Эмэгтэй хүн эрчүүдийг анхны харцаар хараад 3 секундын дотор шинжиж амждаг. Энэ 3 секундын дотор эрэгтэй хүний гутал, хувцаслалт, үс, царай гээд бүгдийг маш хурдан шинжээд харьцах үгүйгээ шийддэг. Харин залуус охидыг анхны харцаар хэрхэн дүгнэдэг юм бол?
– Үерхдэг охиныхоо надад үнэнч байдал, бас намайг гэсэн сэтгэлийг нь би биширдэг. Эмэгтэй хүн үнэнч байх тусам үнэ цэнэтэй. /Тэ.18 нас/
– Би тийм ч их олон охидтой харьцаад байдаггүй л дээ. Гэхдээ надад таалагдах охин бол бусадтай зөв сайхан харьцчихдаг бас байгаа байдал нь нүдэнд дулаахан тийм охин. /Ца. 19 нас/
– Охидыг шууд шинжээд дүгнэлт хийж чаддаггүй. Эмэгтэй хүнд дурлана гэдэг дотоод хүнд нь дурлана гэсэн үг. Тийм болохоор надад царай зүс гэлтгүй сэтгэл нь илүү чухал санагддаг./Н.20 нас/
– Хамгийн түрүүнд эмэгтэй хүний гарыг нь хардаг. Дараа нь ярилцаж үзээд сэтгэлийг нь мэдчихдэг. Ер нь тэгээд эр хүнийг зовлонд унахад нь хаяд явахгүй түшиж үлддэг, хайртай хүндээ үнэнч эмэгтэй үнэ цэнэтэй. /Зо. 20 нас/
– Би охидыг их олон зүйлээр үнэлдэг. Төрх, зан чанар, бие, биеэ авч явах байдал гээд л. Сайхан амттай хоол хийдэг эмэгтэйд дургүй эр хүн гэж байхгүй. Тиймээс хөөрхөн, ухаантай, эгдүүтэй, хоол сайн хийдэг, надад тохирсон эмэгтэй хамгийн сайхан нь миний хувьд. /Мө. 21 нас/
– Миний хувьд эмэгтэй хүн улаан гашуун жимс шиг л санагддаг. Гаднаасаа харахад улаан сайхан ч амтлаад үзэхэд гашуун. Монгол эмэгтэйчүүд маань хэтэрхий үнэтэй болох гээд байдаг юм шиг. Магадгүй би өөрт таарах бүсгүйгээ олоогүй болохоор ингэж боддог байх л даа. /Тэ.21 нас/
– Миний бодлоор эмэгтэй хүн өөрийн гэсэн үнэ цэнэтэй байх ёстой юм шиг санагддаг. Бас бусадтай хэрхэн харьцаж байгаа, биеэ авч явах чадвар нь чухал. /Тө.23 нас/
– Эмэгтэйчүүдийг би үнэлэхдээ олон зүйл хардаг ч биеэ авч яваа байдлаар нь үнэлдэг. Бас намайг ойлгодог, шаналаж зовоход хажууд байж түшиг болдог. Хамгийн гол нь сэтгэл юм даа. /Са.29 нас/