Цаадах чинь байгаа болов уу даа. Ойрд сургуулилттай л байгаа байх шүү. Юу ч гэсэн хаалгыг нь цохиод үзэхгүй юу. Цонх нь онгорхой л байна” гэлээ. Төөтөөгийнх Батаагийнхтай хөрш ажээ. Хаалгыг нь тогштол нэгэн эмэгтэй онгойлгож өгөөд Батаатай уулзах гэж явааг сонсуутаа “За одоохон. Асуугаадахъя” гээд буцаад орчихов. Бид ч түүнийг “Ямар адилхан юм бэ. Дүү нь юм байна” гэж бодоод үүдэнд нь зогсож байв. Төд удалгүй Батаа өөрөө хаалгаа тайлаад “Хүүе та хэд чинь манайхыг олоод ирэв үү. Хэнээс мэдсэн юм бэ” гэсээр дотогш орууллаа. Тэрээр ийм эрт, тэгээд амралтын өдөр зочин ирсэнд эхэндээ багагүй сандрах шиг болж байсан юм.
“БАНШ” БАТААГИЙНХ
Д.Батаагийнх гурван өрөө саруулхан байранд амьдардаг юм байна. Биднийг ороход настай хөгшин зурагт үзээд сууж байсан нь Д.Батаагийн ээж Н.Янжинлхам гуай ажээ. Харин анх хаалга нээж өгсөн хүн бол гэрийн эзэгтэй Г.Булгантамир юм байна. Эднийх энэ байрандаа өнгөрсөн зуны наймдугаар сард нүүж иржээ. Урьд нь хороололд байрлах “Хөгжил” хотхонд амьдарч байсан гэнэ. Айл гэр болсноосоо хойш хоёрхон удаа буурь сэлгээд байгаа эднийх одоохондоо ганц охинтой. Аав, ээжийнхээ нар сар нь болсон бяцхан гүнжийг Б.Гэгээнсар гэдэг. Б.Гэгээнсарыг хэзээ дүүтэй болгох талаар сонирхоход гэрийн эзэгтэй “Уг нь дүүг нь нэхсэн хүмүүс зөндөө. Би энэ жил магистрт сурч байгаа. Сургуульд сурч байгаа болохоор дараагийн хүүхдээ хараахан төлөвлөөгүй байна” гэлээ. Тэрээр “Отгонтэнгэр” их сургуулийн Аялал, жуулчлалын менежментийн ангийг төгссөн бөгөөд өдгөө МУИС-ийн Эдийн засгийн сургуульд маркетингийн чиглэлээр боловсролоо ахиулж яваа юм байна.
Эднийх залуу гэр бүлийн жишгээр шинэхэн тавилгатай, орчин үеийн айлуудын адил өвөрмөц засал чимэглэлтэй юм. Харин ном нэлээн цуглуулж байгаа гэнэ. Дээхнэ “Мон Судар” компанийн рекламанд тоглосны дараа тус компаниас мөнгөө авах уу, ном авах уу гэхэд ном авъя гээд “Дэлхийн сонгодог зохиолын 50 боть” ном авсан гэнэ. Түүнээс хойш номынхоо цуглуулгыг нэмэх дуртай болжээ. Залуу хүмүүс гэхэд бурхан шүтээнээ ихэд дээдэлдэг гэж байлаа. Гэрийнх нь хамгийн үнэтэй өв нь айл гэр болоход лам багшийнх нь хайрласан Аюуш бурхан аж. Мөн урлагийн бурхан Янжинлхам, хүүхдийн бурхан Бүжинлхам гээд шүтвэл зохих бурхад эдний гүнгэрваанд байраа эзэлжээ. Харин үр хүүхдийнхээ оюуныг өндөр боловсролоор цэнэглээд өгчихөд л болно. Түүнээс биш ямар нэгэн эд хөрөнгийг чухалчлахгүй гэсэн бодолтой гэнэ. Гэрийн эзэгтэй “Охиноо өндөр боловсролтой, сайн хүн болгоё гэж зорьж байгаа. Угаасаа бид хоёрт уламжилж ирсэн эд зүйл гээд байх юм алга. Боловсролтой хүн болгочиход яаж амьдрахаа өөрөө мэднэ биз. Бид хоёр том болохоор нь машин ч авч өгөхгүй гэж ярьдаг юм” гэлээ. Охин Б.