Манай яруу найрагчид ид цэцэглэж яваа 20-30 насны бүсгүйчүүдийг урнаар шүлэглэсэн нь тоймгүй. Харин яруу найрагч Б.Болорцэрэн, Ц.Тэмүгэ нар гуч гарсан бүсгүйн тухай шүлэг бичжээ. Мөн яруу найрагч Я.Отгонбаяр “Дөч гарсан хүүхэн” хэмээх шүлэг тэрлэсэн байх аж. Түүнчлэн яруу найрагч Р.Эмүжингийн “Дөчин хоёр нас”, Ж.Оюунцэцэгийн “Эмэгтэй хүний дөчин нас” гэдэг сайхан шүлэг байдгийг санаж байна. Тэгвэл яагаад “Тавь гарсан хүүхэн” гэдэг шүлэг тэрлэж болохгүй байх билээ. Тэд чинь хүүхний данснаас хасагдаагүй яваа улс. Эмгэн болох яагаа ч үгүй. Эдүгээ гуч, дөчин настай гялалзаж яваа хүүхнүүд арав, хорин жилийн дараа хүссэн хүсээгүй тавь гарна. Тэр үед бас өөрсдийнхөө ямар байж болохыг эдүгээ төсөөлөхөд гэмгүй. Түүнчлэн “Нас бол цаасан дээр бичдэг тоо юм, намбархаж бүү сүйд бол…” хэмээх шүлгийн мөрийг санагтун. Авъяаслаг найрагч Хулганайн Тэргэлийн бичсэн энэ шүлэг өдгөө бараг хүүхэн бүрийн хэлдэг брэнд үг болчихжээ. Ингээд “Тавь гарсан хүүхэн” хэмээх шинэхэн шүлгээ толилуулъя.
ТАВЬ ГАРСАН ХҮҮХЭН
Тавь гарсан хүүхэн цаанаа л нэг тааламжтай
Танилцаад хууч хөөрөлдвөөс таван үг нь нийлэмжтэй
Тавилан заяаны эрхээр таалсан эрдээ халамжтай
Танхи ялдам насных нь туулсан амьдрал ханамжтай
Элдэв үүлэн борооны этгээд гаж зуршилгүй
Исэглэн танхай дарсанд эргэж донтох дуршилгүй
Ихэмсэг, бардам, омоглон, эсэн бусын харшилгүй
Эрсхэн тулаад танилцахад иймээ тиймээ оршилгүй
Усанд загас наадуулах унаган тамир нь хэвээрээ
Ужид цэнгэлийн тэчъяадал нь урьдын адил янзаараа
Усгал зөөлөн ааль нь улам дотогш янагаараа
Уяран догдолж талимаарах нь угаас ялдам төрхөөрөө
Халуун залуу насны хайрын шүлгийн бадагтай
Халгилж булгилсан сэтгэлийн хат суусан жудагтай
Хөнгөн хөгжмийн аялгуунд хөл нийлэх нь урамтай
Хөнжил юундаа ороод хүслээ хангах нь журамтай
Оройтож төрөхгүй яав даа гэж он цагийг зүхээгүй
Овор живэр суулаа гэж орчин үедээ туниагүй
Ориг сайхан биен дээрээ элдвийн засал хийлгээ ч үгүй
Ойрын гучин жилдээ эмгэн болох яагаа ч үгүй
Тавь гарсан хүүхэн цаанаа л нэг тааламжтай
Танилцаад хууч хөөрөлдвөөс таван үг нь нийлэмжтэй
Тавилан заяаны эрхээр таалсан эрдээ халамжтай
Танхи ялдам насных нь туулсан амьдрал ханамжтай
ТАВЬ ГАРСАН ХҮҮХНҮҮДИЙГ ТАНДАЖ СУДАЛСАН Б.ОЙДОВ