УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар тогтоосон ч улс төрийн намууд хуулиа мөрдсөнгүй. Квотоор УИХ-ын сонгуульд сойх 76 нэр дэвшигчийн 15 нь эмэгтэйчүүдээс бүрдэх байсан ч 50 хувь ч хүрэхгүй нь.
Ардчилсан намын анхан шатанд болж өнгөрсөн сунгаагаар Дархан-Уул, Завхан, Хөвсгөл аймгаас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс тус бүр нэг эмэгтэй нэр дэвшигч сонгогдон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар батламжуулах болж байгаа нь 50 хувьдаа ч хүрэхгүй үзүүлэлт юм. Хуулиа мөрдье, эмэгтэйчүүдээ УИХ-д оруулж ирье гэсэн хүсэл тэмүүлэл байсан бол анхан шатны сунгаандаа ядаж л 15 эмэгтэй нэр дэвшүүлж болох л байсан. Энэ тохиолдолд анхны шалгуурыг давж гарч ирэх эсэх нь хувь улстөрчийн өөрийнх нь тоглолт юм.
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам өчигдөр нэр дэвшигчээ тодруулахад 6 мандатын төлөө найман нэр дэвшигч өрсөлдөхөд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг унаж, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг үлдэн, УИХ-ын сонгуульд өрсөлдөх мандатыг авч чадлаа. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас нь “Алтан гадас”-ын хүн гэж хараад унагачихгүй бол хоёр эмэгтэй нэр дэвшигчийн нэг нь тэрхүү ширүүн өрсөлдөөн дундаас гараад л ирж байна. Ийм л боломжийг нам нь олгох ёстой юм. Гэвч тойрог бүрт тийм боломжийг эмэгтэй нэр дэвшигчид олгосонгүй.
Одоо эмэгтэй нэр дэвшигчийн өмнө тулгарах бас нэг том даваа нь хүчтэй эрэгтэй улстөрчидтэй тулгана. Зүгээр л өгөөш болгоод “шидчихдэг” бичигдээгүй дүрэмтэй. Пропорциональ тогтолцоогүй болсон учраас түүнийгээ сурмаг ашиглана, харж л байгаарай. Ямар аргатайдаа л Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа Ховдод нэр дэвших тойрог горилж явна гэж дуулдах билээ. Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан тэрбээр дүүрэгтээ УИХ-ын сонгуульд өрсөлдөх бодол байсан ч нам нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын эсрэг тавихаар шатар нүүлгэсэн нь төрсөн нутаг руугаа зүтгэсэн хэрэг. Ийм том лидертэй өрсөлдсөнөөс нэр дэвшээгүй нь дээр л дээ.
МАН Хан-Уул дүүрэгт сойх нэр дэвшигчдийнхээ дунд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг квотынх нь зарчмыг бодож оруулж ирнэ гэх ч мөн л эрэгтэй улстөрчидтэй тулгана гэх “бор шувуу” нисээд эхэлсэн. Тулах нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн Л.Болд уу, Г.Батхүү юу мэдэхгүй.
Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас тус тойрогт өрсөлдөхөөр “виз”-ээ авсан УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа МАН-аас өрсөлдөх эрэгтэй улстөрчидтэй тулна. Иймэрхүү технологиор эмэгтэй нэр дэвшигчдийг шат, шатанд нь буулгаж авах тактик ашиглагдах шинжтэй байна.
Уг нь дээрх тойрогт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өрсөлдөн ялалт байгуулах бүрэн боломжтой байсан ч Хөвсгөл рүү “цөллөө”.
2012 оны УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн Л.Болдын хамтаар нэр дэвшин УИХ-д сонгогдож, дөрвөн жилийн турш Хан-Уулд ажилласан түүнийг Хөвсгөл рүү явуулсан нь торгуулийн сумангийн нэр дэвшигч болгон хувиргасан хэрэг юм. Эл тойрогт МАН хамгийн хүчтэй, харин Ардчилсан намын хүч сул явсаар ирсэн. Шалтгаан нь Хөвсгөл аймгийн Ардчилсан намыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай удирдаж байх үеэс дотроо хоёр хуваагдсан. Энэ үеэс Ардчилсан намын нэр хүнд тус аймагт ч унасан байдаг. Удирдлагыг нь Ч.Батцогтоор сольсон ч уур амьсгал дээрдээгүй.
Ийм тойрог руу зүрхэлж явах нэр дэвшигч Ардчилсан намаас олдохгүй болонгуут төрсөн нутагтаа оч гээд тушаал өгч байна. Харахад арын хаалгадаад шахам нэр дэвших мандат авсан мэт харагдах ч цаагуураа хамгийн “шаанс”-тай тойргоо булаалгачихаад явж байгаа нэр дэвшигч юм шүү дээ, Ц.Оюунгэрэл гишүүний хувьд. Товчхоноор тайлбарлавал энэ удаагийн УИХ-ын сонгууль нь эмэгтэй нэр дэвшигчдэд хатуу болзол тулгасан, ялж болохгүй сонгууль болох шинжтэй байна.