Хэдхэн өдрийн дараа Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Тус өдөр хүүхдийн эрхийг хамгаалсан олон үйл ажиллагаа зохион байгуулдаг юм.
Тэгвэл Монгол Улсын Гавъяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг хүүхдэд зориулсан хандивын тоглолтыг жил бүр хийдэг билээ. Энэхүү тоглолтын ашиг хүүхдийн эрүүл мэндийн төлөө зориулагдах юм. Өнгөрсөн жилийн тоглолтын ашгийг “Эх нялхсын” төв эмнэлэгт амьсгалын замын өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зориулсан аппарат авч өгсөн бөгөөд олон хүүхдэд амьдрах итгэл бэлэглэсэн юм.
Энэ жилийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хүүхдийн сувилал барихаар төлөвлөж байгаа гэнэ. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог түүний бас нэгэн сэтгэлийн бэлэг нь энэ юм.