Өчигдөр Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Чингис”, “Самурай” бондын мөнгийг хариуцан зарцуулж буй Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүнг сонсох гээд чадсангүй. Учир нь Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсгийг өнгөрсөн хавар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг сүүлийн нэг сарын хугацаанд хэлэлцэх гээд чадахгүй байна. Шалтгаан нь ажлын хэсгийн дүгнэлт олон нийтийн анхаарлыг ихээхэн татах болсон юм. Урьдчилсан дүгнэлтээр “Чингис”, “Самурай” бондын мөнгийг гарын салаагаар урсгасан ноцтой баримтууд илэрч олон түмнийг шуугиулж байна.
Хамгийн түрүүнд Хөгжлийн банкнаас хэн хэн зээл авсан бэ? гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. “Говь” ХК-ийн 10 ширхэг хувьцаатай улс төрчийг 10 тэрбум төгрөг авсан мэтээр зарласан. Тэр ч бүү хэл МАН-ын гишүүд л зээл авсан гэсэн мэдээллийг ихээр тараасан. “Чингис”, “Самурай” бондыг МАН-ын гишүүдийн зөвшөөрөлгүй авсан. АН эрх барьж байхдаа эдгээр мөнгийг зарцуулсан учраас сөрөг хүчин МАН-ынхан мөнгө зээлсэн гэдэг ихээхэн эргэлзээтэй л дээ. Тиймээс их хэмжээний өр зээл авах ажлыг гардан удирдсан эрх баригч намуудын гишүүдээс хэн хэн зээл авав гэж шүүж үзэхэд ихээхэн сонирхолтой тоо гарав. Ганцхан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Хөгжлийн банкнаас 372 тэрбум 222 сая төгрөг зээлж авсан байна. Энэхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг УИХ-ын олон гишүүн эзэмшдэг аж. Тухайлбал УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа 1608 ширхэг, А.Бакей 3752 ширхэг, Н.Батбаяр 1072 ширхэг, Л.Гантөмөр 5360 ширхэг, С.Эрдэнэ 1072 ширхэг, Л.Эрдэнэчимэг 536 ширхэг, Г.Уянга 5360 ширхэг, О.Баасанхүү 2144 ширхэг, Ц.Цолмон 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдээлжээ. 10 ширхэг хувьцааны дэргэд эрх баригчдын эзэмшиж буй хувьцаа хэдэн мянгаараа тоологдож байна. Өөрөөр хэлбэл эрхэм гишүүдийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ мөнгөөрөө юу хийсэн нь тодорхойгүй. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол “Эрдэнэс Тавантолгой” ХК энэхүү зээлээрээ “Эрдэнэс Тавантолгой” гэсэн төслийг хэрэгжүүлжээ. 372 тэрбумаар хэрэгжсэн төсөл ард түмний нүдэнд харагдсан зүйлгүй. “Эрдэнэс Тавантолгой”, Хөгжлийн банк, хувьцаа эзэмшдэг гишүүд нь л мэдэх байх. Ногдол ашгаа хүртсэн эсэх нь тодорхойгүй гишүүд энэхүү зээлийнхээ талаар мэдээлэл хийж байгаа ч юм алга.
Н.Алтанхуяг, Н.Батбаяр хоёр эрх барьж байхдаа “Чингис” бондоос 888 төсөлд зээл олгоно гэж мэдэгдэж байсан. 888 төслийн үр дүн, зээлийн явцын талаар ярих хүн олдохоо болив. Зээлийг авах ажлыг санаачилсан АН-ын удирдлагын хувиар З.Энхболд ганц нэг аж ахуйн нэгжээр зун явж байгаад орхичихсон. Зарим зээл авсан аж ахуйн нэгжүүд нь татвараа төлж чадахгүй Засгийн газартай заргалдаж байгааг ард түмэн харж байна. Тэгэхээр Хөгжлийн банк хэн хэнд зээл өгөв гэдэг анхаарал татах сэдэв мөн л дөө. Гэхдээ Хөгжлийн банкнаас мөнгө авсан гээд байгаа аж ахуйн нэгжүүдийг хоёр хуваах хэрэгтэй байгааг сүүлийн долоо хоног ярив. Нэг хэсэг аж ахуйн нэгжүүд нь Хөгжлийн банкнаас шууд зээл авсан байдаг аж. Нөгөө хэсэг хэсэг аж ахуйн нэгжүүд нь улсын төсвийн ажлыг гүйцэтгэснийхээ мөнгийг Хөгжлийн банкнаас авчээ. Гэтэл тэдгээр компанийн эздийг зээл авсан мэтээр гүтгэх болж. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгээд мөнгөө авсаныг зээл авсан мэтээр зориуд тарааж байгаа хэрэг л дээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн хувьцаа эзэмшдэг аж ахуйн нэгжүүд шууд зээл авсан эсэхийг “Эрдэнэс Тавантолгой”, “Говь” ХК-иудын жишигээр нийтэд зарлах хэрэгтэй болоод байна.
Г.Ган