Их Британийн хөлбөмбөгч 40 настай Дэвид Бекхэмийг АНУ-ын People сэтгүүл 2015 оны “Хамгийн тачаангуй залуу”-аар нэрлэжээ. Энэ талаар ABC телевизийн хөтлөгч нэвтрүүлгийнхээ үеэр зарласан байна. Тус нэвтрүүлэгт оролцсон Бекхэм “Миний амьдралын хамгийн оргил үе байлаа. Итгэж чадахгүй байна. Намайг төрүүлж, өсгөсөн ээж аавдаа мэдээж талархаж байна.
Мөн миний үсчин болон стилист, фотошопчиддоо баярлалаа” хэмээн хошигнож, үзэгчдийг инээлгээд авчээ. Тэрбээр People сэтгүүлд өөрийгөө дур булаан, тачаангуй гэж бодохгүй байгаагаа дурьдсан байсан юм. Тус сэтгүүлээс 30 дахь удаагаа оны тачаангуй залууг тодруулсан нь энэ юм. Өнгөрсөн хугацаанд Брэдли Купер, Мэтт Дэймон, Харрисон Форд, Брэд Питт, Том Круз, Мел Гибсон нар нэрлэгдэж байжээ. Харин өнгөрсөн жил Крис Хемсворт сонгогдож байсан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn