FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

 

Өвлийн хүйтэнд хөлөө дулаан байлгахын зэрэгцээ загварлаг харагдахыг хүсдэг бүсгүйчүүдийн хувьд цасны гутал хамгийн тохиромжтой сонголтуудын нэг. Анх цас, мөс, хүйтэн цаг агаарт зориулан бүтээгдсэн энэ төрлийн гутал өдгөө уулын цанын баазаас хол давж, өдөр тутмын хувцаслалтын салшгүй хэсэг болжээ.

Үүний тод жишээ бол 1969 онд Италийн бизнес эрхлэгч Жанкарло Занаттагийн зохион бүтээсэн алдарт "Moon Boot" юм. Хүн төрөлхтөн саран дээр анх хөл тавьсан үйл явдлаас санаа авч, сансрын нисгэгчдийн гутлын загварыг дуурайлган бүтээсэн уг гутал удалгүй өвлийн "загварын бэлгэ тэмдэг" болсон түүхтэй.

Эл үеэс хойш цасны гутлын загвар, хийц улам бүр хувьсан өөрчлөгдөж, зузаан ултай, хөвсгөр материалтай, том хэмжээтэй загварууд тренд болж байна. Ялангуяа цанаар гулгахаар явж байгаа мэт хувцаслалтын хэв маяг буюу "après-ski" загварын нөлөөгөөр цасны гутлыг зөвхөн цанын баазад бус, хотын гудамжинд ч өдөр тутамдаа өмсөх болжээ. Тэр ч бүү хэл загварын долоо хоногийн үеэр ч загвар сонирхогчдын анхаарлыг татах болсон байна.

Цасны гутлын хамгийн том давуу тал нь дулаан, тав тухтай байдлыг загварлаг төрхтэй хослуулдагт оршино. Өмд, жинс, леггинс, урт пальто гээд өвлийн улиралд тохиромжтой хувцаслалтын олон төрөлтэй зохицох тул өдөр тутамдаа өмсөхөд ч тохиромжтой.

Ингээд энэ өвөл хүйтнийг ажралгүй, алхам бүрдээ тухтай байхын зэрэгцээ загварлаг харагдахад туслах цасны гутлын шилдэг сонголтуудыг танилцуулъя.

ICON ARCHIVE 1986 COW HIDE BOOTS

"Moon Boot" брэндийн гутал цанын баазад ч, өдөр тутмын хувцаслалтад ч эрэлттэй хэвээр байна. 1960-аад онд үүсгэн байгуулагдсан тус брэнд сүүлийн жилүүдэд загварын салбарын инфлүенсерүүдийн хамгийн ихээр сонгодог гутлын нэг болжээ. Энэ жилийн онцлох тренд болох үхрийн арьсан, тансаг хийц бүхий уг загвар хаана ч өмссөн бусдын анхаарлыг татах нь гарцаагүй. Ялангуяа чөлөөт, загварлаг хувцаслалттай төгс зохицоно.

KNEE SHEARLING SNOW BOOT

Загварлаг, содон хийцтэй "Kurt Geiger" брэндийн өвдөг давсан үслэг цасны гутал энэ жилийн шилдгээр нэрлэгдэж байна. Цасан цагаан өнгийн барзгар хээтэй хиймэл үсээр бүрж, гялалзсан талстаар чимэглэсэн уг загвар нь 2000-аад оны эхэн үеийн "Y2K" хэв маягийг орчин үеийн төрхтэй хослуулжээ. Өмссөн даруйдаа л олны анхаарлыг татах энэхүү гутал өвлийн хувцаслалтад тань гялалзсан өнгө нэмнэ.

ALTA 8 SNOW BOOTS

Шоколадан бор өнгө, даруухан атлаа тансаг төрхийг илүүд үздэг бол "Bogner" брэндийн энэ загвар яг тохирно. Гутлын гаднах хэсэгт байрлах брэндийн логоны жижиг деталь нь хэт чамин бус, донжтой харагдуулна. Харин зөөлөн нэхий доторлогоо нь өвлийн хамгийн хүйтэн өдрүүдэд ч хөлийг дулаан, тав тухтай байлгах давуу талтай.

