-Та нүдний эмч мэргэжлийг яагаад сонгосон бэ?
-Санамсаргүй сонголт болсон. Яагаад гэвэл би гадаад хэлийг илүү сонирхож байлаа. Манай ангид хэлний ганц хуваарь ирснийг өөр хүүхэд авчихлаа. Тэгээд Монголдоо байгаа хамгийн сайхан мэргэжлийг нь сонгоё гэж анагаахын хуваарь авсан. Орсон хойноо мэргэжилдээ дурласан. Би Анагаах ухааны дээд сургуулийг 1969 онд төгсөөд, 1971 онд нүдний эмч мэргэжил эзэмшсэн. Тэр үед Нямаа багш, Санжаа багш хоёр маань л багшилдаг байсан.
-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Намайг төгсөхөд Нэгдүгээр эмнэлгийн нүдний тасаг орон байрны хүрэлцээгүйгээс III эмнэлэг рүү шилжсэн байсан. Тэгээд би Гуравдугаар эмнэлгийн амбулаторид хоёр жил ажилласан. Нэгдүгээр эмнэлэг энэ байрандаа 1974 оны үед ашиглалтад ороход Нүдний тасаг буцаж ирсэн.
Би 1975 онд ирж ажилласан. Тэр үед насанд хүрэгсдийн дунд болрын цайлт, нүдний даралт ихсэх өвчин, хүүхдэд ялангуяа цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд бактерийн гаралтай салстын халдвар илүү тохиолдож байсан. Харин одоо вирусийн халдвар илүү тохиолдох боллоо. Манайхан нүдний ханиад гэх болсон шүү дээ.
-1973 оноос хойш Та хаана ажилласан хэрэг вэ, орон нутагт уу?
-Үгүй дээ, 1973 онд гэр бүлээрээ Тайландын Бангкок хотод амьдрах болсон. Манай нөхөр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн байгууллагад (ESCAP) Монголоос анх удаа ажилласан. Нөхрийг маань Н.Алиасүрэн гэдэг. Манайх тэндхийн анхны монгол айл байлаа. Тэнд очоод би зүгээр гэрийн эзэгтэй байж чадаагүй л дээ. Мэргэжлээрээ суралцахаар эрэл хайгуул хийж эхэлсэн. Тай үндэстэн бол ганц шашинтай, их зөөлөн сэтгэлтэй, сайхан хүмүүс. Ингээд таньдаг хүмүүсийн тусламжаар Тайландын Махидол их сургуулийн Раматибоди эмнэлэгт суралцаж, дадлагажих боломж олдсон. Манайх тэнд гурван жил, би хоёр жил болсон. Эхний жил надад англи хэлээ сайжруулах хэрэг байсан. Юм сурах гээд яваад байгаа хүнийг дэмждэг юм билээ. Тайландын эмнэлгүүд барууны стандартаар хөгжсөн. Эмнэлэг нь яагаад сайн байдаг гэхээр олон жил Америкийн нөлөө байсан учир 1970-аад он гэхэд л анагаахын сургалт нь яг Америк системээр явдаг байлаа. Ирээд яамны томилолтоор Нэгдүгээр эмнэлэгтээ үргэлжлүүлэн ажилласан. Гадаадад мэргэжил дээшлүүлсэн анхны улс минь энэ.
-Түүнээс хойш та олон улсад суралцаж мэргэжил дээшлүүлсэн байх, тийм үү?
-Би 1980 онд ОХУ-ын нэрт эмч, эрдэмтэн С.Н.Федоровын институтэд Федоров багшийнхаа удирдлагад нүдний бичил мэс засал, нүдэнд хиймэл болор суулгах мэс засалд суралцсан. Дараа нь Лондонгийн их сургуульд урьдчилан сэргийлэх нүд судлалаар, БНСУ-ын “Кореа” их сургуульд клиник судлаачаар тус тус мэргэжил дээшлүүлжээ. Лондонгийн их сургуульд 17 орны 19 эмчтэй хамт сурсан. Би азтай л хүн. Улс орон, төр засгийн минь л буян шүү дээ. Гэхдээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Би шалихгүй ээ, энэ алаг нүднээс өөр юм мэдэхгүй. Насан туршдаа л энэ салбарын шинжлэх ухааны хөгжлийг дагаж сурах гээд яваад байсан атлаа одоо хэр нь сурсан гэж хэлж чаддаггүй юм.