Гэгээнсар нь эхлээд биднээс бишүүрхэнгүй байснаа төд удалгүй нүүр хагарч том болоод мисс болно гэдгээ яриад загвар өмсөгчийн алхаагаар алхаж үзүүлэв. Гэргий, охин хоёр нь Батаагийн галзуу улаан фэнүүд гэсэн. Г.Булгантамир нөхрийнхөө талаар “Би чинь нөхрийнхөө фэн. Бүтээсэн бүх дүрд нь хайртай. Зүгээр нэг бахархаад байдаггүй, цаг минут тутамд бахархана даа” гэж байлаа. Тэр хоёр 2006 онд буюу Д.Батааг жүжигчин болоод тун удаагүй байхад нь танилцаж байжээ. Хосуудын гадаад төрх хоорондоо адилхан гэж жигтэйхэн юм. Ямар сайндаа Батаа “Хүмүүс бид хоёрыг адилхан гэдэг юм. Үнэхээр ч адилхан. Би хааяа толинд харахаар эхнэрийгээ харж байгаа юм шиг л санагдана шүү дээ” гэж байлаа. Тэрээр эхнэртэйгээ адилхныгаа “Амраг хосын нүд адилхан, заяаны хосууд адилхан байдаг гэж хүмүүс ярьдаг. Бэлгэшээлтэй сайхан л байдаг юм” гэв. Мөн гэр бүлийнхээ талаар “Урлагийн гэлтгүй ид хөдөлмөрлөж яваа хүмүүст ар гэрийн амгалан тайван байдал хамгийн чухал. Манай хүн надад “Чи минь ажлаа л сайн хий. Бид хоёрт битгий санаа зов” гэдэг. Би үнэхээр ч сэтгэл амгалан байдаг юм. Яагаав нөгөө хөзрийн ард түүз гэдэг шиг л” гэж байв.
Гэрт нь ийн хууч хөөрөөд сууж байтал Батаагийн утас байс гээд л дуугарах юм. Тэр ч компаниас ярьж байна, ийм ч реклам хийлгэе гэсэн захиалга тасардаггүй бололтой. Тэрээр жүжгийн сургуулилттай учраас 21 дүгээр сургууль руу явахаар боллоо. Улаан, хөх өнгийн бэлтгэлийн өмд, цамц цагаан пүүз өмсөөд гэрээсээ гарав. Тавдугаар сарын 3 хүртэл байнгын бэлтгэлтэй учраас иймэрхүү хувцастай явж байна даа гэж байлаа. Ингээд бид түүний машинд сууж XIII хороолол дахь 21 дүгээр сургууль руу явав. Тэрээр 2006 оны жолооч бөгөөд жолооны курсээ төгсөхөд нэг найз нь “Мерседес бенз” маркийн машин бэлэглэж байсан гэнэ. Тэр үеэс машинаа сольж унасаар одоо “Гранд марк-II” унаж байгаа юм байна.
Машинд нь явж байхад утас нь зогсоо зайгүй дуугарч байлаа. Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байгаад саатуулагдсан О.Алтангэрэл өмгөөлөгч ч ярьж байв. Тэрээр Батаагийн дотны, бүр хар багын найз нь ажээ. О.Алтангэрэл өмгөөлөгч маргааш (өнөөдөр) суллагдаж байгаа бөгөөд орой уулзъя гэцгээж байлаа. Мөн “NEXT” электрониксийнхон рекламны санал тавиад, уулзах цаг тохирч байв.
