Д.Ариунтуиа ханийнх нь уран бүтээлийг дэмжиж үгайн уран, ухааны цараар сийлсэн уянга тансаг шүлгүүд тэрлэж өгсөнд нь Ц.Хулан гавьяатад гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Хүн дуртай ажлаа хийхдээ залхуурдаггүй, уйддаггүй, ядардаггүй гэдэг үнэн юм аа. Бидний арай өөр талаас нь мэдэх өөрөөр хэлбэл тэмцэгч, жагсагч, бас татвар, эдийн засаг зэрэг асуудлаар юм л бол асуудал босгож ирж маргаан мэтгэлцээн өрнүүлж байдаг нөхөр гэж хардаг “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав зураач болжээ. Тэр уран зургийн мэргэжлээр дээд сургууль төгсч, диплом сэлтийг нь өвөрлөөгүй ч сэтгэлдээ 20, 30 жилийн турш зурснаа өнөөдөр ил гаргаад байгаа юм.
Дунд сургуульд байхдаа багшийнхаа нөлөөгөөр сонгодог урлагт ангиараа дурласнаас хойш Лхагва хөгжим, уран зураг, яруу найргаас салахаа байсан гэнэ. Сүүлдээ монгол ардын уртын дуугаа сонгодог урлаг юм байна гэж харсан тул судалж, дэлгэрүүлэх ажил хийсэн. Уртын дуу судлалын ном гаргаж, уртын дууг бүрэн бүтнээр нь хэн сайн дуулахыг шалгаруулах уралдаан ч зарлаж дүгнэн урамшуулж байлаа. Гэсэн ч өнгөрсөн бүхий л хугацаанд тэрбээр уран зурагт шунан дурласан хэвээр байсан бөгөөд өдгөө өөрөө зурах хүртлээ хообийгоо хөгжүүлсэн байжээ.
Тэрбээр Польш улсад Техникийн их сургууль төгссөн тул тухайн улсад өөр мэргэжлээр сурч байсан монгол оюутнуудтайгаа дотносон нөхөрлөдөг байсан байна. Тэдний нэг нь өөрөөс нь нэлээд ахмад, Варшавын Уран зургийн академийн төгсөгч зураач О.Дарамбазар. Европын соёлд ойр, бие биенээ ойлголцох талаар бусдаас илүү гэж үзсэн биз ээ, урлагт дуртай бизнес эрхлэгч тэрбээр Дармаа зураачид хадаг барин шавь орж зурах арга техникийг мэргэжлийн түвшинд эзэмшсэнээр өнөөдөр тэд уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ гаргаад буй юм.
Яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулангийн нэр хайрласнаар “Аялгуут солир” хэмээн нэрийдсэн үзэсгэлэндээ тэд суут хөгжмийн зохиолч Ф.Шопены төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдэд урласан 36 зургаа залаад буй юм. Уран бүтээлчид модерн стилиэр зурсан. Ф.Шопены тансаг хөгжмүүдэд зураг урласан, өөрөөр хэлбэл өнгөний тоглолт хийсэн. Үзэсгэлэнгээс “Аялгуут солир”, “Хувьсгал”, “Өвлийн салхи”, “Хар даралт” гэх зэрэг тус бүртээ өөр өнгө аяс илэрхийлсэн зурагтай танилцаж болно. Зургуудын буланд яруу найрагч Ц.Хулангййн, тухайн зурагт зориулж бичсэн шүлгийн мөрт бий.
Үзэгч мөн чихэвчээр эдгээр зургийн эх сурвалж болсон Ф.Шопений аялгуу төгс, зохиомж яруу этюдүудийг сонсч болно. Ийм нэгэн хөгжим, зураг, яруу найраг гэсэн урлагийн гурван төрлийг холбосон өвөрмөцүзэсгэлэн “Вluе Мооn” галерейд нээгдээд байгаа бөгөөд ирэх ням гариг хүртэл үргэлжилнэ.
Р.ОЮУНЖАРГАЛ /ӨДРИЙН ШУУДАН/