Гадны хэвлэлүүд: 13-15-р зууны үндэсний дээлээсээ санаа авсан Монголчуудын хувцас гайхалтай

Гадны хэвлэлүүд: 13-15-р зууны үндэсний дээлээсээ санаа авсан Монголчуудын хувцас гайхалтай

 

Италийн Милан-Кортина хотод 25 дахь өвлийн олимп зохион байгуулагдаж байна. 2024 оны Парисын зуны олимпоор Монголын баг тамирчдын хувцас дэлхий нийтийн анхаарлыг татаж, хийц урлалыг нь хүмүүс ихээхэн сайшаасан. Тэгвэл Милано-Кортинаг зорьсон багийн хувцас мөн хамгийн өнгө үзэмжтэй хувцасны нэг гэгдэж байна. Гаднын хэвлэлүүд Монгол Улсын баг тамирчдын өмсгөлийн талаар хэрхэн мэдээлснийг харцгаая.

Reuters: Милано-Кортинад Монголын баг загварлаг байдлаараа оноо авлаа

Өвлийн олимпод оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид Италийн Милан хотод цугларч байна. Тамирчид бүгд брэндийн цамц, хүрмээр гоёсон байсан ч нэг баг бусдаас онцгойров. Монголын тамирчид хөх өнгийн ноолууран дээлээр гоёсон нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татлаа. Улаан, шар торгоор эмжиж, эвэр угалз хатгаж чимэглэсэн энэхүү дээл нь тэдний олимпын албан ёсны хувцас.

Хувцсыг урласан"Goyol Cashmere" компанийн гүйцэтгэх захирал Б.Ариунаа “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө "Загварын санааг 13-аас 15 дугаар зууны үед монголчуудын өмсөж байсан уламжлалт дээлээс авсан. Тэр үед Монголчууд хамгийн хүчирхэг байсан" гэж хэллээ.

Тамирчдын хувцсанд уламжлалт шовгор малгай багтсан байна. Энэ нь монголчуудын дайчин үзэл санааг илэрхийлж байгаа юм. Монголчууд хатуу өвлийг дулаан давахын тулд дээл өмсөж ирсэн гэж “Goyol Cashmere” компани мэдээллээ. Энэхүү дээлийн загвар нь Номхон далайгаас Дунай мөрөн хүртэлх уудам нутгийг эзэлж, түүхэн дэх хамгийн том гүрнийг байгуулсан Чингис хааны үеэс эхтэй юм.

Б.Ариунаа хэлэхдээ "Манай дүрэмт хувцасны гол онцлог нь Монгол ноолуур ашигласанд оршиж байгаа юм" гэжээ. Монгол Улс бол ноолууран материалын дэлхийн томоохон үйлдвэрлэгч билээ. Тэрбээр нэмж хэлэхдээ, энэхүү хувцас нь Монгол Улс зөвхөн түүхий эд нийлүүлэгч биш, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддагийг харуулж байна гэв.

"Goyol Cashmere" компанийн бүтээлч захирал Д.Мөнхбаясгалан "Хөх өнгийг тэнгэртэй холбоож, оюун санааны болон үндэсний бэлгэдэл гэж үздэг. Учир нь тал нутгийнхан эртнээс тэнгэрийг шүтэж ирсэн билээ" гэж хэллээ.

Монгол Улсын төрийн далбааны өнгө болох улаан, алтан шар өнгө нь үндэсний бахархлыг илэрхийлж байна гэж тэр нэмж хэлэв. Д.Мөнхбаясгалан үргэлжлүүлэн "Энэ хувцас нь заавал олон улсын загвартай харагдах эсвэл орчин үеийн трендийг дагахыг хичээгээгүй. Харин бидний хэн бэ гэдгийг маш тодорхой харуулсан бүтээл юм" гэв.

Эдгээр загвар нь Ази даяар уламжлалт хувцас сэргэж буй томоохон хөдөлгөөний нэг хэсэг юм. Зарим орны засгийн газрууд үндэсний бахархлыг төрүүлдэг гэж үзэн энэ хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байна. Жишээлбэл БНХАУ-д эртний хаадын үеийн "Ханьфү" хувцас өмсөх тренд сүүлийн жилүүдэд маш их нэмэгдсэн. Харин тайландчууд хаадын үеийн загвартай хувцас өмсөх болсон байна. Монголын багийн хувцсанд өдөр тутамдаа өмсөж болох уул, ус, гэрэн хээтэй орчин үеийн ноолууран цамц багтжээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын оршин суугчид энэхүү загвар нь үндэсний өв уламжлалыг тусгасан төдийгүй орчин үеийн шийдэлтэй, өмсөхөд тухтай болсныг онцолж байна. Улаанбаатар хотын оршин суугч С.Сэнжид хэлэхдээ, энэхүү хувцас нь Монголын тамирчдад "Амжилт гаргахаас өөр сонголт үлдээгээгүй мэт сэтгэгдэл төрүүлж байна" гэж хэлээд тамирчдадаа амжилт хүслээ.