Д.Баттөмөр аав, ээжээсээ арвуулаа бөгөөд айлын бага хүү гэсэн. Өвөрхангайн төв Арвайхээр хотын унаган хүүхэд тэрээр арван жилээ нутагтаа төгсчээ. Аав нь багад нь бурхан болчихсон болохоор ээж болон олон ах, эгч нартаа эрхлэн өссөн гэнэ. Айлын отгон хүүхэд эрх байдгийн жишгээр Батаа ч мөн ээж болон ах, эгч нартаа эрхэлсэн хүүхэд байсан гэнэ. Бүр тавдугаар анги хүртлээ ээжийнхээ өвөрт унтдаг байсан ажээ. Дээрээс нь дархан эрхтэй, гэрийн ажил хийнэ гэж мэддэг ч үгүй байсан гэнэ. Ямар сайндаа ах, эгч нар нь усанд яв гээд байхаар нь арвын хоёр бидон бариад хашаанаасаа гарч явтал ээж нь хараад “Хэн чамайг усанд яв гээв. Наад хоёр гар чинь суначихна. Боль” гэжээ. Тэгэхээр нь ажил хийлгэх гээд байсан ах, эгч нарынхаа өөдөөс “Сонсов уу. Ээж боль гэж байна” гээд гэр рүүгээ гүйгээд орчихжээ. Харин хожим ах, эгч нарыгаа амьдрал зохиогоод тусдаа гараад явсан хойно жинхэнэ ажилд дарагдаж үлджээ. Өнөөх гараа сунгачихна гээд усанд явдаггүй “цагаан гартай” хүүхэд усанд явж, түлээ модоо бэлтгэж эр хүний хийх ёстой ажлуудыг хийж сурчээ. Түүний ээж Н.Янжинлхам аймгийнхаа Цагдаагийн газарт насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэнэ. Тэтгэвэрт гарсан хойноо отгон хүүтэйгээ арай илүү амь байдаг болохоор одоо отгон хүүгийндээ амьдарч байгаа ажээ.
Д.Батаа арван жилийн сурагч байхдаа математик, монгол хэл зэрэг суурь хичээлдээ тааруухан байсан гэнэ. Байнга л эх орны алтан гурав авна. Харин биеийн тамир, дуу хөгжим зэрэг хичээлдээ онц бөгөөд жил бүр урлагийн үзлэг болоход ангиа авч гардаг ганц хүн нь байжээ. Угийн алиа, шогч байсан болохоор багш нар болон ангийнх нь хүүхдүүд сайн байдаг байсан гэнэ. Харин айхтар сахилгагүйтэж гүйгээд байдаггүй байжээ. Багадаа дуу хөгжимд дурлахаас гадна сагсан бөмбөг тоглодог байсан бол оюутан болсноосоо хойш спортоо орхижээ. Тэрээр багадаа жижигхэн нүдтэйгээсээ болоод онигор нүдтэй хүнийг хочилж болох бүх хочийг авчээ. “Онин бууз”, “Нүдэн” гээд түүний багын хоч цааш үргэлжилнэ. Харин тэрээр бага байхдаа жүжигчин болно гэж огт төсөөлдөггүй байж. Ээж нь цагдаагийн байгууллагад ажилладаг, мөн ах эгч нар нь хуулийн мэргэжилтэй хүмүүс учраас хуульч болно гэж боддог байсан гэнэ. Гэтэл арван жилийн сургуулиа төгсөх үед аймгийнх нь Хөгжимт драмын театрын найруулагч “Хөөе нөхөөр чи СУИС-д шалгуулж үз” гэснийх нь дагуу хотод ирээд шалгалт өгтөл кино драмын ангид тэнцчихжээ. Ингээд л түүний жүжигчин болох зам нээгдсэн түүхтэй.
