Шинэ жилийн баярын ширээг бялуугүйгээр төсөөлөх аргагүй.
Тэгвэл бялууны үүх түүхийг монголчууд бид зохиосон гэвэл та итгэх үү? Европт бялууны анхны жор гарахаас дөрвөн зууны өмнө XIII зуунд, Хубилай цэцэн хааны үед монгол дээдсийн зоогийн ширээнд маш амттай, бялууруулсан боов тавьдаг байжээ.
Зөөхий, жимс, чихэр тэргүүтнээр амталсан энэ боовыг тухайн үедээ чухам юу гэж нэрлэж байсан нь тодорхойгүй. Харин хожим Билгүүн номч Бямбын Ринчен гуай тортонд “Хотол бялуу” хэмээх нэрлэсэн байдаг. Энэ нь баярын ширээнд тавьж, олноороо /хотлоороо/ иддэг, амархан бялуурдаг гэсэн санаа агуулсан юм байна.
Европчууд бялууг Ромын эзэнт улсаас гаралтай гэж үздэг гэнэ. Тэгэхдээ улс бүр өөр өөрийн орны бялууны түүхийг ондоо ондоогоор ярьдаг. Линцийн бялуу л гэхэд Линц хотоос гаралтай юм байна.
Европт бялууны хамгийн анхны жорыг XVII зууны үеэс гаралтай гэж үздэг юм байна. 1653 онд Анна Маргарита Саграмоза бялууны дөрвөн төрлийн жор бичиж Адмонтын Штифт архивт хадгалуулжээ.
Захерийн торт
Вена хотын дэлхийд алдартай Захер тортны түүх 1832 онд эхэлжээ. Ноён Меттернихийн ордонд нэг удаа тун хямсгар, хоол голомтгой хэсэг зочид ирэх болжээ. Ноён үүнд санаа зовниж, нүүр улайхааргүй онцгой амттан бэлтгэх даалгаврыг тогооч нартаа өгч гэнэ.
Энэ үеэр ерөнхий тогооч өвчтэй байж таарсан тул 16 настай хоёрдугаар курсийн сурагч Франц Захер хүү арга буюу энэ хүндтэй бөгөөд хэцүүхэн үүргийг хүлээн авах болов. Сэргэлэн хүү богино хугацаанд сэтгэж нэгэн амттан хийсэн нь алдарт Захерийн тортны үүсэл байсан гэнэ. Түүний бялуу зочдын сэтгэлд тун их нийцсэн ч яагаад ч юм тухайн үедээ тэгсхийгээд мартагдаж байж.
Франц Кахер /1816-1907/ нарийн боовны курсээ төгсөөд олон хотоор аялан явсны эцэст 1848 онд төрөлх хот Венад буцаж ирээд тансаг амттан, дарс худалдаалах газар нээн ажиллуулсан байна. Тухайн үед ноёны ордонд ажиллаж байсан нарийн боовчин Демел гэгч Захерийн бялууг улам төгөлдөржүүлэн өнөөгийн бидний мэдэх өнгө, амт, хэлбэрт оруулжээ. Ингэж Захерийн торт дэлхийд алдарших зам мөрөө нээсэн байна.
Сүүлд Захерийн удмын нэг эр “Хотель Захер” хэмээх тортыг санаачилсан байна. Энэхүү нэрийн тортыг жилдээ 300 мянган тонноор үйлдвэрлэдэг. Үүний тулд жилд 1,2 сая өндөг, 80 тонн элсэн чихэр, 70 тонн шоколад, 37 тонн жимсний чанамал, 20 тонн зөөхий, 30 тонн гурил ордог гэнэ.
Бид бялууг хэзээнээс амтлах болов
Монголчууд 1970-аад оны үеэс баярын ширээгээ бялуугаар чимэх болжээ. Мэдээж, орос ах нарын дэлгэрүүлснээр шүү дээ. Энэ үед хүнсний будгаар өнгө оруулсан зөөхийгөөр чимэглэсэн бялуу зонхилж байсан байна. Дэлгүүрийн лангуун дээр давс, гоймон, савангаас өөр зүйл байгаагүй 1990-ээд оны үед масло олохоо байсан хүмүүс шинэ жилийн бялуугаа зефирээр чимж байв.
Харин 2000 он гарснаар манай оронд сүүн крем орж ирсэн нь бялууны шинэ үеийг нээсэн хэрэг боллоо. Зах зээлийн энэ үед шинэ юм гэдэг тун амархан түгэн дэлгэрдэг хойно одоо цагт сүүн кремгүй бялууг эрж олно гэвэл хэцүү биз ээ. Өнөөдөр Монголын бялууны ертөнцөд Бат байгаль, Жүр-үр, Атар хишиг, Атар-Өргөө, Талх чихэр, Сибирский торт, Тэнгэрийн хишиг, Их мандал зэрэг үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж, та бидний баярын ширээг чимэх амтат бялууг төрөл бүрээр нь үйлдвэрлэж байна.
Баярын ширээний гол чимэг, амттаны дээд бялууг 24 жилийн туршид хийж байгаа, “Талх чихэр” хувьцаат компаний бялуу, нарийн боовны үйлдвэрийн мастер, технологич Ц. Бодьгэрэл зөвлөж байна.
– Бялуу хийнэ гэдэг их ур ухаан шаардсан ажил. Бялуунд арав гаруй нэр төрлийн түүхий эд ордог. Жимс, цөцгий, гурил, өндөг…гэх мэт. Хийхэд хамгийн чухал нь чимэглэл. Хүн бүр давтагдашгүй чимэглэл хийж чаддаггүй. Хэрэглэгчид бялуу авахдаа цаад үйлдвэрлэж байгаа нөхцөлийг нь маш сайн анхаарч үзэх хэрэгтэй. Бялуу гэдэг дахин боловсруулдаггүй бүтээгдэхүүн болохоор ямар үйлдвэрийнх, үйлдвэрлэсэн он, сар, өдрийн тухай мэдээллийг хайрцган дээрээс сайтар анзаарах нь чухал. Худалдаалагдаж байгаа бялуу лабораторийн шинжилгээгээр заавал орсон байх шаардлагатай. Харамсалтай нь манайд одоогоор дотроо лаборторийн шинжилгээ хийдэг үйлдвэр тун ховор.
gereg.mn