-Нүдэнд болор суулгах мэс заслыг Та Монголдоо анх нэвтрүүлсэн хүн шүү дээ?
-Тийм ээ, Орост суралцаад ирсний дараа 1983 онд нүдэнд болор суулгах мэс засал хийж Монголын анагаах ухааны салбарт хувь нэмрээ оруулсан. Анх хагалгаа хийлгэсэн Сэлэнгэ аймгийн Бавуудорж гэдэг хүн одоо ч байгаа. Тухайн үед Эрүүл мэндийн сайд Ням-Осор гуай “Монгол энэ хагалгааг хийсэн 19 дэх орон боллоо” гэж ярилцлага өгсөн. Тэгэхэд нь би арай үгүй байлг үй дээ гэж бодож байсан юм. Тайваньд энэ мэс заслыг манайхаас хоёр жилийн өмнө хийсэн юм билээ. Тэгээд Ням-Осор сайдын хэлсэн ортой байх нь гэж бодож суулаа. Түүнээс хойш тасгийнхан, залуучууддаа бүгдэд нь заасан. Болор суулгах мэс заслын арга цаг хугацааны явцад улам нарийсаж байгаа. Манайх ч гэсэн дагаад хөгжиж байна. Ам бардам хэлэхэд Монгол Улс энэ хагалгаагаараа дэлхийн түвшинд хүрсэн.
-Олон улсын нисдэг эмнэлэгт ажилласан тань хэдэн он байв?
-Дэлхийд ганцхан нисдэг эмнэлэг байдаг. Тэд надад санал тавьсны дагуу би”Орбис” эмнэлэгт 1991 онд нэг жил ажил ласан. Нисдэг эмнэлэг улс орны Засгийн газар, Эрүүл мэндийн яамны урилгаар ирдэг юм. Манай улс энэ эмнэлгийг 1989 -2001 оны хооронд таван удаа хүлээж авсан, өнгөрсөн жил зургаа дахь удаагаа ирлээ. Ирэх жил дахин ирнэ. Нүдний эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “Боинг”-той дүйцэх хэмжээний DС-10 онгоц л доо. “Discovery”суваг есхөн сэдвээр мэдээлэл түгээдэг, түүний нэг нь онгоц юм билээ. “Орбис” эмнэлэг өнгөрсөн жил Монголд ирэхэд нь манайд ирж, хоёр хоног зураг аваад явсан.
Нисдэг эмнэлгийнхэн хөгжиж байгаа орнуудад ажилладаг сургалтын эмнэлэг. Нэг улсад гурван долоо хоног ажилла даг. Сургалт явуулахын тулд өвчтөн үзэж, эмчилгээ хийж эмч нарт зааж сургана. Үүгээрээ давуу талтай, эдийн засгийн хөгжил буурай орны эмч нар гадаад руу тэр болгон явж мэргэжил дээшлүүлж ча дахгүй шүү дээ. Тэгэхээр газар дээр нь нүдний эмч, суви лагч, унтуулагч эмч бо лон ба гаж төхөөрөмжийн инженер үүдэд эрчимжүүлсэн сур галт явуулдаг учир их үр өгөөж тэй. Хятад гэхэд ийм онгоц буух боломжтой бүх хотдоо “Орбис”- ыг урьж ажиллуулсан.
-Та Анагаах ухааны их сургуульд олон жил тэнхимийн эрхлэгч хийсэн. Энэ онд танай сургууль 70 жилийн ойгоо тэмдэглэх юм байна?
