Х-ын эзэмшигч, Теслагийн гүйцэтгэх захирал Илон Масктай холбоотой залилангийн хэрэгт Солонгос эмэгтэй өртөж, 50 мянга гаруй ам.доллараа алджээ.
Жон Жи Сун гэх уг эмэгтэй анх Илон Масктай инстаграмаар дамжуулан танилцаж байжээ. Илон Маскийн шүтэн бишрэгч байсан уг эмэгтэй анх түүний жинхэнэ хаяг гэдэгт итгээгүй ч иргэний үнэмлэх болон ажлын үнэмлэхнийхээ зургийг явуулах үед итгэсэн тухайгаа дурдсан байна. Тэрээр мөн Илон Масктай дүрст дуудлага хийсэн ба Илон Маск түүнд хайртай болсон тухайгаа дурдсан гэжээ.
Гэсэн ч эцэст нь уг эмэгтэй хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтсэн дүрстэй ярьсан болох нь тогтоогджээ. Илон Маскийн нэрийг барьсан залилагчтай харилцаж байх хугацаандаа тус эмэгтэй хөрөнгө оруулах нэрийн дор 50 мянга орчим ам.доллар залилагчдад шилжлүүлсэн байна.
Өмнөд Солонгост энэ төрлийн залилангийн гэмт хэргээс сэргийлэх арга хэмжээ сайн байдаг ч технологийн дэвшил гэмт этгээдүүдэд давуу байдал үүсгэж байгаа тухай холбогдох албаныхан мэдээлжээ.