ЦЕГ-аас өчигдөр иргэдэд нэгэн сэрэмжлүүлгийг хүргэлээ. Энэ нь өнгөрсөн бямбаас мягмар гаригт манай улсынхаас гадна АНУ, БНХАУ гээд өөр хэд хэдэн орны иргэдэд +14166177531 дугаараас “You have been selected to receive a donation of $1.500.000.000 USD by Mark and Cindy hills. To begin claims send your full names to hillsfamly105@gmial.com” буюу Та ноён Мак Хилс болон хатагтай Синди Хилс нарын 1.5 сая ам.долларын хандив хүлээн авагчаар сонгогдлоо.
Та мөнгөө авахын тулд өөрийн овог нэрээ бүтэн. бичиж hillsfamly105@gmial.com хаяг руу илгээх шаардлагатай” гэсэн утга бүхий мессэж гар утсанд нь иржээ. Албаныхны мэдээлж буйгаар +14166177531 дугаар нь Канад улсын Торонто хотын бүртгэлтэй бөгөөд дээрх үйл явдал нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын Миссоури /Missouri/ мужид Мак Хилс, Синди Хилсийн гэр бүл “Роwerball MOLottary” нэртэй сугалаанд түрүүлж 293.750.000 ам.доллар хожсонтой холбогдуулан гарч байж болзошгүй луйвар гэнэ. Иймд иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүйн тулд илгээгч этгээд нь тодорхойгүй цахим шуудан, мессэж, түүгээр дамжсан вэб холбоосыг ашиглахгүй байхыг анхааруулж байна.