Алдар, нэртэй хүмүүст камерын дурангаас зайлах боломж бараг байхгүй. Хиймэл дагуулаас авсан Холливудын хамгийн алдартай хос Брэд Питт, Анжелина Жоли нарын хуримын зураг үүний нэг нотолгоо. Гэвч харж буй зүйлдээ итгэхээс өмнө түр хүлээ. Папарацци мэт харагдаж буй эдгээр зурагнууд үнэн хэрэгтээ Алисон Жексон гэгч гэрэл зурагчны уран сайхны зурагнууд гэнэ. Алисон Их Британийн хунтайж Вилльямын хуримын өмнө уран сайхны аргаар дарсан зурагнуудаар тэр сүр дуулиантай хуримын төсөөллийг олонд хүргэж байсан юм. Холливудын хамгийн сайхан хос Брэд Питт, Анжелина Жоли нарын хуримын цууг сонссон Алисон энэ удаа ч мөн сүр дуулиантай хуримын талаарх төсөөллийг ийнхүү гаргажээ. Гэрэл зурагчин бүсгүй Холливудын А зэрэглэлийн жүжигчидтэй тун адилхан жүжигчдийг олж, уран сайхны зураг авалтдаа оролцуулсан байна. Алисоны хөлсөлсөн жүжигчид Брэд Питт, Анжелина Жоли нарын нүүрний хөдөлгөөн, биеэ авч явах байдал зэргийг яг дуурайсан бөгөөд улаан хивсний ёслол дээр тэдний гаргадаг аашийг ч харуулж байсан гэнэ. Брэд Питт, Анжелина Жоли нар АНУ-д ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөхөөс нааш хуримлахгүй гэж удаан хойшлуулсан билээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрч, АНУ-ын олон мужид үүнийг хуулиар зөвшөөрч эхэлсэн тул хос хоёр хуримлахаар шийдсэн аж. Брэд Питт, Анжелина Жоли нар хуримандаа 100 сая ам.доллар зарцуулах гэж буй талаар хэвлэлүүд шуугиж байна. Н.Рэй