Дагз халхлах төдий, эсвэл нэг метр хэрийн өндөртэй гээд малгайн хэв загвар, хэлбэр дүрс түм буман янз.
Нар, салхи, хүйтнээс толгойг хамгаалах ёстой энэ хувцас бас хүмүүсийн нэр хүнд, албан тушаал, нийгмийн гарал, хэв маягийг нь тодорхойлдог.
Хэн хэзээ анх малгайг зохион бүтээсэн, өмссөн талаар тодорхой мэдээлэл үгүй.
Мөстлөгийн үеийн сүүлчээр бөмбөрцгийн хойд зүг рүү суурьшихаар явсан хүмүүс хүйтэн, салхинаас толгойгоо хамгаалахын тулд анх малгай өмссөн гэх таамаглал бий.
Талын нүүдэлчдийн эсгий, эсвэл үстэй малгай ч хүйтэн жавар, хүчтэй салхинаас хамгаалах “үүрэгтэй”. Харин халуун бүсэд амьдардаг хүмүүсийн хувьд өөр асуудал гарч ирж. Халуун нарнаас хамгаалах өргөн хүрээтэй малгайг (грекээр петасос гэх нь бий) Гермес бурхан бүтээсэн гэж домогт өгүүлдэг. Гермесийн бүтээсэн малгай нь стетсон, сомбреро, панам зэрэг малгайны “эх” байж. Цаг уурын таагүй үзэгдлээс толгойг хамгаалах үндсэн үүргээс гадна үсийг “барих” хоёр дахь үүрэг малгайнд бас ногддог.
Эрт цагт үс бол эрчүүдийн хувьд хүч чадал, эмэгтэйчүүдийн хувьд үр хүүхэд төрүүлэх чадварыг бэлгэддэг байжээ. Тиймээс үсээ тайрах, самнахыг цээрлэдэг байв. Урт ургасан үс ажил хийх, хоол идэхэд хүртэл саад болдог учир үсээ сүлжин, элдэв янзаар засаад малгайндаа тогтоодог байжээ. Үсээрээ малгай хийх заншил одоогийн Өмнөд Суданд хадгалагдан үлдсэн. Эртний Египетэд малгайг өөрийнхөө биш хүний үсээр хийдэг байсан гэнэ. Боолуудаас бусад бүх хүн үсээ хусаж, үсээр хийсэн малгай өмсдөг. Харин бөө нар үсээ хусдаггүй, малгай ч өмсдөггүй байсан бөгөөд фараонууд эрх мэдлийг бэлгэдсэн цагаан цэнхэр алчуур зүүдэг байв. Хожмоо титэм бий болж, үнэт чулуу шигтгэсэн алтан титмийнхээ хэмжээгээр хаад, фараонууд өрсөлдөх болжээ. 1838 онд Виктория Хатан хаан болохдоо долоон кг орчим жинтэй алтан титэм өмссөн билээ.
Малгайн дээрх гангараа, чимэг зүүлт сэлт нь тухай хүний нийгмийн гарал, статусыг нь илэрхийлдэг уламжлал мөн л Египетээс гаралтай. Фараон тэргүүтэй эрхэм дээдэс малгайн дээрээ тод өнгийн өд хатгаж, эсвэл өвөрмөц хээ угалз зурдаг байв. Энэ нь холоос ялгарч харагдах бөгөөд ямар өнгийн өд хатгаснаар нь тэр хүний гарлыг нь төвөггүй мэддэг аж. Хятадын хаадын зарц, ордны үйлчлэгчид ч малгайн дээрээ тогосны өд хатгаж, шүрэн жинс, отго хаддаг байсан нь тэдний статусыг илтгэж байсан. Умард Америкийн уугуул иргэд устгасан дайсныхаа тоогоор үсэндээ бүргэдийн өд хатган гоёдог. Эрэлхэг зоригтой, олон дайсан хөнөөсөн индиан эр бүргэдийн өдүүдээр хэлхээ хийж зүүнэ. Зарим омгийнхон бүргэдийн өдний оронд бизон бухны эвэр толгойдоо зүүх нь бий.
Африкийн омгийн ахлагч нар ирвэсний арьсаар урласан малгайгаар гоёдог бол Хавай, Шинэ Гвинейд час улаан өнгийн өд малгайдаа хатгадаг ажээ. Эртний дайчид, цэргүүд ямар нэгэн амьтны арьсаар хийсэн малгай, эсвэл гавлын ясыг толгойдоо угладаг байв. Ингэснээр тэд нөгөө ертөнцтэй өөрсдийгөө холбож байгаа нь энэ аж. Цаг хугацаа өнгөрч, амьтны арьс, ясан малгайг төмрөөр бүрдэг болж. Ингэж дуулга үүссэн гэдэг. Вьетнамчуудыг сүрлэн малгай, арабуудыг эрээн алчуур, туркүүдийг овоодой, кыргызүүдийг эсгий юүдэн, энэтхэгчүүдийг нагагүйгээр төсөөлөхгүй. Эдгээр малгай нь тухайн үндэстний түүх, соёл хийгээд ёс заншил, амьдралын хэв маяг, ахуйтай нь салшгүй холбоотой.
Намибийн гереро хэмээх омгийн залуу бүсгүйчүүд нөхөрт гарахдаа зааны яс, элдэв сувсаар чимэглэсэн арьсан малгай өмсдөг. Энэ нь дунджаар 10 кг жинтэй байдаг аж. Орчин үед малгай зөвхөн халуун, хүйтэн, салхинаас хамгаалаад зогсохгүй тухайн хүний хэв маяг, таашаалыг илэрхийлэх болов. XVIII зуунд Парисын дэгжин бүсгүйчүүд дарвуулт онгоц, олон давхар шилтгээний дүрс бүхий том, хүнд малгайгаар олныг гайхашруулдаг байсан гэдэг. Их Британи, Францад ямар нэгэн үдэшлэг, цэнгүүн, баяр ёслолд бүсгүйчүүд “малгайгаараа уралдах” шахуу юм болдог байж. Бүсгүйчүүдийн малгайн өнгө, хэлбэр, хийц хэдэн мянган янз байхад үдэшлэгт ирж буй эрчүүд бүрх, бортогон малгай өмсдөг байжээ.
Х.ОД /Mongolnews.mn/