Та хоёрын харилцаа одоог хүртэл хэвийн үргэлжлээгүй ч бие биенээ гэх тэр нарийн утас тасраагүй. Яг одоо хамтдаа байхгүй ч хамтдаа үлдээсэн нандин дурсамж, аз жаргалтай мөчүүд саяхан юм шиг л санагдана. Хааяа нэг бие бие рүүгээ залгаж мэнд мэдэлцэнэ.
Энэ үед яг л урьдны сайхан хосууд хэвээрээ байгаа юм шиг санагдана. Одоо бид хоёр буцаад нийлэхэд болохгүй юм байхгүй шүү дээ гэж бодсон хэрнээ яагаад ч юм нэг үл мэдэгдэх саад байсаар хэдэн жилийг ардаа үджээ. Тэр минь өөрийг нь хайрлах хэн нэгэн сайн хүнтэй учраасай гэсэндээ “Одоо нэг сайн хүнтэй болооч” гэж чин сэтгэлээсээ түүнд хэлж байсан удаа чамд бий. Чиний хүссэнээр тэр өөр нэгнийг олжээ. Чиний сэтгэл хөндүүрлэж байгааг мэдэж байна. Харин энэ үед чи яах уу?
Сөрөг шийдэл: Түүний холбоо тогтоосон хүнийг олохыг хичээнэ. Тэгээд өөрийгөө тэр хүнтэй нь харьцуулна. Болсон зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй одоо хүртэл тэр чинийх мэтээр санаж түүн рүү залгаж бүдүүлгээр аашилна. Сэтгэлдээ хэрэгтэй хэрэггүй олон зүйлийг эргэцүүлэн бодож найз нөхөддөө түүний талаар гомдоллон ярина. Найзууд чинь мэдээж чиний талд орох тул түүнийг энэ ертөнцийн хамгийн муу хүн мэтээр ярина. Чи яг л нөхөртөө хаягдсан юм шигээр өөрийгөө төсөөлөн сэтгэлээ улам их зовооно. Үнэн хэрэгтээ тэр аль хэдийн явчихсан байсан шүү дээ.
Эерэг шийдэл: Энэ бол миний хүсэн хүлээсэн үр дүн. Харин ч түүндээ аз жаргал хүсээд өнөөх нандин утсаа таслаад өөрийнхөө ирээдүй рүү жаргалтайгаар инээмсэглэн алхана. Тэр надад одоог хүртэл шударга хандсан. Тэр бас надад юу ч амлаагүй. Энэ л хангалттай. Бидний нандин учрал ирээдүйд аз жаргалтай дурсамж болон үлдэх хэрэгтэй шүү дээ. Ийм үр дүн хэзээ нэгэн цагт ирэхийг би мэдэж л байсан. Харин одоо тэр цаг нь иржээ. Түүндээ аз жаргал хүсмээр байна.
Юуг ч битгий үзэн яд, бусдыг ойлгохыг хичээ. Ойлгохыг хичээх тусам үл ойлгогдох зүйл гэж үгүй болно. Учир нь бид бүгдээрээ зүрх сэтгэлтэй хүмүүс.
GOOLINGOO