Үзэгчид түүнийг “банш” Батаа гэхээр андахгүй. Жүжигчин Батаа гэхээр “Ямар? Банш Батаа юу” л гэдэг аж. Яагаад ийм хоч авсан талаар нь асуухад “Миний бүтээсэн нэг дүр л дээ. “Х Түц” хамтлагтаа байхад телевизийн хошин шог тавьсан юм. Яагаав Монгол Улсын гавьят жүжигчин И.Одончимэг том эгч нь болоод бөөрний өвчин тусдаг нэг номер байдаг юм. Тэрэн дээр Нарансолонго бид хоёр эхнэр нөхөр болоод гэртээ банш хийж “Мянган нэрийн барааны дэлгүүр” дээр зардаг. Тэр дүрийг бүтээснээс хойш л хүмүүс “банш” Батаа гэх болсон. Дүр бүтээгээд, тэр нь хүмүүст хүрээд түүгээр маань намайг хочилж байгаа болохоор сайхан л байдаг юм. Ерөөсөө жүжигчин хүн гэдэг чинь бүтээсэн дүрээрээ олонд дуудуулах чинь сайхан шүү дээ. Одоо ч цол л авах үлдээ шив дээ” гэлээ.
“МӨРӨӨДЛИЙН ТЕАТР”-ЫН ЖҮЖИГЧИН БОЛЖЭЭ
Д.Батаа сургуулиа төгсөөд “Х Түц” хамтлагийн тогоонд олон авьяаслаг жүжигчдийн хамт буцалж байсан уран бүтээлч. Одоо харин хамтлагаасаа гарч “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин болсон. Тэрээр энэ талаараа “Манай “Х Түц” хамтлагийнхан авьяас нь хахсан уран бүтээлчид. Үнэхээр хийсэн шиг хийж, хөдөлмөрлөсөн шиг хөдөлмөрлөж чаддаг. Би хэн байхдаа хамтлагтаа орж байлаа. Тэд намайг хэн болгож өглөө гэдгийг би хаана ч, хэнд ч хэлнэ. Одноо эгч, Аглуу ах, Онон ах, Төөтөө, Нарансолонго, Бархүү, найруулагч Найдандорж болон залуу уран бүтээлчидтэйгээ хамтарч ажиллаж байсан маань намайг өдий зэрэгтэй уран бүтээлч болгосон. Би хамтлагаасаа гараад удаагүй байна. Хүмүүс янз бүрээр л ярьж байх шиг байна. Яагаад гарсан гэдэг нь хувь хүний нууц хэвээр үлдэг л дээ. Гэхдээ би өөрийгөө завь гэж бодоод үзэл бодол мөрөөдлөө дагаад өөр тийшээ хөвмөөр санагдсан. Биеэ дааж үзмээр санагдлаа. Тиймээс хамтлагийнхандаа хэлээд бие даасан уран бүтээлээ эхлүүлж байна. Түүнээс муудалцаж бариад гарсан зүйл байхгүй” гэж байв. Хамтлагаасаа гараад бие даан хийж байгаа түүний уран бүтээл нь “Ээжийн дайсан” инээдмийн уран сайхны киногоор эхэлж байгаа юм байна. Киногоо “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчидтэй хамтарч хийж байгаа. Кинонд нь “Universe best songs” наадмын ялагч, дуучин Ч.Цэлмүүн болон бусад уран бүтээлчид тогложээ. Мөн сургуулиа төгсөх гэж байгаа оюутан залуус, сурагчдад зориулан уянгын, инээдмийн “Хайртай л бол эргэж хараарай” драмын жүжиг тавьж байгаа юм байна. Залуу уран бүтээлчид жүжиг, киноны нээлтээ ирэх сарын 3-нд нэгэн зэрэг нээхээр болоод байгаа ажээ. Жүжиг нь “Тусгаар тогтнолын ордон”-д 14 хоног тоглогдох бөгөөд энэ сарын сүүлээр анхныхаа олон улсын наадамд оролцохоор Солонгос явах гэж байгаа гэнэ.
