Монголын түүхэнд тэмдэглэгдсэн алдартай хатад олон бий. Монгол хатадын түүх намтар, тэдний түүхэнд бичигдэн үлдсэн шалтгаан, гавьяа зүтгэлийг судлан байхад нэг хэсэг хатадын ижил дүр байдал тодорч харагддаг юм. Ялангуяа XVII зууны түүхэнд Ойрад монгол гаралтай эмэгтэйчүүд, хатадын нэр ус, алдар гавьяа олонтоо тэмдэглэгджээ. Үүний дотроос тулалдааны толбарт эр нөхрөө өмгөөлөн яваад амь эрсэдсэн гэдгээрээ түүхэнд үлдэж, бас утга зохиол, урлагт мөнхөрсөн Ану хатны тухай хэдэн зүйл тэмдэглэе.
Ойрад монголчууд нь XVII зууны туршид Алтай-Тэнгэр уулын хоорондох бүс нутгаа тэлэх, цаашлаад их торгоны зам, дундад Азийн бүс нутагт эзэмшилтэй болох, зүүн зүг хүрээгээ тэлж байсан Оростой хил хязгаараа тогтоох гэж үргэлжийн шахам дайны байдалтай байжээ. Мөн зүүн талдаа Монголын бусад аймгуудтай хэл амаа ололцох, цаад талд буй нь Манж Чин улстай харилцах, өмнө талдаа Хөхнуур, Төвд гээд 4 зүгт “асуудал”-тай байсан учир эр цэргээ байнга бэлдэж, цэрэг дайны нөхцөлд эмэгтэйчүүд хүүхдүүд нь ч дасан зохицсон, байлдах чадвартай дайчид байжээ гэж түүхэн хэрэг явдлуудын улбаанаас харагддаг юм.
Зүүнгарын хаан Галданбошготын хатан Ану (2-1697) нь Ойрадын чуулганы ахлагч Очирт сэцэн ханы ач охин бөгөөд Очирт сэцэны 2-р хүү Галдамагийн охин. Галдама баатар 1 7 насандаа нэг түмэн цэргээр Янгир ханы 4 түмэн цэргийг бут цохиж Дөрвөн ойрад даяар алдаршсан хүн юм. Харамсалтай нь 30 гаруйхан насандаа өвчнөөр нас баржээ. Түүний тухай олон арван домог, хууч яриа, дуу газар бүрийн (Халимаг, Шинжаан, Хөхнуур, Ховд) ойрадуудын дунд тархжээ. Үүнээс “Усны чинь эхэнд хонхолзуур” гэдэг дууг ойрад хүн бүхэн мэднэ. Галдама баатар
зоригтой, дайчин эр байснаас гадна Ойрадын олон аймагт хүлээн зөвшөөрөгдсөн ухаан сэргэлэн, дотоодын эе эвийн төлөө гэсэн үзэл бодолтой хүн байсан нь “Сарны гэрэл” хэмээх сурвалжид бичигдэж үлджээ. Дээрх “Равжамба Зая бандидын тууж Сарны гэрэл хэмээх оршвой” хэмээх 1691 онд Раднаабадраа бичсэн сурвалж бол Ойрад монголын гол сурвалж бичиг. Тус зохиолд 1599″-1691 оны ойрадын түүхийн гол үйл явдлууд бүгд бий. 240 хүний нэр, 204 газар усны нэр байдаг гэж бодохоор өргөн дэлгэр мэдээлэл агуулсан нь мэдэгдэж байна. Энэ сурвалжид Ану хатны нэр 4 удаа гардаг юм.
Хошуудын Галдамба бдатарын охин Ану бага насандаа өнчирч, өвөг эцэг Очиртын хайр халамжинд өсөн өндийж, хожим Зүүнгар улсын хаан Галданбошготын эхнэр болсон цагаас эхлэн Дөрвөн ойрадын төрийн бодлогод оролцож иржээ. 1691 онд Галдан бошготоос урвасан Цэвээнравданг нэхэж Халхын гүнээс цэрэг удирдан зайсан Үржинжав, Данжинванботай хамтран байлдаж байжээ. Буцах замдаа Халхын Засагт хан аймгийн олон ноёдын дунд ухуулга таниулга хийж явсан нь Манжийн албан баримт бичгүүдэд үлдэж хоцорчээ.
