Найзынхаа нөхөрт нүд унагасныг уучилж болох ч, хорвоо ертөнцөөс одсоных нь дараа нөхөртэй нь сууна гэдэг байж болшгүй зүйл.
Дөлгөөн өөрийгөө ийнхүү буруутгана. Дөрвөн настай бяцхан хүү Дөлгөөний энгэрт тав тухтай нойрсоно. Энэ бол түүний хүү биш, тэнгэрт хальсан найз, шинэ амраг Эрдэнээ хоёрын гал халуун хайр дурлалын бодит гэрч болсон хүү.
Санасныг бодвол хойд ээждээ хурдан дасч байгаа сайн хүү гэсэн шиг Дөлгөөн харцаа зөөллөж хүүг ширтэнгээ духан дээр нь үнсэнэ.
“Сарааг чи алсан, Сараа чамаас болж хорвоог орхисон” гэж хэн ч түүнийг буруутгахгүй ч, найз Сараагийнхаа үхэлд Дөлгөөн өөрийгөө үргэлж буруутгаж, миний харамсах сэтгэл, миний шуналын үр дүнд тэр минь одож, бид ийм байдалд хүрсэн гэж бодохоос бүх зүйлийг орхиод зугтмаар, сэтгэлд нь нэг л сэвтэй.
Шөнө дунд хар дарж, хамаг хөлс нь гоожиж, бие нь хөшиж эргэж унтмааргүй, эс бөгөөс үүрд унтмаар болж ер бусын айдас биеийг эзэмдэж , яаж амар амгалан болохоо мэдэхгүй тарчилна.
Дөлгөөн тээр жил 18 настайдаа анх удаа нэгэн хөвгүүнд сайн болж, хайр дурлал гэгчийн зах зухаас нь амсаж байжээ. Түүний дурласан хөвгүүн ч Дөлгөөнд зүгээргүй нь мэдэгдэж үе үе харц шидэх нь Дөлгөөнийг улам ч илүү баяр баясалд умбуулж, бие биедээ сайн хүмүүс хэзээд нийлнэ гэсэн гэгээлэг бодол тээн, түүний энгэрт эрхлэн байна, хуримын ордонд гэрлэж байна, хүүхдийг нь төрүүлээд баярлуулж байна гээд бодлоороо бол аль хэдийнж амьдрал зохиочихсон байв. Ингэж явсаар хэдэн сар Дөлгөөн дурлал улам л бадамласаар. Энэ их хайрыг хэн нэгэнтэй хуваалцмаар санагдаж өөрийн хамгийн сайн найз болох Сараа дээр очиж дурлалынхаа талаар ярилаа.
Сараа их л гайхан :
-Манай чулуун зүрхтэнг хэн ингэж уяраав аа? Би таних уу? гэж шалгаана.
-Чи танина, гэхдээ одоо нэрийг нь хэлэхэд арай л эрт байна гээд өнгөрөөв.
Хэд хоногийн дараа түүний дурлалын эзнээс:
мессежийг аваад тэр доороо гүйгээд очмоор байсан ч эмэгтэй хүний бардам зан гаргаж,
-“Энэ удаад завгүй, дараа зав гаргая гэж бичээд явуулчихав.
Дөлгөөн маргааш өглөө нь энэ сайхан мэдээгээ Сараад дуулгахаар гүйх шахам тэднийд ортол Сараа түүнээс өрсөн :
-Найз нь их сонинтой. Нөгөө ангийн Эрдэнээ үерхэе гэж надаас гуйсан. Өчигдөр орой байрны гадаа зөндөө юм ярьсан. Чамайг хань татаад хамтдаа ирье гэсэн чинь завгүй гэсэн гээд ганцаараа ирсэн хэмээн пал хийтэл хэлээд,
Тэр дажгүй хөвгүүн тийм үү? гэж Эрдэнээгийн талаар ихэд шалгаав.
