Хорват Улсын Загреб хотноо 2014 оны залуучуудын ДАШТ амжилттай үргэлжилж байгаа. Энэ удаагийн дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцож буй эмэгтэй тамирчид амжилттай оролцож А.Батцэцэг аваргын алтан медаль хүртжээ. Тэрээр 55 кг-ын жинд барилдаж өрсөлдөгчдөө ялж манай улсын залуучуудын дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн монголын долоо дахь, эмэгтэй бөхчүүдийн хувьд гурав дахь тамирчин болсон юм. А.Батцэцэгийн хувьд 1994 онд төрсөн бөгөөд 2007 оноос “Хасу-Мегаватт” клубийн дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхлэсэн байна.