“Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгатай үерхэж, их л романтик амьдарч байсан дуучин А.Хишигдалай төд удалгүй хаягдаж хоцорсон. Загварын тайзнаа гунхаж, миссийн титэм зүүгээд удаагүй байсан Ю.Балжидмаа гэх бүсгүй түүний хайртыг булааснаас хойш ийнхүү ганцаараа гунихарч, хэсэгтээ л шоконд орсон гэдэг. Хайртай дуртайгаа “гайхаад” байсан найз залуу нь хүртэл мисс хүүхнээрээ гоёод, элдэв янзын шүлэг найраг зориулж яваагаа олноос нуугаагүй.
Энэ бүхэн нь дуучин бүсгүйн эгдүүг хүргэснээр зогсохгүй, тэрбээр “Урвахгүй, хуурахгүй, хуучрахгүй” хэмээх шинэ дуугаараа хариу цохилт хийсэн удаатай. Мөн уран бүтээл болон стиль имижээ хүртэл өөрчлөхөөр шийдэн сүүлийн үед нэлээд дэгжин байдлаар хувцаслах болжээ. Эршүүд зан, этгээд хэв маягаа хүртэл эвдэж чадсан дуучин маань мисс Ю.Балжидмаагаас огтхон ч дутахгүй гэсэндээ ихэд чармайж яваа бололтой.
Дуучин А.Гантулга шинэхэн амрагийнхаа талаар “Юу ч өмссөн бай, хамаагүй. Тун гайхалтай зохидог, хараад л баймаар ялдамхан инээмсэглэлтэй сайхан бүсгүй” хэмээн магтаж байсан. Харин дуучин А.Хишигдалай түс тас хийсэн илэн далангүй яриагаа хамжаарлаж, дур булаам ялдамхан бүсгүй болохоор шийдсэн нь үүнээс улбаатай биз ээ.
Б.СОДОН
PHOTONEWS.MN