Цочирдож балмагдсан Дөлгөөн:
-Дажгүй байх аа. Би сайн мэдэхгүй байна. Найз нь явлаа. Ээж мессеж бичээд байна гээд хүчээр инээмсэглэснээ гарч одов. Сараа хойноос нь: -Найз аа. Нөгөө хөвгүүнийхээ нэрийг хэлэхгүй юм уу? гэж хашиграхад :
-Тэр надад таалагдахаа больсоон гээд гараа савчив. Энэ өдөр Дөлгөөний хувьд их хүнд байлаа. Хүнээ таньж дурлаагүй зүрх сэтгэлдээ буруу өгсөн үү? Зөөлөн дулаан харц илгээчихээд зөрөөд явсан Эрдэнээд буруу өгсөн үү, олон хайртай учирсан хэрнээ олж авсан хайрыг нь булааж байгаа Сараа найздаа буруу өгсөн үү. Ямар ч байсан хэн нэгэнд их л гомдож, өдөржин л уйлсан юмдаг.
Хоног хугацаа өнгөрч Эрдэнээ, Сараа хоёр улам илүү дотноссоор … Дөлгөөний сэтгэл ч Эрдэнээ рүү улам бүр тэмүүлсээр…Тэр гурав кино үзэж, хоолонд орж, гадуур алхаж, ихэнхдээ л цуг байна. Хайртай залуугаа дотны найздаа алдчихаад мартъя гэвч мартаж чадахгүй, сэтгэлээ нээе гэвч нээж чадахгүй тэр л хөндүүр шаналал, зовинолоо зүрхэндээ тээж, дотроо бэтгэрч гаднаа инээж, яах учраа олохгүй явахын зовлон даанч их.
Нэг л өдөр Сараа биш, чи л миний хань болох хүн гэж хэлэх байх гэсэн бүтэлгүй горьдлого тээж явтал тэдний хуримын урилга Дөлгөөний гарт нь ирлээ.
Дөлгөөн боломжийн сайхан залуутай найзалж амьдралаа зохиох гэж хичээсэн ч бүтэлгүйтэв. Найзынхаа нөхрийг одоо болтол өөр нүдээр хардаг гэдгийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй. Хайртай залуу нь сайхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй болж, боломжийн амьдарч байгааг харахдаа Дөлгөөн баярладаг ч зүрх нь цаанаа л нэг гунигтай. Дөлгөөн энэ гунигийг мэдэгдэхийг үл хүснэ. Гэвч яг энэ үед Сарааг осолд орлоо гэсэн цочирдом мэдээ гэнэтхэн ирэв.
Дөлгөөн энэ мэдээг сонсоод эмнэлэг рүү яарав. Сараагийн бие их муу байлаа
Тэрээр:
-Намайг яваад өгвөл хүү, хань хоёрыг минь өөрийнхөө гэр бүл мэт хайрлаж яваарай. Хүүг минь чи л ойлгоно гэж Дөлгөөнд арайхийн хэлж амжаад өөд болов.
Энэ явдлаас хойш Дөлгөөн үргэлж өөрийгөө буруутгаж, миний харууслаас болж тэр минь явсан, хэрэв би байгаагүй бол ийм юм болохгүй байсан гэж дотроо шаналах боллоо.
“Би ингэнэ гэж бодоогүй, ингэхийг ч хүсээгүй” гэж тэрээр уучлалт гуйж, үдэш болгон залбирдаг болов.
Ийнхүү Эрдэнээ, хүү хоёр дээр ирэлгүй хоёр жил ганцаараа байсаар Эрдэнээг гуйхаар нь ирчихээд шаналж суугаа нь энэ.
Найзынхаа өмнө нүгэл хийж ,эзгүйрсэн орон зайг нь эзлэх хэцүү, хайртай хүнээсээ ангид хэцүү шаналж байтал нэгэн шөнө Сараа зүүдэнд нь ирэв.
Тэрээр:
-Найз минь өөрийгөө бүү буруутга. Бүх зүйл бурханы хүслээр болдог. Санамсаргүй зүйл гэж байхгүй. Ингэх учиртай болоод л ийм юм болсон. Би чамайг нөхөрт минь хайртай гэж мэдээгүй байсан. Гэхдээ би чамайг уучилсан. Энэ хоёроо чамд үлдээсэн болохоор би амар тайван байгаа гэж хэлээд дахин Дөлгөөний зүүдэнд ирээгүй юм. Хожим сонсвол Сараа явахаасаа өмнө хүүг минь Дөлгөөнтэй ойр байлгаарай. Тэр л сайн ээж болж чадна, чамд ч хань болно гэж Эрдэнээд бас захисан байж билээ.
Зохиолч Л.Мөнхчимэгийн “Зүрхэн хэлбэрт үүл” номноос