгээр байгууллагууд нь мөнгөний төлөө үйл ажиллагаа явуулж байгаа нь ажиглагддаг.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын зорилго нь бага насны хүүхдийг асран хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих, сургуульд суралцах чадварыг төлөвшүүлэхэд оршдог. Гэтэл зарим нэг ашиг олох зорилготой хувийн цэцэрлэгүүд үндсэн үүргээ умартан хүүхдүүдийг өглөө хүлээн авч өдөр өнжүүлэх төдийхөн байдаг. Ингээд бодохоор хувийн хэвшлийнхэн хэрхэн сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролыг олгож байгаа нь тодорхой байна. Өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгүүдийг тойрсон элдэв яриа олон байдаг.
Баримт: Нэгдүгээр хорооллын нэгэн хувийн цэцэрлэгийн багш ажилчид нь бага ангийн хүүхдүүдийг уйлж, өмдөндөө бааж шээвэл загнаж зоддог, үүнээс ч илүү аймшигтай нь шал угааж байхдаа цэвэрлэгээний бээлийгээ тайлалгүй хүүхдийг хооллож ундлах, хувцсыг нь солих зэрэг нь байх л асуудал болжээ.
Баримт: Мөн хүүхэд хоолондоо цаддаггүй нь хувийн цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эхчүүдийн “миний хүүхэд орой цэцэрлэгээсээ ирээд хоол нэхдэг” гэсэн яриа баталж байгаа юм.
Гэтэл тухайн цэцэрлэгийн сарын төлбөр 250000 төгрөг, дээрээс нь төрөөс хувийн цэцэрлэгт нэг хүүхдэд жилийн 705000 төгрөгийг төсвөөс олгодог хэмээн албаны хүн хэлсэн. Бага насны хүүхдийн хоол хүнс нэн түрүүнд шим тэжээлтэй байхаас гадна хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, баталгаат хугацаа зэрэг олон шаардлагыг хангасан байх хэрэгтэй байдаг. Үнэндээ хувийн цэцэрлэгүүдийн хүүхдийн хэрэглэж байаа хүнс нь эрүүл ахуйн шаардлага стандартад нийцэж байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй. Хоол хүнснээс гадна цэцэрлэгийн байр нь бяцхан хүүхдүүд байх нь битгий хэл том хүн ч байх боломжгүй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг жишээ нь:
Баянмонгол хороололд нарны гэрэл тусах, агаар орох ямар ч боломжгүй буюу цонхгүй цэцэрлэг 2 жил гаруй хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнтэй ижил 11 дүгээр хороололд орон сууцны 3 давхарт байрладаг цэцэрлэг ч байна.
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хүмүүжүүлэх ёстой багш нар заасан стандартаас нэг дахин илүү хүүхэд хариуцаж авчихаад хүүхэд бүрт олгох ёстой цогц боловсролыг нь олгож чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Хүмүүжих хүүхдийн тоо нэмэгдэж байгаа ч хүүхдүүдтэй тулж ажиллах ёстой багш ажилчдын тоо нэмэгддэггүй нь хачирхалтай.
Энэ мэтчилэн бидний ирээдүй болсон бяцхан үрсийг мөнгө олохын төлөө ашиглаж байгаа нь энэрэнгүй нийгэмд зохисгүй үйлдэл. Салбар нь анхаарал хандуулж,төр нь арга хэмжээгээ доривтой авах шаардлага зайлшгүй тулгараад байна. Охид хүүхнүүдийн биеийг үнэлүүлэх,зарах,хүний наймаа аюул дагуулсан бизнес болчихоод байгаатай зэрэгцэн бага насны хүүхдүүдийг золионд гаргаж,бизнес эрхлэн мөнгө босгох хувиа хичээгчдийн арга улам нарийсч байна шүү…
Э.Сэржмядаг http://medeelne.mn/6o9