Түүний эцэг Хорилардай мэргэн-Хори түмэдийн ноён байв. Эх нь Баргуужингоо гэдэг. Алонгоо Хори түмэдийн нутаг Ариг-усан \Хөвсгөл нуурын орчим буй\-д төржээ.
Алангоог арван хэдэн настай байх үед Хорилардэй мэргэн Хори түмэдийн нутагтаа булга хэрэм агнах газраа алдаад нэгэн бүлэг иргэнээ дагуулж, Урианхай аймгийн Шинэчи баянтай нийлэхээр Бурхан Халдун зүг нүүдэллэн иржээ. Энэ үед Торголжин баяны хөвгүүн Дува сохор дүү Добу мэргэнтэйгээ Бурхан Халдуны дээрээс харахад Түнхэлиг горхи руу нэгэн бүлэг иргэн нүүж яваа үзэгдэв гэнэ. Дува сохор: “тэр нүүж яваа иргэний доторхи мухлаг тэрэгний өмнө нэгэн гоё хүүхэн сууж буй. Хүнд өгөөгүй бол Добу мэргэн чамд гуйя” гээд үзүүлэхээр явуулав. Добу мэргэн тэр нүүдлийн дэргэд хүрч ирээд үзсэнд үнэхээр алдар цол ихтэй, Алангоо нэртэй, гоо сайхан зүстэй, харьд мордоогүй хүүхэн байв. Иймээс Алонгоо хүүхнийг Добу мэргэн гуйж авчээ.
Алонгоо Добу мэргэнтэй ураглаад хоёр хөвгүүн төрүүлэв. Нэр нь Бөгүнүдэй, Бэлгүнүдэй гэдэг юм. Добу мэргэний нас нөгчсөний хойно Алонгоо эргүйгээр Буха Хатаги, Богту Салжи, Бодонцор мунхаг гурван хөвгүүнтэй болов. Иймээс урьд Добу мэргэнийг амьд байхад төрсөн Бэлгүнүдэй, Бөгүнүдэй хоёр хөвгүүн нь эх Алонгоогийн ард: “Манай ээж төрөл садан үе зэргийн хүнгүй байтал эргүйгээр энэ гурван хүүхдийг төрүүлэв . Гэр дотор ганц Малиг Баягуд овгийн зарц хүн буй, энэ гурвэн хүүхэд лав түүний хүүхэд байх” гэж далдуур хэлэлцэхийг эх Алангоо олж мэдэв. Хаврын нэгэн өдөр Алангоо эх хуршсан хонины мах чанаж Бэлгүнүдэй, Бөгүнүдэй, Буха Хатаги, Богту Салжи, Бодонцор мунхаг таван хөвгүүндээ идүүлээд зэрэгцүүлэн суулгаж нэжгээд сумыг “хугал” гэж өгсөнд хялбархан хугалаж орхив. Бас таван сумыг нийлүүлж баглаад “хугал” хэмээн өгсөнд тавуулаа багцат сумыг ээлжлэн оролдож хэн ч хугалж эс чадав. Үүнд Алонгоо эх: “Бэлгүнүдэй, Бөгүнүдэй та хоёр намайг энэ гурван хүүхдийг яаж төрүүлэв?, хэний хүүхэд болов? Хэмээн сэжиглэн хэлэлцэж буй. Сэжиглэх чинь зөв юм. Гэвч цаадах учрыг та нар мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн, гэрийн өрх тооноор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл хэвлийд минь шингэх билээ. Гарч явахдаа нар сарны гэрэлтэй шар нохой мэт шарвалзсаар одох тул тэмдэгтэй тэнгэрийн хөвгүүн байх, хар тэргүүт хүнтэй харьцуулж яахан өгүүлэх вэ, хамгийн хаан болсон хойно харц хүн сая мэдэх юм” гэв. Тэгээд Алонгоо эх “Та таван хүүхэд минь миний нэг л хэвлийгээс төрсөн биш үү Та нар ганц ганцаараа саяны нэг нэжгээд сум адил хэнд ч хялбархан дийлэгдэх болно. Харин эе эвтэй явбал тэр багцат сум мэт бат бэх болж хэнд ч хялбар дийлдэхгүй болно. Харин еэ эвтэй явбал тэр багцат сум мэт бат бэх болж хэнд ч хялбар дийлдэхгүй юм” гэж сургав. Түүнээс хойш их удалгүй Алонгоо эх нас нөгцжээ.
Алонгоо эхийн төрсөн таван хөвгүүний Бэлгүнүдэй бэлгүнүд овогтон болов. Бөгүнүдэй бөгүнүд овогтон болов. Богту Салжи, салжигуд овогтон болов. Буха Хатаги хатгин овогтон болов. Бодонцор мунхаг боржигод овогтон болов. Бодонцор мунхаг бол Чингис хаанаас дээш 12 үеийнх нь өвөг болно.
Монголын түүхэнд Алонгоо эхээс төрсөн Бэлгүнүдэй, Бөгүнүдэй хоёрын хойч үрс ба бусад угсаа овогтныг “төргүлэн Монголчууд” гэдэг бөгөөд Буха хатаги, Богту салжи, Бодонцор мунхаг гурваас үүссэн аймаг төрлийг “Нируун Монголчууд” гэж нэрлэдэг юм.