Британийн жүжигчин Эдди Редмэйн арван настайгаасаа кинонд тоглож эхэлжээ. Гэвч кино үйлдвэрийн эзэд түүнд 2012 онд “Les Miserables” киноны дараа л анхаарлаа хандуулж эхлэв. 2015 онд Эдди “Бүх зүйлийн онол” кинонд агуу физикч Стивен Хокингийн дүрээр “Оскар”-ын шагнал гардсан юм. Харин жилийн дараа дахин Америкийн кино академийн дээд шагналд “Данийн охин” киноны трансжендерийн дүрээр нэр дэвшсэн. Эгэл даруу, харахад турь муутай гэмээр энэ залуу орчин үеийн кино урлагт тод гялалзаж эхэлсэн юм. Эдди Редмэйний “Glamour” сэтгүүлд өгсөн ярилцлагыг буулгав.
-“Данийн охин” кино юуны тухай бүтээл вэ?
-Энэ бол Данийн зураач Эйнар Вегенерийн түүх. 1930-аад онд тэр хүйсээ солиулах мэс засалд орж, Лили Эльба болсон байдаг. Энэ киноны гол сэдэв нь Дэвид Эберсхофын роман дээр суурилсан. Гараад удаагүй байгаа роман л даа. Ном бол үйл явдлын баримтат бус хувилбар. Гэвч Хупер (“Данийн охин” киноны найруулагч) яг тодорхой зүйл дээр бус гол дүр Эйнар Вегенерийн ер бусын түүх, тэр болон түүний эхнэр Гердагийн хоорондох өөрсдийгөө золиосолсон хайр дээр ач холбогдол өгсөн.
Номонд нь гэр бүлийн хоёр нэг нэгнийхээ дэмжлэгтэйгээр өсөн дэвшиж байгааг өгүүлдэг. Эйнарын ачаар Герда агуу зураач болдог. Харин Эйнар зургаа орхиж, хувь хүнийхээ хувьд ч бүрэн өөрчлөгддөг. Кино маш сайхан болсон. Эхлээд үйл явдал Данийн уран зургийн ертөнцөд хойд хэсэгт өрнөдөг. Харин дараа нь ер бусын Парист өрнөнө. Том (Том Хупер) энэ үе, түүний гоо зүй, ёс хэмжээ, байр байдлыг маш сайн харуулсан.
-Том Хупер таны хувьд анхны найруулагч байсан байх аа?
-Тийм шүү. Миний кино урлаг дахь анхны ажил маань түүний “Елизабета I” кинон дахь Ризли гүнгийн дүр байсан. Томыг кинондоо намайг аваасай гэсэндээ би морь унаж чаддаг гэж худлаа хэлсэн юм. Харин зураг авалтын үеэр надад азарга авч ирэв. Би арай гэж түүн дээр мордлоо. Морь их хурдан давхисан. Би золтой л мөрөө хугалчихаагүй өнгөрсөн юм. Хупер энэ явдлыг дандаа дурсдаг. Магадгүй иймээс л тэр намайг “Les Miserables”-д дуулахыг урьсан байх. Тэр “Энэ Редмэйн морь унаж чадаж байгаа юм чинь дуулах нь түүнд асуудал биш байх” гэж бодоод шийдсэн байх л даа. Эхний үзэгдлүүдэд надад дуулах шаардлага байгаагүй нь сайн хэрэг болсон. Миний өмнөөс Хью Жекман гялалзаж байв.
-“Данийн охин” киноны гол дүрд хэрхэн бэлтгэсэн бэ?
-Бурхан гэж. Үүнийг хэлэхэд ичмээр ч юм шиг байна л даа. Би эхнэрийнхээ уруулын будгийг нууж аваад толины өмнө нууцаар уруулаа буддаг байсан. Гэлээ ч гэсэн эхнэр маань намайг харчихсан. Гэвч эхнэр маань миний ажлыг маш сайн ойлгож, мэдэрсэн.
-Дүрдээ орохын тулд транссексуал хүмүүстэй их уулзсан байх. Тэднээс юу сурсан бэ?
-Тэдний дунд орсон миний мэдлэггүй, самгардсан байдалд тэдний хэрхэн хандаж байгааг би мэдэрч байсан. Яваандаа тэдний мэдрэмжийг мэдэрдэг болсон доо. Тэдгээр хосууд бие биедээ ямар их хүндэтгэлтэй ханддагийг хараад би биширсэн. Тэд ямар их хайр, тэвчээрээр ойр дотныхондоо “шилжилтийн” үед нь тусалж байгааг харсан. Хамгийн гол нь би хүйс болон дур булаам байдал гэдэг ойлголт яг л насны нэгэн адил харилцан хамаатай байдаг гэдгийг ойлгосон.
-Энэ хүртэл та эрэгтэй хүний дүр бүтээж байсан. Одоо та бүсгүйчүүдийн дүрийг бүтээж байна. Кино шүүмжлэгчид дараагийн “Оскар”-ыг танд яалтчгүй шилдэг эмэгтэй дүрээр өгнө гэж хошигнож байна…
-Төсөөлж байна уу. Надад тэгэхээр одоо боломж хоёр дахин нэмэгджээ! Жүжигчин хүний хувьд эрэлт ихтэй байх нь маш сайхан зүйл. Үүнээс гадна юу хамгийн гайхамшигтай байдаг гээч. Гэртээ буйдан дээр суугаад дүр хүлээгээд байж байх нь уу, эсвэл камерын өмнө зогсож байх нь уу. Би залуугийн дүр бүтээж байна уу, хүүхний дүр бүтээж байна уу ямар ялгаа байна. Гол нь би дүр бүтээж байна. Жүжигчид их эрт ажилгүй болдог юм.