-1995 оноос хойш Нүдний тэнхимийн эрхлэгч хийж байгаад хоёр жилийн өмнө ажлаа өгсөн. Миний шавь нар энэ тэнхимийг аваад явах хэмжээнд бэлтгэгдсэн учир ажлаа хөнгөлье гэж бодсон. Манай сургууль төгсөлтийн өмнөх сургалтаараа маш сайн. Харин 20-иод жилийн өмнөөс сургалтдаа Европын блок системийг нутагшууллаа. Үүнийг нэвтрүүлэхэд амаргүй байсан. Бид хуучин Оросын системээр явж байлаа. Уг нь энэ систем эмч бэлтгэдэг сайн сургалт л даа. Гэхдээ орчин үеийн сургалтын арга барилтай хөл нийлүүлье гэвэл блок системийг нэвтрүүлэх нь зөв гэж манай сургуулийн удирдлага зоригтойгоор авч хэрэгжүүллээ. Ажлынхаа ч ард гарлаа. Энэ ажлаа дүгнүүлэхээр Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад хүсэлт тавьж мэргэжлийн экспертүүдээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн.
Ингээд Монгол Улсын ЭМШУИС 70 жилийнхээ ойн босгон дээр “Хүний их эмч” мэргэжлээр анагаахын суурь боловсрол олгох сургалтын нэгдмэл хөтөлбөр нь Дэлхийн анагаах ухааны боловсролын холбооны Глобал стандарт шалгуурыг хангаж, батламжаа авлаа. Энэ бол дэлхийн стандарт. Одоо манай сургуулийг төгссөн залуус төгсөлтийн дараах шатны сургалтад гадаадын аль ч сургуульд очсон хүлээн зөвш өөрөгдөнө гэсэн үг. Манай сургууль 70 жилийн түүхэндээ 7000 гаруй эмч бэлтгэсэн. 2,7 сая хүн амтай харьцуулахад нэг эмчид ногдох хүний тоо 375 болж байна. Энэ бол маш сайн үзүүлэлт.
-Дэлхийн аль ч улсад анагаахын төв сургууль дэргэдээ эмнэлэгтэй байдаг юм билээ. Гэтэл Монгол Улсын ЭМШУИС өөрийн эмнэлэггүй. Та бүхэн сургуулийнхаа дэргэд эмнэлэгтэй болох хүсэлт төр засагт тавьж байв уу?
-Сургуулийн зүгээс эмнэлэгтэй болох хүсэлтээ үргэлж тавьдаг. Мөнгө санхүүгийн л бэрхшээл байгаа. Өдий хүртэл сургалт явуулахад, оюутнаа дадлагажуулахад улсын томоохон эмнэлгүүд хамтарч ажилладаг, тэгэхээс ч өөр аргагүй, энэ чинь улсын ажил. Сүүлийн үед олон дарга солигдоход зарим нэг эмнэлэг хажиглаад байх болсон.Нэг нь ард түмнээ эмчилдэг, нөгөө нь ард түмнийхээ хүүхдийг сургадаг. Хоёулаа хүний эрүүл мэндийн манаанд зогсох нэг зорилготой хэр нь яагаад ингээд байдаг юм бэ гэж би хэлдэг л юм. Эмнэлгүүд ачаалал ихтэй аргагүй л байдаг байх. Улс орон хөгжөөд, мөнгө санхүүгийн боломжтой болоход сургууль дэргэдээ эмнэлэгтэй болох байх аа. Гэхдээ л сэтгэл мэдрэл, хав дар, халд варт, гэмтэл, хүүхэд зэ рэг нарийн мэргэжлээр төрөлжс өн эмнэлэгт нь очиж сурахаас өөр аргагүй.
-Нарийн мэргэжлийн эмч бэлтгэх төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахад Та нэлээд анхаарал тавьж ирсэн гэдэг?
