Загвар зохион бүтээгч Ролан Мурэ /Roland Mouret/ 2012 оны хавар, зуны загваруудаа танилцууллаа. Энэ удаагийн коллекцоороо өөрийн хуучны загварыг эргэн дурссан байна. Шуудай мэт хэлбэртэй урт, богино өмд, үзгэн хэлбэртэй бариу банзал, задгай энгэртэй даашинз, цамц гэх мэт түүний залуу үеийн хэв маяг энэ удаагийн шоунд тусчээ. Түүний хамгийн гол хэв маяг бол эмэгтэй хүний нарийн бэлхүүсийг тодруулсан бариу хувцас юм. Цайвар өнгийн дэгжин даашинзуудад ширэн хатгамал оруулсан нь загвар зохион бүтээгчээс нарийн хөдөлмөр шаардсан нь харагдана. Эдгээр загвар ирэх зуны хамгийн дэгжин бүсгүйчүүдийг тодорхойлох юм.Загвар зохион бүтээгч Ролан Мурэ “Дэлхийн загварын чиг хандлагыг Европ тодорхойлж байна. Хүмүүс барууны хувцсыг өмсөхийг хүсдэг болж. Бидний амьдарч байсан цаг үе ард хоцорчээ. Бид эцэг эхийгээ, амьдарч байсан гэр орон, аялж байсан газар гээд олон зүйлийг орхиж явдаг. Харин энэ бүхнийг хамгаалж, хадгалж үлдэх ёстой. Энэ бол үүрэг хариуцлага гэж би боддог юм. Хаана ч очсон бид тухайн нөхцөлдөө тааруулан хувцасладаг. Эдгээр загвар миний цаг үе, орчин тойрныг илэрхийлж байгаа юм. 1980-аад оны үед би 20 настай байсан. Тухайн үед бүсэлхий барьсан, салбагар өргөн өмд өмсдөг байлаа. Хувцасны гол онцлог нь бүсэлхий хэсгээрээ бариу. Ийм загварт эрчүүд их дуртай байдаг” гэж ярьжээ.