Дунд сургуульд байхаасаа л хувцас оёж эхэлсэн хүү өдгөө дэлхийн загварын ертөнцийн акулуудын нэг болжээ. Тэр бол Томми Хилфигер. Нью-Йоркийн Элмира гэх жижигхэн хотод төрсөн тэрбээр 33 настайдаа “Tommy Hilfiger” корпорациа үүсгэн байгуулсан аж. Т.Хилфигер таван хүүхэдтэй сайн аав төдийгүй нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг байна.
“Дунд сургуульд байхдаа би их ноомой байсан. Тэр үед би хичээлдээ тааруухан байсан тул өөрийгөө тэнэг юм байна гэж боддог байв. Алгебрын хичээл сонирхолгүй санагдаж, Шекспирийн зохиолыг уншиж байгаагүй” хэмээн ярьсан түүнийг Пирс Морган нэвтрүүлэгтээ урьжээ.
-Надад тухгүй байгаа ч би хамгийн сайхан зангиагаа зүүж, костюмоо өмс өөд, гутлаа гялалзуулчихсан л Таны өмнө сууж байна. Би тантай ярилцахдаа бэлэн байна, Хилфигер.
-Чи яг л Пирс Морган шиг харагдаж байна.
–Таныг хосгүй хүн гэж хэлэхэд маргах хүн үгүй биз. Нью-Йоркт ирэх үедээ та ердөө 150 ам.доллартай байсан гэдэг. Түүгээр 20 ширхэг жийнс худалдаж аваад, өөрийн жижиг хотод аваачин, борлуулсан нь таны амжилтын үндэс болсон. Таны энэ амжилтыг өнөөдөр эхлүүлэх боломжтой гэж бодож байна уу?
-Миний бодлоор олон хүн үүнийг хийж чадна. 150 ам.долларт учир нь байгаа юм биш л дээ. Хүмүүс өнөөдөр ч өөрсдийн бичил бизнесийг эхлүүлж, амжилтад хүрч байгаа шүү дээ. Ийм жишээ зөвхөн Америкт ч бус дэлхий даяар олон бий. Хэрэв чи үнэхээр хүсэл эрмэлзэлтэй бол түүнийг биелүүлэх боломж үргэлж байдаг. Юуны түрүүнд чамд мөрөөдөл байх хэрэгтэй, Тэгээд түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байх нь чухал. Би дунд сургуульд байхдаа хэдэн найзтайгаа нийлж, “People’s Place” нэртэй дэлгүүр нээж байлаа. Тэр үед бид тус бүр 150 ам.доллар гаргаж байсан юм. Намайг 23 настай байх үед бид дампуурчихсан. Тэр үе надад их сургамж болсон доо. -Би одоо л амжилтад хүрлээ гэж Та хэзээ бодсон бэ? -Өөрийгөө амжилтад хүрлээ гэж үзэх нь надад аюултай санагддаг. Яагаад гэвэл, тэр үед чи биеэ тоосон нэгэн болж хувирна. Цаг ямагт даруу байх нь дээр гэж би үздэг. Хэрэв бизнес эрхэлж байгаа бол болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь чи бүх зүйлээ хуруугаар няслахын төдийд ч алдаж магадгүй шүү дээ.
-Өнөөдөр танай брэнд дэлхийн хэмжээнд танигдах болсон. Цаашид юу хийхийг хүсэж байна вэ?
-Би гэрийн тавилга үйлдвэрлэхийг хүсэж байна. Бас зочид буудалтай болохыг мөрөөддөг.
-Би өмнө нь тань шиг загварын бэлэг тэмдэг болсон хүнийг урьж байсангүй. Бас улс төрийн удирдагчдын хувцаслалтын талаар асууж байгаагүй юм байна. Таны бодлоор Барак Обамагийн хувцаслалт ямар вэ?
-Өнгөлөг, эсвэл хөвөн даавуун хослол түүнийг улам сайхан харагдуулах байх. Миний бодлоор түүнд хослол сайхан зохидог.
-Тэр үргэлж албан ёсны хувцасладаг. Энэ нь түүнд хааяа ч гэсэн түвэгтэй санагддаг байх гэж би боддог?
-Тэр үргэлж гэрэл зурагчдын хараанд өртдөг болохоор хослол өмсөх нь зайлшгүй шүү дээ.
-Тэгвэл Пол Райаны талаар юу хэлэх вэ?
-Тэр яг л жентельмен, америк бизнесмен шиг харагдаж байна. Хувцаслах тал дээр тэр Б.Обамагаас арай илүү юм шиг ээ.
-Митт Ромни улбар шар хүрэм өмсчээ. Тэр ямар харагдаж байна вэ?
-Тэр албан ёсны гэхээс илүүтэй энгийн хувцаслахыг илүү үздэг юм болов уу. Дашрамд хэлэхэд, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг шүүмжилж байгааг би олонтаа сонссон. Минийхээр бол Америкт шинэ ажлын байр олноор бий болгож чадах хүн бидэнд хэрэгтэй.
-Тэгвэл тэргүүн хатагтайн тухай юу гэх вэ. Тэр тун загварлаг хувцасладаг юм шиг санагддаг.
-Тийм ээ, чиний хэлсэнтэй санал нэг байна. Мишель Обама үнэхээр сайхан хувцасладаг. Тэр миний зохиосон загвараас өмсдөгт би баяртай байдаг. Хатагтай Ромни бол хуучинсаг байх. Гэрэл зургаас нь харахад надад тэгж ажиглагдсан.
-Одоо өөр зүйл ярья, Тони. Аутизм гэх сэтгэцийн нэг төрлийн өвчин танай гэр бүлийнхний санааг яагаад тэгтлээ зовоодог юм бэ?
-Энэ өвчин бидний сэтгэлийг үнэхээр зовоодог. Америкийн 23 сая өрхөд аутизм өвчтэй хүүхэд бий. Миний мэдсэнээр 88 хүүхэд тутмын нэг нь ийм өвчтэй төрдөг. Энэ өвчин ямар ч эмчилгээгүй. Бас Засгийн газраас тэдэнд санхүүжилт олгодоггүй юм билээ. Миний эхнэр Дий “Autism Speaks” (аутизм өвчний талаар судалгаа явуулдаг, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулахыг зорьдог олон улсын байгууллага)-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Бид судалгааны ажлаа улам шаргуу хийж, ийм өвчнөөр шаналж байгаа гэр бүлүүдэд туслахыг зорьж байгаа. Энэ бол эдийн засгийн хямралаас ч илүү хор хөнөөлтэй өвчин.
-Энэ үйлсэд тань амжилт хүсье.
Ц.БОЛОР /MONGOLNEWS.MN/