-Намайг Тайландад сурч байхад төгсөлтийн өмнөх бөгөөд дараах сургалт Америкийн системээр явж байсан. Тэнд нүдний эмч мэргэжлээр гурван жил сурдаг. Төгсөлтийн дараах сургалт гурван жил байх нь үр дүнтэйг мэдсэн хүний хувьд би “Махидол” их сургуулийн Нүдний тэнхимийн сургалтын материалыг аваад ирсэн. Тайландаас ирээд шууд энэ тухай ярьж чадаагүй, нүднийхэндээ л ярьсан. 1970- аад онд хэн ч хүлээж авахгүй шүү дээ. Харин сүүлийн 10 гаруй жил ярьсаар яваад энэ хөтөлбөрийг өөрийн тэнхимдээ нэвтрүүллээ. Төгсөлтийн дараах резиденсийн сургалт Японд тав, Канад, БНСУ-д тус бүр дөрвөн жил байна. Тэгээд намайг “Багш аа, та өөрөө хий” гээд зөвшөөрсөнд би сургуулийнхаа удирдлагад баярладаг. Бид нүдний эмчийг гурван жилээр бэлтгээд хэдэн жил болж байна. Одоо манай хэд хэдэн тэнхим гурван жилээр нарийн мэргэжлийн эмч бэлтгэх саналаа тавьсан. Тэгэхээр бид төгсөлтийн өмнөх сургалтаар дэлхийд үнэлэгдсэн бол цаашид төгсөлтийн дараах сургалтыг бүрэн нэвтрүүлэх, нутагшуулах хэрэгтэй. Аливаа шинэ зүйлийг нэвтрүүлэхэд их цаг хугацаа зарцуулдгийг би яс махандаа шингэтэл ойлгосон.
Эмч гэдэг зөвхөн уншиж сурдаг мэргэжил биш, гар дан хийж сурдаг мэргэжил. Ун шаад л сайн эмч болдог бол гурван жилийн хөтөлбөрийг гурван сар шахаад уншвал нэлээд ихийг судлах л байх. Гэтэл гардан хийдэг учраас нарийн мэргэжлийн сургалт нь ийм удаан байдаг гэж багш нартаа боломж гарахад л хэлдэг байсан. Хүний нүд их зүйл хэлдэг. Тэгээд ажиглахад “Багш дандаа л ингэж хэлж байдаг юм. Уг нь ч тийм шүү” гээд хэлж байгаа нүд их байдаг байсан. Харин одоо “Нээрэн тийм шүү” гэж хүлээн зөвшөөрсөн нүд илүү олон болсон. Яагаад гэвэл багш нар өөрсдөө гадагшаа явж, харж байна. Миний баримталдаг нэг зарчим бол хаана ажиллаж байна тэндээ хамаг хүчээ өгч ажиллах ёстой. Би зөв юман дээр бэрхшээлээс шантардагг үй.
-Ингэхэд манай улсын нүдний эмч бэлтгэх сургалт дэлхийд ямар түвшинд яваа бол?
-Хэдийгээр бид бусад олон орны их сургуулийн нүдний эмч бэлтгэх хөтөлбөрийг Олон улсын нүд судлалын зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу хэрэгжүүлдэг, АНУ-ын Нүд судлалын Академийн гаргасан бүх сурах бичгийг ашигладаг ч Америктай ижил түвшинд яваа гэж хэлж яаж чадах вэ. Бид тэдний хэдэн хувьтай явна гэдгийг хэлэхэд ч хэцүү. Яагаад гэвэл Америкийн сургалтын бааз нь илүү. Гэхдээ бид эхэлсэн, аль болох боломжийн хугацаанд тэдний хэм жээнд хүрнэ л гэж зорино доо. Би өөдрөг үзэлтэй хүн. Төг сөлтийн дараах сургалтыг хөл дээр нь гаргачихвал ми ний хүсэл тэр. Миний чин хүсэл бол монгол хүн эх орондоо байж, эмнэлгийн бүх тусламжийг авдаг байгаасай. Үүний тулд сайн эмчтэй байх ёстой.
-Тэгвэл нүдний эмчилгээний салбар нь?
Манай улс нүдний арын сегмент, торлог шилэнцрийн өвчний эмчилгээгээр л сул дуу яваа. Бид бусад эмчил гээгээр зохих түвшинд байгаа. Нүдний арын сегментийн өвч лөл нэмэгдэж байгаа, чих рийн шижингийн өвчлөл дэл хий нийтээр тахал шиг тар хаж байгаа өнөө үед энэ өвчний нүдний хүндрэл, тэр тусмаа торлогийн хүнд рэл нь хүнд. Энэ өвчний оношлогоонд нүдний томог рафийн аппарат зайлш гүй шаардлагатай байсан. Тэгээд бид өнгөрсөн хавар банкны зээлээр аваад эмнэлэгтээ тавь чихсан. Одоо манайд дутуу юм байхгүй ээ.
-Та мэргэжлээрээ хүүхдүүдээ сургасан уу?
-Манайх хоёр хүүтэй. Тэд маань эмч болоогүй ээ. Бага хүүгээ эмч болоход ятгаж чадаагүйдээ би жаахан харамсдаг. Том нь хуульч, аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Бага хүүдээ хэлэхэд сонирхохгүй байхаар нь орхичихсон. Би түмний хүүхдийг сургадаг хэр нь өөрийнхөө хүүг сургаж чадаагүйдээ өөрийгөө зэмлэдэг юм. Харин миний ач охин ноднин эмч мэргэжлээр төгссөн. Би жаахан хатуу талдаа хүн, тэр илүүддэггүй юм. Намайг ч гэсэн ахмад эмч нар хатуу шаардлагаар хүн болгосон юм шүү дээ. Би залуучуудад “Битгий л биеэ тоож үзээрэй” гэж хэлдэг. Хүн суралцаж гүйцэх биш дээ. Би саяхан Энэтхэгийн нэг том эмчийн лекцээс сайхан үг сонслоо. Тэр хүн “Намайг залууд манай багш “Хэрвээ нэг өдөр би ч гайгүй эмч боллоо доо гэсэн сэтгэл чамд төрвөл тэр цагаас хойш чи дандаа урууддаг юм шүү” гэж хэлсэн. Энэ үгийг шавь би шавь нартаа дамжуулдаг болсон.
-Танд ойрын үед амжуулахаар төлөвлөсөн ажил бий юү?
-Нас ахиж байгаа болохоор би өөртөө гурван том зорилт тавьсан. Нэгдүгээрт, сургуульдаа төгсөлтийн дараах резидентийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд нэмэр болох. Хоёрдугаарт, нүдний албанд бол торлог шилэнцрийн мэс заслыг хөл дээр нь сайн зогсоож өгнө. Үүнийхээ төлөө их явж байна. Хэрэгтэй багаж төхөөрөмжүүдийг нь аваад тавьчихлаа. Манай нэг эмч торлог шилэнцрийн мэс заслаар гадаадад жил хагас сурал цаад, ирэх намар ирнэ. Бас нэг эмчийгээ торлог шилэнцрийн эмийн болон лазерийн эмчил гээгээр сургасан, одоо ажил лаж байна. Дахин нэг эм чийг мэс засалд сургахаар явуулна. Торлог шилэнцрийн мэс заслын баг бэлтгэгдэж байгаа. Энэ талаар БНСУ-ын Күнхэ, Халими их сургуулийн торлог шилэнцрийн багтай хамтарч ажиллахаар болоод ирлээ. Тэгэхээр бид тун богино хугацаанд энэ мэс заслыг хөл дээр нь зогсоож чадна гэж найдаж байгаа.
-Гурав дахь зорилтыг тань сонирхож болох уу?
-Хувийн юм. Эцэг, эхийнхээ буяныг бодож төрсөн нутагтаа ахмадын сувилал байгуулахаар сүүлийн олон жил бодож жижиг жижигхэнээр ахиулсаар үйл ажиллагааг нь эхлүүлж байна. Би Булганы Хишиг- Өндөр сумын хүн. Хотын ойр орчимд сувилал шиг их юм алга.
-Та хүний нүд ихийг өгүүлдэг гэж хэлсэн. Мэргэжил тань хүний нүдийг “унших” чадварт сургасан юм болов уу?
-Нүд гэдэг сэтгэлийн илрэл шүү дээ. Харахад жигтэйхэн баясгалантай, цогтой эсвэл гунигтай нүд байна. Бас маш хүйтэн нүд байна. Хүйтэн сэтгэлээс дулаан нүд харагдана гэж үү. Сайхан урсгал зөөлөн нүдтэй хүн уян зөөлөн сэтгэлтэй байдаг. Яг тийм байдаг юм. Хүн рүү харахад л аяндаа мэдрэгдээд явчихна,чи нэг анзаараарай.
Э.ЭНХМАА /MONGOLNEWS.MN/