Зунжингаа найр наадам хэсч явсан монголчууд одоо л нэг ухаан орж байх шиг дээд доодгүй хичээлийн бэлтгэл, сургууль, цэцэрлэгийн засвар, төлбөр, тооцоо гээд л ярьж эхэллээ. Гэнэт ухаан орсон юм шиг хөдөлгөөнд орж хаа сайгүй ингэж мунгиналдах нь өнөөгийн Монголын дүр төрх гэлтэй. Жил бүрийн л намар ингэдэг юм даа хэмээн одоо тоохоо байж дээ. Гэхдээ жил бүрийн энэ үед яана даа гэх уулгыг өөрийн эрхгүй алдагдуулж буй зүйл нэг биш нэлээд хэд байдаг. Үүний дотор Монголын ирээдүй гэж хэлэгдэх болсон шинэ залуу боловсон хүчнүүдийн ааш авир, замбараагүйтэл хэн хүний хараанаас гарч замхарч байна.
Тодруулбал, хичээлийн шинэ жил эхлэх дөхөхөөр хаа сайгүй шинэ баар, паб нээгдэж, өдөр бүр л “пиг” хүнтэй байхыг олж харлаа. Арга ч үгүй биз намар баар цэнгээний газар ажиллуулдаг хүмүүсийн жинхэнэ ангийн улирал нь юм хойно. Үүнд хараа хяналт тавиад ч нэмэр алга. Монголын хууль гурав хоногтоо гэгч болоод л дуусдаг. Хамгийн гол нь эдгээр газруудыг өдөр шөнөгүй дүүргэж баяжуулж байгаа хүмүүс нь өнөө л нөгөө ядуу тарчигаараа дуудуулж, кондукторт чимхүүлж, хуушуур пирошкихноор амь зогоодог хэмээн өрөвдүүлж явдаг оюутнууд.
Хамгийн харамсалтай нь тэд их хөлийн газарт их эрдэм ном сурсан амьтан болон жүжиглэж аав ээжийнхээ халуунд халж, хүйтэнд хөрч байж олсон хэдэн төгрөгийг нь хамж аваад ирнэ гээч. Гэтэл нөгөө мөнгө нь хэсэг бүлэг хүмүүсийн халаас руу орж өөрөө эцэс сүүлд нь юу ч үгүй хоосон хоцорч ээжээ ааваа мөнгө гээд л өрөвдөлтэй царай гаргаж утас цохино. Уг нь их зохиолч Д.Нацагдорж “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” гэж хэлсэн байтал одоогийн оюутнууд эсрэгээр нь хүний хөл ихтэй газраас хүний хүү архичин болоод ирнэ гэдэг л болж байх шиг байна.
Амьдралын хамгийн сайхан дурсамжтай мөчүүд оюутан насанд тохиож амьдралынхаа туршид санаж дурсаж байдаг гэдэг дээ. Энэ л үед амьдралынхаа ханийг, амжилттай ажиллах мэргэжил мэдлэг гээд бүхнийг энэ л дөрвөн жилээс олж авдаг. Гэтэл сүүлийн үеийн тэр дундаа ардчилсан гэх Монгол Улсын сэхээтнүүдийн хувьд энэ байдал үгүй юм шиг байна. Нэг жишээ дурдахад хичээл эхлэх дөхөх тусам эрүүлжүүлэгдэх хүмүүсийн тoo эрс нэмэгдсэн байх юм. Эдгээр эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн ихэнх нь их сургуульд дөнгөж суралцах гэж ирсэн залуус байх юм. Хамгийн харамсалтай нь тэд сурах гэж байгаа сургууль, анги танхим нь хаана байрладаг ямар автобусаар очих ёстой гэдгээ мэдэхгүй байж цэнгэх газраа олчихоод байгаа нь эмгэнэлтэй.
Энэ л хамгийн өрөвдөлтэй, харамсалтай санагдаж байна. Ер нь эвий муу энэ оюутан байгаа юм гэж өрөвдүүлж явдаг тэд хамгийн баян хүмүүс байдаг гээд хэлчихсэн ч болно доо. Өдөр бүр биш юмаа гэхэд долоо хоногтоо нэг удаа баасан ахын төрсөн өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг нь оюутнууд. Унааны мөнгөгүй, хоолны мөнгөгүй гэж өдөр нь гуйлгачин царайлдаг ч орой нь хаанаас олсныг бүү мэд энд тэндхийн цэнгээний газарт орчихсон наргиж цэнгэж явдаг. Дээрээс нь тэднийг Монгол Улсыг авч явах их сэхээтнүүд гэж өргөмжлөн тэтгэлэг өгч давраагаад л.
Магадгүй зарим нэг хүмүүст нь төрөөс өгч байгаа 70 мянган төгрөг хэрэгтэй байж болох ч зарим нэгэнд нь зүгээр шоуны мөнгө болж байгаа нь нууц биш. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг бол ирээдүйн сэхээтнүүдийнхээ шоуны амьдралд анхаарал тавих цаг хэдийнэ болсон юм шиг санагдах юм. Бас их дээд сургууль төгсөж байгаа залуусын ихэнх нь ажилгүйчүүдийн эгнээ рүү ордог. Арга ч үгүй биз. Дөрвөн жилийн турш аав ээжийн хайранд бөмбөрч, ардын багш нарыг “араар нь тавьж”, төр засгийн хайр ивээлд багтан өнгөрүүлсэн хүмүүс ажил мэргэжлээ гүйцэд эзэмшиж яахан чадах билээ. Ингээд л ажилд гологдон ажилгүй нэгэн гэх нэр зүүж эс бөгөөд лангууны ард худалдагч болоод сууж байгаа юм.
Хатуухан хэлж байж болох ч энэ бол яалт ч үгүй оюутнуудын үнэн дүр төрх. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг дээ. Одоо ингээд хичээл эхэллээ. Нөгөө л оюутны виза карт төлбөр тэтгэлэг дотуур байр гээд яригдаад эхэлчихэж. Энэ нь оюутнуудын төрөөс авах гэсэн хүсэлт шаардлага. Хэрвээ төр тэдэнд хувь хишгээ харамгүй өгөх аваас өгснийхөө дайтай хариуцлагыг нэхэх хэрэгтэй. Ер нь Их яруу найрагчийн хэлсэн үгийг жинхэнэ утгаар нь яагаад хэрэгжүүлж болохгүй гэж. Эх орон эцэг эх нь тэднийг их эрдэм сураасай гэж дөрвөн жил тэтгэсэн болохоос архи ууж хоосон толгойгоо ганзагалаад ир гээгүй л байлтай.
Г.Түмэнтогос