Монгол Улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг өнөөдөр “Angel of music” тоглолтоороо сонгодог урлагт шимтэгч түмэнтэйгээ уулзах гэж байна. Уг тоглолтод циркийн үзүүлбэр, симфони оркестр, цэнгээнт бүжиг гээд урлагийн олон төрөл багтах аж. Мөн “АСА” циркийн жүжигчид, “Хурд”, “Улаан сарнай” хамтлаг, “Натур дансе” студийн бүжигчид, гавьяат жүжигчин Э.Амартүвшин, соёлын тэргүүний ажилтан Э.Анхбаяр, ДБЭТ-ын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Энэхүү бүрэн хэмжээний теартчилсан тоглолт Гэгээн хайрын баярын өдөртэй давхцаж байгаагаараа онцлогтой. Тиймээс ч “Сонгодог хайрын үдэш” тоглолтод дэлхийд алдартай дуурь, оперетта, мюзиклийн хайрын сэдэвтэй хоршил ари, дуунуудаас түлхүү оруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Армяны тенор Ованес Айвазян урилгаар оролцож, Италийн маэстро Роберто Салвалаио тоглолтыг дохих аж.
ДБЭТ-ын захирал асан Б.Сэргэлэн Олон улсын залуу уран бүтээлчдийг дэмжих “Smolart” байгууллагын захирал Сергей Молчанов нар өнгөрсөн 2011 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Үүнийхээ дагуу Ованес Айвазянаар анхны төслөө хэрэгжүүлж, өнгөрсөн онд алдарт Пуччини “Тоска” дуурийн Каварадоссигийн дүрд урьж тоглуулсан юм.
Харин Роберто Салвалаио Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран ажиллаад нэлээд хэдэн жилийг ардаа үдэж байгаа бөгөөд аль хэдийнэ монголчуудын танил болсон билээ. С.Мөнгөнцэцэг тоглолтынхоо тухай “Angel of music” бол миний бие даасан гурав дахь тоглолт. Хоёр тоглолт хийсний дараа дараагийнхаа тоглолтыг нэлээд сенсаацтай хийе гэсэн бодол төрсөн.
Том зүйл бодчихоор жижиг зүйл хийх гэхээр санаанд хүрэхгүй юм шиг санагдаад нэг л том юм ярьсан хүн хэдэн жил явлаа. Ингээд удаан бодсоны эцэст шийдлээ. Хайрыг мэдэрч, өөрөөсөө цацруулж чаддаг бүх хүнийг тоглолтдоо урьж байна” хэмээн ярилаа. Дуучин бүсгүй дунд сургуульд байхдаа драмын жүжигчин болохыг мөрөөддөг байжээ. Тэрбээр “Миний багын характер үе шатлалтай.
Нэг хэсэг их бүрэг ичимтгий, хаалттай хүүхэд байлаа. Тэгсэн мөртлөө аав, ээжтэйгээ их нээлттэй. Гэрээсээ гарахаараа их бүрэг болчихно. Хэсэг хугацааны дараа тэр байдал эсрэгээрээ эргэж, гэртээ ээж, аавынхаа үгэнд ордог, нэг л сайн охин. Ангидаа очихоороо хөгжилтэй, чөлөөтэй байж чаддаг болсон. СУИС-д ах, эгч хүмүүстэй нэг ангид суралцах болсон тул тэдэнд дарагдсан. “Би бага нь учраас ингэж хэлэх ёсгүй, ийм зүйл хийх ёсгүй” гэж их өөрийгөө дардаг байлаа.
Харин Болгарт очоод соёлтой, өөрийн гэсэн боловсролтой янз бүрийн хүмүүстэй харилцаж, харилцааны соёлд суралцсан. Гэвч би өөрийгөө төгс төгөлдөр болсон гэж хэзээ ч бодохгүй. Үхэн үхтэлээ сурч боловсрох болно” хэмээн ярьсан удаатай. Энэ ч утгаараа С.Мөнгөнцэцэг хийж байгаа бүх зүйлээ төгс төгөлдөрт ойртуулахыг хичээдэг гэнэ.
Тиймээс “Сонгодог хайрын үдэш” тоглолтынхоо бичлэгийг DVD болгон сонсогч олны хүртээл болгохоор шийджээ. Энэ нь Дуурь бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ойд барьж буй түүний бэлэг аж. Гэвч С.Мөнгөнцэцэгийн бэлэг үүгээр дуусахгүй. Тэрбээр ирэх хавар дан монгол дуунаас бүрдсэн цомог гаргахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”