USA Today: Милани олимпын шилдэг загвартай хувцас

Миланы загварын долоо хоног өнгөрсөн сард эхэлсэн. Гэхдээ Италийн загварын нийслэлд дахин нэг загварын давлагаа ирж байна. 90 гаруй орны тамирчид 2026 оны Милан-Кортинагийн өвлийн олимпыг өөрсдийн загварын тайз болгохоор бэлтгэж байгаа юм.

Олимпын нээлтийн арга хэмжээ нь улс орнуудын баг тамирчдад өөрсдийн соёл, өв уламжлалаа ёслолын хувцсаараа дамжуулан дэлхий нийтэд танилцуулах онцгой боломжийг олгодог.

Аль улс нээлтийн ёслолын хамгийн шилдэг төрхтэй бүрдүүлэв? Аль хувцас нь хамгийн их маргаан дагуулав? Би улс бүрийн загварын цуглуулгыг судалж үзээд шилдгүүдийг нь тодрууллаа.

Хамгийн шилдэг хувцаслалтын төрөлд алтан медальМонгол Улс

Би гайхсандаа амаа ангайгаад хөшиж орхилоо. Монгол улс 2024 оны Парисын олимпын үеэр нарийн хийцтэй ёслолын хувцсаараа хүмүүсийг гайхшируулж байсан бол энэ удаад ч мөн адил маш өндөр үнэлгээ авч чадлаа. "Goyol Cashmere" компани Монголын өвөрмөц төрх, өв уламжлалыг орчин үеийн шийдэлтэй гайхалтай хослуулсан дээлийг урлажээ.

Нээлтийн ёслолын загварыг 13-15-р зууны Их Монгол Улсын үеэс санаа авч бүтээсэн байна. “Goyol Cashmere” компани "Энэ бол манай улсын түүхэн дэх хамгийн хүчирхэг үеүдийн нэг" гэсэн тайлбар өгөв. Энэ хувцсанд монгол ноолуур, торгон эмжээр, угалз хатгамал зэргийг ашиглажээ. Гоёмсог загвар нь үнэхээр алга ташим бахархам бүтээл болсон байна.

Vogue: 2026 оны өвлийн олимпын шилдэг дүрэмт хувцаснууд

Загварын түүхэн өвтэй Итали улсад цугларсан тамирчдыг дэлхийн шилдэг брэндүүд улс орнуудынхаа багийг хувцаслаж байна. Тиймээс 2026 оны олимпын дүрэмт хувцаснууд зөвхөн шагналын тавцан дээр биш, олон улсын загварын долоо хоног дээр ч гайхалтай харагдахаар урлагджээ. 2026 оны Миланы өвлийн олимп 2 дугаар сарын 6-наас 22-ны хооронд өрнөнө. Мөсөн талбай болон цанаар гулгах замаас гадна загварын талбарт ч томоохон өрсөлдөөн өрнөх нь тодорхой байна.

Сүүлийн хэдэн олимпуудын адил энэ жилийн багуудын хувцас нь зөвхөн стандарт спорт хувцас шиг биш, харин тухайн улсын соёлыг илэрхийлсэн бүтээлүүд болжээ. “Ralph Loren”, “Emporio Armani”, “Moncler” зэрэг томоохон брэндүүд ёслолын хувцсаар дамжуулан үндэсний өв уламжлалыг харуулж байна. Харин “Adidas”, “Lululemon” зэрэг брэндүүд спортод зориулсан хувцаснуудыг урлажээ.

2026 оны өвлийн олимпод Монголын багийн дүрэмт хувцас дахин олны анхаарлыг татах боллоо. "Goyol Cashmere" компанийн бүтээсэн ёслолын хувцас нь Монголын нүүдэлчин соёлын өв болох урт, бүстэй дээлийг орчин үеийн, маш чамин загвартай хослуулсан байна.

Монголын хатуу өвлийг давахад нэн шаардлагатай дээд зэргийн ноолуур, торгон эмжээр болон эвэр угалзтай загвар нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Энэ загвар тус улсын өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн гар урлалыг дэлхийн тавцанд гаргаж байгаа юм. Монголын тамирчдын хувцас нь дулаан байдал болон соёлын түүхийг гайхалтай хослуулсан бүтээл болжээ.

Эх сурвалж: Vogue, USA Today, Reuters

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан