Монгол Улсын Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн охин Анна Цендина Монголд эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирсэн юм. Түүнийг ШУАийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэнтэй уулзах үеэр ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу. Монголд хэдийд ирсэн бэ?
-Сайн, сайн. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн урилгаар Б.Цэдэвийн уран бүтээлд зориулан зохион байгуулсан бага хуралд оролцохоор ирсэн. Хурал ч сайхан боллоо. Харин одоо ШУА-ийнхантай уулзаж санал бодлоо солилцож байна. Би Монголд хайртай болохоор буцах хугацаагаа долоо хоногоор сунгасан. Хэд хоног төрсөн нутагтаа амрах санаатай. Янз бүрийн хурал, цуглаан таарчихгүй л бол амарна даа /инээв/. Ер нь би олон хуралд оролцох дургүй. Ах бид хоёр жилд нэг том хуралд оролцоно гэсэн зарчим баримталдаг.
-Та хуучны гар бичмэлийг монгол судруудтай харьцуулан судалгаа хийж байгаа гэсэн?
-Монголын хуучин уран зохиолыг судалж байгаа. Гар бичмэлийн хувьд Ленинград, Монголд эх нь байдаг “Эрдэнэзуугийн тууж”-ийг хэвлүүлж судалсан. Одоо ар Монголын өмнө нь хэвлэгдээгүй, шинэ материалыг хэвлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Өмнө нь ирэхдээ шавь нар тайгаа ирсэн. Энэ удаад ганцаараа ирсэн үү?
-Тийм ээ. Өнгөрсөн жил ирэхдээ зургаан шавьтайгаа ирсэн. Тэд Монголд ирээд нэг жил болоод буцсан. Их өндөр сэтгэгдэлтэй явсан шүү.
-Та Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн Монгол хэл судлалын тэнхмийн эрхлэгч. Танай тэнхимд хэчнээн хүүхэд монгол хэл судалж байна. Төгсөөд ажлын байртай болох боломж бий юу?
-Манай монгол хэл судлалын ангид суралцдаг зургаан хүүхэд энэ жил төгсөнө. Тэднийг ажлын байртай болно гэдэгт найдаж байгаа. Хүүх дүүдээ төгсөхөөс өмнө ажлын байр ны талаар зарим газартай ярилцсан. Энэ нь үр дүнгээ өгч хоёр нь радиод, хоёр хүүхэд сургуульдаа үлдэж ажиллахаар болсон. Үлдсэн хоёр оюутан маань аспирантурт суралцана.
-Орос хүүхдүүд монгол хэлийг хэр их сонирхон судалж байна?
-Яг монгол хэл сонирхдог гэж хэлж чадахгүй. Гэхдээ Монголын түүх соёлыг залуучууд их сонирхож судалдаг. Тэр дундаа шашин, нүүдэлчдийн соёл иргэншлийг түлхүү судална. Тэр дундаа XX зууны үеийн түүхийг сонирхон судалж байгаа харагддаг. Дээрээс нь утга зохиол байна.
-Оюутнуудын судалгааныхаа ажлын сэдвийг Та боловсруулдаг. Монголын тухай ямар ямар сэдвээр диплом хамгаалуулах гэж байна?
-Нэг оюутан маань Г.Аюурзанын романуудаар дипломын ажил бичиж байна. Мөн бурхан багшийн намтар, Цахар гэвшийн орчуулгын зохиол, Д.Равжаагийн шүлгийг агуулгын талаас нь судалж байгаа. Хоёр оюутан бөө мөргөл болон монгол үлгэр гэсэн сэдвийг сонгосон.
-Монголч эрдэмтэн болоход аавын тань нөлөө байсан байх. Та өөрөө энэ мэргэжлийг сонгохдоо сэтгэл хангалуун байв уу?
-Би багадаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Наймдугаар ангиа төгсөөд Ленинградад очсон. Аав томилолтоор очсон болохоор гэр бүлийнхэн маань дагаад явсан юм. Тэгээд хүүхэлдэйн театрт ажиллах болсон. Тэр үеэс хүүхэлдэйн театрын жүжигчин эсвэл хүүхэлдэй хийдэг хүн болно гэж мөрөөддөг байлаа. Хүүхэд болохоор аав нэг их тоодоггүй байсан байх. Ээж монгол угсаатны зүйч байсан нь намайг монголч эрдэмтэн болоход их нөлөөлсөн.
-Монголын орчин цагийн уран зохиолыг хэрхэн дүгнэдэг вэ?
-Орчин цагийн уран зохиол их сонирхолтой учраас судалмаар санагддаг. Зохиолын байр, чиг хандлага, дэлхийн уран зохиолын чиг хандлага хэрхэн тусгагдсан зэргийг илүүтэй анхаармаар байна. Дээрээс нь Монголын хуучин уран зохиолын чиг хандлага шинэ үеийнхэнд хэрхэн илэрч байгааг судлах хэрэгтэй. Одоо орчин цагийн уран зохиол бичдэг хүн цөөрөөд байгаа юм шиг ажиглагддаг.
-Та жил бүр Монголд ирдэг. Өмнө нь ирснээс хойш Улаанбаатарт өөрчлөгдсөн зүйл байна уу?
-Би Улаанбаатарт төрсөн. Хүүхэд байхдаа хотоор дугуйтай явдаг байлаа. Тийм болохоор хүмүүс намайг “Дугуйтай Аня” гэж нэрлэдэг байсан юм. Тухайн үед Улаанбаатарын хаана нь ямар хашаа байдгийг сайн мэддэг байлаа. Гэтэл одоо төөрөх гээд байх болж / инээв/. Жил болгон ирэхдээ гайхаад л буцдаг болсон. Нэг ирэхэд хэд хэдэн гоё барилга нэмэгдчихсэн байх юм.
-Танд гарын шавь байгаа юу?
-Гарын шавь болгохоор сайн хүүхэд ирэхгүй л байна. Харж ажиглаж байгаа оюутан бий. Гэхдээ амьдралд нэг, хоёр сайн шавьтай байхад л болно.
-Шүлэг бичдэг үү?
-Би монголоор шүлэг бичээгүй л болохоос яруу найраг сонирхож байсан. Залуу насанд шүлэг бичдэггүй хүн гэж байхгүй биз.
-Таны шашны үзэл бодлын талаар асуумаар санагдлаа?
-Би ямар нэгэн шашин шүтдэггүй.
-Яагаад?
-Миний хүмүүжилтэй холбоотой байх. Ер нь манай гэр бүл шашин шүтлэг гээд сүйд болдоггүй. Эрдэмтэн хүн аливаа юмыг бодитоор судлах ёстой. Нэг зүйлд итгэж хэтэрхий давамгай судалбал хийж байгаа ажил нь худлаа болчихдог. “Энэ ямар гоё юм бэ. Хамгийн сайн нь энэ” гэх юм бол буруу болно. Судлагч хүн бодитой чөлөөтэй байх хэрэгтэй.
-Аавынхаа туурвилаас хэвлүүлэхээр зэхэж буй бүтээл байгаа юу?
-Аавынхаа хамаг л юмыг хэвл үүл сэн дээ. Гэхдээ мэр сэр юм бий. Тухайлбал, хэлсэн үг, шүүмж, тайлбар байна. Мөн аавын өдрийн тэмдэглэл байгаа. Түүнийг хэвлүүлэх цаг арай л болоогүй байна.
-Төрийн дууллыг бадаг нэмж өөрчлөхөд Танд ямар санагдсан бэ?
-Ний нуугүй хэлэхэд надад онцгүй санагдсан. Өмнө нь хэд хэдэн удаа оролдлого хийж байсан. Анхны удаа надаас зөвшөөрөл гуйсан ч би зөвшөөрөөгүй. Дараа нь улсын өмч гээд өөрчилсөн байна лээ. Тухайн үед надад хэлээгүй, мэдээлэл ч өгөөгүй.
-Цаашдаа монгол судлалын чиглэлээр ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна?
-Одоо миний ширээн дээр XVII зууны “Шар тууж” зохиол бий. Түүний эх нь Петербургт байдаг. Мөн Монголд нэг эх бий. Энэ хоёр түүхийн бүтээлийг харьцуулаад шинэ олдсон олдворуудыг багтаасан номыг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн дарга С.Чулуунтай хамтран гаргах санаа байна. Ховор гар бичмэлийг судалсан ном гаргах бодол бий. Миний хамгийн том зорилго бол “Cаган цэцний түүх”- ийг оросоор орчуулсан томоохон судалгааны ном хэвлүүлэх юм.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Unen.mn”