Ер нь бол би эмэгтэйчүүдийн дүр бүтээхээс айдаггүй. Энэ хүрээнд надад том туршлага байна. Би хөвгүүдийн коллежид сурдаг байсан ч манай сонирхогчдын театрт охидын дүр дандаа над дээр ирдэг байв. Надад энэ их нөлөөлсөн.
-Эмэгтэй хүний дүр бүтээж байгаа танаас гоо сайхны нууцыг тань асуумаар байна?
-Угаалгын өрөөнд маань дутуу хэрэглээд орхисон чийгшүүлэгч тосны савнууд байдаг болж. Хаяхаа мартчихсан байдаг юм. Үнэнээ хэлвэл миний тогтмол ашигладаг гоо сайхны ганц арга нь сахал хуссаны дараа хэрэглэдэг тос, нарнаас хамгаалах лосьон юм даа. Би их сэвхтэй. Нарнаас болгоомжлох хэрэгтэй байдаг.
-Жүжиглэх нь айдсаа даван туулахад тусалдаг гэдэг үнэн үү?
-Жүжигчин хүн үргэлж дутагдлаасаа эмээж байдаг. Дүрдээ бэлдэж байх үед намайг ч энэ асуудал зовоодог юм. Тухайлбал, би тийм, Лили Эльба шиг алдартай хүний дүрийг бүтээж байхдаа үзэгчдийн өмнө хариуцлага хүлээсэндээ айдаг. Эсвэл уг бүтээл өндөр төсвөөр бүтэж байгаа тохиолдолд зарлагаа нөхөж чадахгүй байх вий гэж зовнидог. Гэвч камер асах үед бүх айдас ард үлддэг дээ. Тэгээд зөвхөн зураг авалтдаа уусчихсан байдаг. Ямар ч худал зүйл камерын өмнө үнэн болдог. Жүжигчин хүний хувьд камер бол яг л худал илрүүлэгч гэсэн үг.
-Леонардо ДиКаприо хэд хэдэн удаа “Оскар”-т нэр дэшвшсэн. Гэвч одоогоор амжилтгүй байна. Харин таны хувьд эхний удаад л амжилт олсон. Энэ удаад Леогоос шагналыг нь булаах гэж байна уу?
-Үүнийг л биш шүү. Леонардо ДиКаприо баавгайтай тулалдаж, биеэ гаргуунд нь гаргаж, морин дээр унтсан гэдгийг санах хэрэгтэй. Тэр энэ шагналыг хүртэх эрхтэй. Хэн нэгэн нь Академид Леонардо ДиКаприод “Оскар” өг гэж хэлдэг ч болоосой. Ер нь бол шагнал авахад дандаа таатай байдаг л даа. Гэвч миний хувьд шагнал тэргүүлэх ач холбогдолтой зүйл биш.
-Юу тэргүүлэх ач холбогдолтой гэж?
-Ач холбогдол гэдэг бол миний хувьд бусад энгийн хүмүүсийн л адил. Байрныхаа мөнгийг төлөөд, эхнэртээ санаа тавиад, дараагийн дүрээ хүлээж авах нь миний хувьд ач холбогдолтой зүйл. “Данийн охин” кинон дээр ажиллаж байх үед миний хувьд хамгийн гол зүйл энэ бүтээл минь байсан. Намайг Лос-Анжелесд “Оскар” гардуулах ёслолд хүрэлцэн ирээч гэж хэлсэн. Тэгээд хоёр нойргүй шөнийн дараа би зураг авалт дээрээ эргэж ирж байлаа.
-Амрах цаг байдаг уу?
-Нэг киноныхаа ажлыг дуусгаад өөр киноны зураг авалт эхлээгүй байх үед завсар гардаг. Энэ үеийг би гэртээ өнгөрөөх дуртай. Төгөлдөр хуур тоглоод л. “Данийн охин” киноны дараа би эргэн уран зураг сонирхох болсон.
-Мода, сэтгэл татах байдал хоёр танд бас хол ойлголт биш байх. “Burberry”-гийн рекламанд Кара Делевинтэй орсон явдлыг санавал?
-Миний моделийн карьер тийм ч их гайхалтай бус эхэлсэн. Их сургуульд сурч байхад намайг нэг агентлаг олж хараад зураг авалтад урьсан юм. Миний зургууд оёдлын сэтгүүлд нийтлэгдсэн. Тэтгэврийнхэн л уншдаг сэтгүүл байсан л даа. Харин “Burberry”-гийн гүйцэтгэх захирал Кристофер Бейлитэй танилцсаны дараа миний моделийн карьер өөр түвшинд хүрсэн юм. Гэвч мода гэгчийг би урьдын адил муу мэднэ. Стилийн хувьд бол “Burberry”-гийн стилистэд итгэсэн.
ОРЧУУЛГЫГ О.ЧАНЦАЛДУЛАМ