Олон хүүхэдтэй эцэг эхчүүүд бодохдоо, хайр халамжаа хүүхдүүддээ тэнцүү хүртээж, ижилхэн хүмүүжүүлж байгаа ч, хүүхдийн төрөлхийн зан чанараас л болж тэдний хүрэх өндөрлөг өөр өөр байдаг гэж итгэдэг. Энэ зөв байж чадах уу? Статистикаас асууя.
Америкчуудын намтрын судалгаанаас харахад айлын ууган хүүхэд амжилт, өндөрлөгт хүрэх тохиолдол бусад хүүхдийг бодвол хоёр дахин илүү байна. Америкийн ерөнхийлөгч байсан хүмүүс, конкрессын гишүүд, шинжлэх ухааны цол хэргэмтэй эмэгтэйчүүдийг аваад үзсэн ч – ихэнхи нь айлын ууган хүүхэд байх юм. Тэгэхээр, энэ байдлыг зөвхөн төрөлхийн зан чанараар нь л тайлбарлах аргагүй болов уу? Өөр хүчин зүйлүүд л ингэж ууган хүүхдүүдийг өндөрлөгт хүрэхэд нь нөлөөлдөг бололтой.
Анх хүүхэдтэй болж байгаа гэр бүл эцэг эх болох бэлтгэл бараг байдаггүй гэж хэлж болно. Хүүхэд өсгөж хүмүүжүүлэх туршлага гээд байх юмгүй залуу ээж аав мянган ном сонин уншиж судаллаа ч, хүүхэдтэйгээ зөв харьцаж байгаа эсэхдээ үргэлж эргэлзэж байдаг. Тиймээс, хүүхэддээ тавьж байгаа шаардлага нь “бөөрөнхий”, туушгүй байх нь элбэг. “Хэрэв ингэвэл яадаг юм бол, харъя” гэх маягаар туршлага цуглуулдаг. Нэг талаас харахад, туршлагагүй, “шинэхэн” эцэг эх гэдэг нь, мэдээж, муу мэт боловч, харин нөгөө талаас харахад – хүүхэд нь жижигхэн л болохоос хувь хүн гэдэг утгаараа, эцэг эхийнхээ туршлагагүй байдлаас хождог: түүний хүсэл бодлыг ээж аав нь сонирхон сонсдог, хүлээж авдаг, ойлголцтой ханддаг. Бас эцэг эхийнхээ өөртөө итгэлгүй байдлыг мэдэрсэн хүүхэд “өөрийнхөө толгойгоор байх” гэдэг бас нэг сайн чанарыг олж авдаг.
Ингээд ууган хүүхэд нь эцэг эхийнхээ хайр халамжинд, ертөнцөд өөрөөс нь чухал хүн байхгүй гэсэн бодолтой байж байтал эргэн тойрных нь түүнд хандах хандлага өөрчлөгдөөд ирвэл “№1” байж сурсан “этгээд” маань зиндаагаа буцааж олж авах аргыг идэвхитэй эрэлхийлж эхэлдэг – олдог – амжилтанд хүрдэг. Дүүтэй болж эцэг эхийнхээ хувьд цорын ганц нь биш, “хаан ширээгээ” дүүтэйгээ хуваалцах болоход тэрээр тэрүүхэн тэндээ амьдралаа өөрчилж эцэг эхийнхээ хайрын төлөө тэмцдэгтэй нь ижил байдал том хүн болсон үед нь ч цөөнгүй тохиолдоно, тэр үед нь багадаа “үзсэн хичээл” нь тун ч их хэрэг болдог.
Харин хоёрдахь хүүхдийн хувьд, тэрээр хэзээ ч эцэг эхийнхээ цорын ганц амин сүнс нь байж үзэхгүй, тэрээр хэзээд хоёрдахь нь, лидер ах, эгчийнхээ араас байнга нэхэн хөөх тавилантай. “Гүйцэх” хүсэл хөгжлийн хөдөлгүүр болдог болохор ах эгчтэй хүүхэд хөлд орох, ярьж эхлэх зэрэгтээ анхны хүүхдээс илүү байдаг л даа. Гэхдээ насанд хүрсэн хойноо энэ өрсөлдөөнч чанар нь муугаар эргэх нь элбэг: хэрээсээ хэтэрсэн өндөр зорилго өмнөө тавьж, түүндээ хүрч чадахгүй байвал сэтгэлээр унах, “бүтэлгүй амьтан” хочтой болох г.м.
Айлын отгон хүүхэд эцэг эх нь хүүхэд өсгөж хүмүүжүүлэхдээ нэлээн туршлагатай болчихсон хойно төрдөг ч нарт хорвоод өөрийн байр сууриа эзлэхэд түүнд нэлээд хэцүү байдаг. Түүнийг бүгд л өхөөрдөн эрхлүүлнэ, бүгд түүнийг нялх амьтан гэж үзэх тул хувь хүн талаас нь бол хүлээж авдаггүй: бүгд л зааж сургана, өөрийн бодлоор нь хийлгэнэ гэж байхгүй. Ингээд өөрийн толгойгүй мэт, дандаа хүний үгээр л байдаг зан сууна. Дээр нь, өөрийн гэх өмчгүй, ах эгч нараасаа “өв залгамжилсан” хувцас гутал, тоглоом зэргийг хэрэглэдэг бол бүр хэцүү. Хэрэв отгон хүүхэд чинь ийм байдалд дотроо их дургүйцдэг бол та ирээдүйн босогч-тэмцэгч-хувьсгалчийг өсгөж байгаа байж ч болох. Том болсон хойноо ямар нэгэн байдлаар “өшөөгөө авах”, огт үгэнд ордоггүй зөрүүд болох мэтээр хариулах нь ч цөөнгүй байдаг.
Ийнхүү, эцэг эхдээ хэд дэх хүүхэд нь болж төрсөн нь түүний ямар хүн болохыг нь зайлшгүй тодорхойлдог байна.