Уран бүтээлээс гадна чөлөөт цагаараа юу хийдгийг нь сонирхлоо. Ихэнх эрчүүдийн адилаар ан, ав сонирхоод байдаггүй, оготнын хамраас ч цус гаргаж үзээгүй гэж байв. Харин хаа нэг олдох чөлөөт цагаараа гэрийнхэнтэйгээ салхинд гардаг гэв. Хөдөө хээр очоод мах чанаж идчихээд ирэхэд сайхан амарчихсан байдаг гэсэн. Мөн арван жилийн болон хар багаасаа найзалж өссөн найзуудтайгаа зав гарвал уулзахыг тун их хичээдэг гэж байсан юм. Харин тэр үед Батааг маазарч ч амжаагүй байхад нөгөө хэд нь элдэв юм яриад инээлдэж суудаг хошин шогийн мэдрэмж өндөртэй найзуудтай гэсэн. Д.Батаагийнх урлагийнхнаас “Х Түц” хамтлагийн жүжигчин Төөтөө, Тэмка нарынхтай хөршүүд учраас бусдаасаа арай илүү дотно нөхөрлөдөг гэнэ. Харин “Мөнхөд ашдын зам” компанийн захирал Мөнхбаясгалантай гэр бүлийн сайн найзууд ажээ.
Сургуулилтын өмнө ийн ярилцаж байтал “NEXT”-ийн менежер хүрч ирж уулзав. Тэднийх компанийнхаа нэрийг сольж байгаа учраас шинэ реклам хийлгэж байгаа ажээ. Д.Батаагийн хувьд нэг рекламанд 2-3 сая төгрөгийн ханштай тоглодог гэнэ. Мөн шинэ жилээр зарим нэг арга хэмжээ хөтөлчихдөг ажээ. Харин хурим, найр хөтөлье гэхээр дэг ёсыг нь мэдэхгүй учир татгалзсан хариу өгдөг юм гэсэн. Тэрээр өнөөгийн залуусыг яаж амьдарвал боломжийн амьдрах вэ гэдэг талаар “Өөрийн гэсэн мэргэжлийнхээ жинхэнэ эзэн нь болчихвол сайхан амьдарч чадна. Дараа нь эд материалын талаар ярьж болно” гэж байв. Харин орчин үеийн бүсгүйчүүд гэлтгүй залуус илүүдэл жинтэйгээ тэмцэж байхад та яагаад жин нэмээд байна вэ гэхэд “Харин тиймээ. Энэ хоёр хацар түрээд, хоёр нүд улам онийгоод байна уу” гэснээ “Энэ ард түмэн чинь түнтийсэн хоёр хацарт дуртай байгаад байгаа юм биш үү” гээд жигтэйхэн инээд алдав. Тэгснээ жоготой гэгч нь хараад “Турчихаар чинь имижээ алдчих юм биш үү. Гэхдээ туръя гэж бодоод байгаа юм аа. Фитнесээр ч хичээллэж байгаа. Уг нь би чинь оюутан байхдаа хавирган дээрээ гитар тоглодог байлаа ш дээ. Одоо ажил ихтэй, зав багатай болчихоор жиндээ төдийлөн сайн анхаарч чадахгүй байх шиг байна. Гэхдээ турнаа” гэлээ.
Д.Батаагийнх залуу гэр бүл ч гэлээ баяр ёслолыг, тэр дундаа цагаан сарыг нижгэр тэмдэглэдэг гэв. Ууцаа тавиад, идээгээ засаад ах дүү нар болон найз нөхдөө хүлээж авдаг гэж байв. Хэдийгээр зөвхөн гэр бүлээрээ тэмдэглэлт баяр хийгээд байдаггүй ч гэлээ үндэснийхээ баяр ёслолд өндөр ач холбогдол өгдөг ажээ. Наадмаар л гэхэд дээлээ өмсөөд, хуушуураа идээд наадмын талбайг тойрчихдог аж. Харин бөх барилдаж, морь уяж наадсан удаа байхгүй гэнэ лээ.
Ингээд тэрээр шинэ хамт олонтойгоо шинэ жүжгийнхээ сургуулилтыг хийхээр явлаа. Сургуулилтынхаа талаар нэгэн ээжид зориулсан хандивын арга хэмжээнд оролцоно гэж байв. Авьяаслаг жүжигчин залуу Батаагийн нэг өдөр ийнхүү өндөрлөв.
С.АЛТАНЦЭЦЭГ Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН