Бүсгүй танд хуримын тань чимэг болох гоёмсог санаануудыг хуваалцъя. Хуримандаа нэмэрлээрэй. Цагийг нь тулгаж сандарч гүйхгүйн тулд одооноос бэлдээрэй.
1. Хуримын зураг
Хуримнаасаа дор хаяж сарын өмнө (үүнээс эрт байж болно) хуримын зургаа татуулаарай. Хэрэв та хавар, зун, намрын налгар сайхан дулаахан цагт хуримын зургаа татуулахаар бол Тэрэлж, сонгины гүүр, нүхтийн ой мод, хотоос холгүй байх хээр тал таны зургийг гайхалтай үзэсгэлэнтэй болгож чадна. Өвөл хийх гэж байгаа бол санаагаар унасны хэрэггүй. Үнэхээр гоё зураг авдаг хуримын студиуд зөндөө бий.
2. Анонс буюу том зураг
Та хайрттайгаа, хөөрхөн үртэйгээ авахуулсан хуримын зургаараа ресторанаа чимэглэж болно. Ямар гоё харагддаг гээч. Хэд хэдэн янзаар тавьж болно.
– Томхон хэмжээтэй хэвлээд зочид угтах хэсэгт тавих,
– Том, жижиг, дунд янз бүрийн хэмжээтэй хэвлээд ресторан буюу хурим болох газрынхаас таазнаас унжуулан өлгөх,
– Мөн адил хэвлээд нааж чимэглэх.
3. Машин чимэглэл
Хэрэв та 2 өөрсдийн дуртай, дурсгалтай чихмэл тоглоом байдаг бол түүгээрээ машинаа хөөрхөн чимэглээрэй. Гол нь өөрсдийн юмаар чимэглэж байгаа болохоор 1, 2 хоногийн өмнө чимэглээд найдвартай газар тавихад гэмгүй. Хэрвээ хуримын ордноос чихмэл бамбарууш, өнгийн тууз, шаар авч чимэглэхээр бол өмнөх өдөр нь аваарай. Хуримын чухал өдрөө яарч сандарч чимэглэсэн машин тийм ч гоё харагдахгүй л байх шүү.
4. Гарын цэцэг, энгэрийн гоёл
Сүйт бүсгүй та гартаа барих цэцгээ одооноос бодож байна уу? Хэрэв танд хангалттай цаг зав байгаа бол баглаа цэцгээ өөрөө хийхийг зөвлөж байна. Дурсгалтай, бас сэтгэл ханамж 100%. Бяцхан охинтойгоо хословол бүр догь. Мөн нөхрийнхөө энгэрийн цэцэг, чимэг зүүлтийг нь өөрөө урлаарай. Хэрхэн хийх талаар бид дараагийн нийтлэлүүдээрээ хүргэх болно.
5. Дурсгалын үг
Ирсэн зочдоос авах хамгийн үнэтэй гоё бэлэг бол тэдний чин сэтгэлээсээ бичсэн дурсгалын сайхан үгс юм. Тиймээс өөрсдийн зурагтай гоёмсог дэвтрийг зочдын ширээгээр аялуулаарай. Эсвэл ватум цаасыг чимэглэж, жаазлаад хурим эхлэхийн өмнө зочдыг халуун виногоор дайлангаа дурсгалын үгс бичүүлж болно.
6. Гэнэтийн бэлэг
Энэ гайхалтай өдөр хайртдаа гэнэтийн бэлэг барьвал тэр хэзээ ч мартахгүй. Би эмэгтэй юм чинь гэж битгий хойш суугаарай. Гоё дуулдаг бол дуртай дууг нь, бүжиглэдэг бол бүжиг, зурдаг бол гоё утга агуулгатай уран зураг г.м өөрийн сэтгэлээ оролцуулсан зүйлсээр гэнэтийн бэлэг бариарай. Ганцаараа гэж санаа зовох хэрэггүй. Найзууд тань туслах болно. Мөн хайртынхаа гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүсээр нь мэндчилгээ, сэтгэлийн үгс хэлүүлсэн видеог бэлдэж ч болно.
7. Bestman & Bridesmaid
Бид ивээл жилтэй, сайн сайхан амьдарч буй сайхан бүсгүйчүүдийг сонгон бэргэнээ болгож, ариун хайрынхаа гэрч болгодог уламжлалтай билээ. Харин орчин үед дотны найз нараа гэрч болгодог мода дэлгэрсэн бөгөөд энэ таны л сонголт юм. Гэхдээ адилхан хувцастай хөөрхөн охидууд, сайхан залуучууд таны хуримыг гайхалтай чимнэ шүү. Мөн таны хуримын мундаг туслагч нар байх болно.
8. Бэлэг
Та хоёрыг төрүүлж өсгөн, энэ хорвоод учруулсан ачлалт аав ээжүүдийгээ яасан ч мартаж болохгүй. Тиймээс тэдэндээ чин сэтгэлийнхээ халуун үгсийг хэлж сэтгэлийн бэлгээ өгөөрэй.
9. Хуримын дараа…
Ресторанд орсноор хуримын хамгийн гол үйл ажиллагаа эхэлдэг. Бүх зүйлс нүд ирмэхийн зуур өнгөрч хурим дуусах болоход ийм сайхан өдрийг хурдан дуусгачихмааргүй санагддаг. Тиймээс After Party-ндаа бэлдээрэй. Найзуудтайгаа гоёмсог байшин түрээслээд хотоос холгүй гарч амарч зугаалж болно. Мөн дажгүй газарт ширээ захиалаад үргэлжлүүлж болно.