Ану хатныг хүний хань, гурван хүүхдийн ээж гэсэн жирийн намтараар нь биш төр улс, түмэн олныхоо төлөө амь насаа өргөсөн алдар гавьяагаар нь монгол түмэн мэддэг юм. Ойрадын Галданбошгот хаан Манжийн эсрэг хийсэн тэмцлийнхээ явцад 3 том дайныг хийжээ. Эхнийх нь 1 690 оны 6-р сард Үзэмчны нутаг Улахуйн голд манжийн цэргийг хиар цохиж, цаашлан давшиж 1690 оны 10-р сард Бээжингийн ойролцоо Улаанбутан хэмээх газар. Манжийн их цэрэгтэй хүч тэнцвэргүй тулалдаан хийж ухарсан байдаг. Ойрад-Манжийн шийдвэрлэх дайн одоогийн Улаанбаатар хотын зүүн зүгт Тэрэлжийн Зуунмод хэмээх газар 1696 оны 5-р сард болжээ.
Манжууд Галданбошготыг дарахын тулд 6 жил дайны бэлтгэл хийж, цэрэг бүрийг хос морьтой, цэрэг бүрийг ялтас бүхий хуяг дуулгатай болгож 3 замаар давшихын зам дагуу өртөө бүрт хүнсний нөөц бүхий газар байгуулж, худаг ус малтаж, үхэр буу олныг цутгуулан, их хэмжээний цэрэг бэлтгэжээ. Манжийн Энх-Амгалан хаан өөрийн биеэр цэргээ удирдан 3 замаар нийт 200 мянган цэргийн хүчээр довтолгоон хийжээ. Галданбошгот 30 мянга хүрэхгүй цэргээ удирдан гурван замын цэргийг цувруулан цохих төлөвлөгөөтэйгээр байлдаж эхэлсэн боловч баруун болон төв замын цэрэгт бүслэгдэн хүнд байдалд орсон байна.
Манжийн 200 000 цэргийг эсэргүүцсэн Галданбошгот хаан цэргүүдийнхээ хамт бүслэгдэж хүнд хэцүү байдалд байхад нь түүний хатан Ану нөөц цэрэг удирдан бүслэлтээс гаргаж, улмаар манжуудыг ухруулж, эцэс төгсгөлд нь нүүр тулсан ширүүн байлдааны явцад амь эрсэдсэн гэдэг. Ойрад монголчуудын дунд одоо хүртэл яригддаг “Хатан бүс”-ний тухай нэгэн домог бий. Ану хатан алтан бүс бүсэлж дайнд оржээ. Алтан бүсний алтан тодиг наранд гялалзаж, гавшгайлан удирдан чиглүүлж буй баатар руу манжууд нум сум сайн харвадаг цэрэг бүхнээ алтан бүст рүү чиглүүлж харвуулж байсан гэж энэ домогт өгүүлдэг юм.
Ану хатан нас барсан тэр дайн 1696 оны 5-р сарын 13 нд эхэлжээ. Өдгөө Тэрэлжийн Зуунмод (Цонжин болдогийн наана) -ны газар жил бүрийн 5-р сарын 10-ны үед Ойрад-Манжийн дайнд амь эрсэдсэн цэрэг эрс, Ану хатны дурсгалыг хүндэтгэсэн арга хэмжээ болсоор байна. Ану хатны дүр байдал, дайчин эх оронч, эр нөхөртөө үнэнч чанарыг урлаг соёл, утга зохиол, жүжиг, кинонд алдаршуулан ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн түүхт эмэгтэй болгож мөнхөлсөн юм. Тийм ч учраас “Ану” нэртэй охид эмэгтэйчүүд хэдэн мянгаараа байдаг бизээ. Хүмүүсийн сэтгэлд үлдсэн энэхүү түүх, домогт Ану хатныг хайрлах сэтгэл хэдэн үедээ тасрахгүй бизээ.
Tүүхч, доктор Н.Сүхбаатар