VEGAN PLUSH-LINED SNOW BOOTS

"Stella McCartney" брэндийн "après-ski" цуглуулгад багтсан энэхүү гутал өвлийн улиралд загварлаг, байгальд ээлтэй сонголт хийхийг хүссэн хүмүүст зориулагджээ. Амьтны гаралтай материал ашиглаагүй, гар аргаар урласан уг гутал нь гүн шоколадан бор өнгөтэй бөгөөд хөнгөн үслэгээр доторлосон. Мөн брэндийн нэр бүхий туузан чимэглэл нь цанын баазад байгаа мэт өвөрмөц хэв маягийг бүрдүүлж, гуталд илүү содон төрх нэмсэн байна.

LOGO-APPLIQUÉD SILK-TWILL TRIMMED SHELL SNOW BOOTS

Өвлийн хүйтэнд байгальд аялж зугаалахад тохиромжтой "Pucci" брэндийн энэхүү гутал нь тав тух, содон загварыг хослуулжээ. Бусдаас ялгарах өвөрмөц загвар хайж байгаа бол энэ сонголт таны анхаарлыг татах нь гарцаагүй. Хар өнгийн гутлыг ягаан өнгийн зузаан, хөвсгөр дээд хэсэгтэй хослуулсан нь зоримог атлаа эмэгтэйлэг төрхийг бүрдүүлж, өвлийн хувцаслалтад өнгө нэмнэ.

FULL LEATHER GLOSS SNOW BOOTS

"Inuikii" брэндийн хар савхин цасны гутал өвлийн хувцаслалтад илүү дэгжин, тансаг өнгө төрх нэмнэ. Зөөлөн нэхий доторлогоо, зузаан ул, үдээстэй энэ гутал дулаан, тав тухыг загварлаг хийцтэй хослуулжээ. Цанын баазад амрахдаа ч, хотын гудамжаар өдөр тутам алхахдаа ч өмсөхөд тохиромжтой энэхүү гутал ямар ч хувцаслалтыг илүү донжтой харагдуулна.

WOMENS CELION HIGH SNOW BOOTS

Өвлийн эрс тэс нөхцөлд өмсөхөд тохиромжтой, загварлаг атлаа практик хийцтэй энэхүү гутал өдөр тутамдаа алхдаг хүмүүст зориулагдсан. Бат бөх нейлон болон нубук арьсан гадаргуутай бөгөөд бүрэн ус нэвтрүүлдэггүй, оёдол хэсгүүд нь хүртэл битүүмжлэгдсэн. -30 хэм хүртэлх хүйтэнд өмсөхөд тохиромжтойгоор бүтээгдсэнээс гадна хажуу талын цахилгаан нь өмсөж, тайлахад хялбар болгоно. Мөн ноосон хольцтой, салгаж угаах боломжтой улавч болон халтиргаа багатай, дулаан тусгаарлагч резинэн ултай тул мөстэй замд ч санаа зоволтгүй алхах боломжтой.

TRACKER PIONEER BOOT WATERPROOF

Адал явдалд дуртай, хаана ч явсан тав тухыг эрхэмлэдэг хүмүүст "Vivo Barefoot" брэндийн "Tracker Pioneer" загвар тохиромжтой. Зөвхөн цанын бааз гэлтгүй бартаатай зам, цас мөстэй орчинд өмсөхөд зориулагдсан энэхүү гутал нь олон төрлийн гадаргууг төвөггүй туулах арзгар ултай. Мөн ус нэвтрүүлдэггүй гадаргуу, дулаан доторлогоо, салгаж авах боломжтой дулаан хадгалах улавч нь өвлийн хүйтэн ч хөлийг дулаан, тав тухтай байлгана.

KIRUNA BOOTS

Шаргал өнгө хэзээ ч уйтгартай байх албагүйг "Bobbies" брэндийн энэхүү загвар харуулж байна. Байгалийн өнгө төрхийг санагдуулам зөөлөн шаргал "Kiruna" гутал нь энгийн атлаа дэгжин хийцээрээ бусдаас ялгарна. Цанын баазад гулгахдаа ч, хотын гудамжаар өдөр тутам алхахдаа ч өмсөхөд тохиромжтой тул өвлийн хувцаслалттайгаа хялбархан хослуулах боломжтой.

 

https://news.mn/r/2898312/

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан